Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхэд Сангийн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга байх шаардлагатай тул хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон олонхи гишүүн дэмжсэн юм.

Мөн уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ч хойшилсон юм.

Гэхдээ тус байнгын хороо Тэтгэврийн нэрийн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганд оруулахаар болов.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай , Аудитын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж