УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн хүрээнд дөрвөн төрлийн татварын асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, архи, тамхины жижиглэнгийн худалдаа бүрээс татвар авна, гурав дахь орон сууцнаас татвар авна, малын хөлийн татвар ногдуулна. Малын хөлийн татвар нь 50-500 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Мөн баар цэнгээний газар, зочид буудал, ресторанаас үйлчилгээ үзүүлсний татвар авахаар УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг санал оруулж ирсэн байлаа.
Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт УИХ-д мэдээлэл хийх үеэрээ татвар нэмэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Гэтэл УИХ татвар нэмэх тухай асуудал хөндөж байгаа нь болж байгаа юм уу. Эдийн засаг хямарчихсан үед наад татварыг чинь төлөх тэнхээтэй хүн байх юм уу. Архи, тамхины борлуулалт бүрээс татвар авна гэж байна, яг ямар аргаар цуглуулж авах юм. Эцэстээ баахан иргэнийг татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар барьж хорих цагдах юм болж хувирвал яах вэ. Үүнд холбогдох газрууд хариулт өг” гэв.
Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтны хариултаар бол архи, тамхины татварыг цуглуулж авахад хүндрэл учирах юм байна. Хүн хүчний хэрэгцээ ч шаардах аж.
Харин тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягийн тайлбараар бол дэлгүүрүүд касстай тул тасалбараар нь хөөж үзээд татвараа авчих бололтой юм.
Ингээд санал хураалт үргэлжилж, эцсийн шатанд малын хөлийн татвартай холбоотой санал хураах шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар картаа сугалснаар ирц хуульд заасан хэмжээнд буюу 50 хувьд хүрэхгүй болж, байнгын хороо цааш хуралдах боломжгүй болсон юм.
Байнгын хорооны дарга Б.Болор, Ч.Хүрэлбаатар гишүүнийг картаа дахин хийхийг хүссэн юм. Гэвч тэрээр “Наадах нүгэлтэй юманд чинь оролцохгүй” гэсэн тайлбар хийж байлаа. Хуралдаан зохион байгуулагчид гишүүний эрэлд мордож, зарим нэг нь Я.Санжмятав гишүүнийг ирүүлбэл болох нь хэмээн ярилцаж, мөн Р.Амаржаргал гишүүн гараар саналаа тоолж болдоггүй юм уу гэж санал гаргасан ч Ч.Хүрэлбаатар гишүүн “Дэгийн хуулиа бариарай” гэснээр хуралдааныг хойшлуулахаас аргагүй болж тус байнгын хороо хуралдаанаа өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ