Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар нар хэлэлцэхийг дэмжсэн бол М.Энхболд, С.Дэмбэрэл, М.Энхболд нарын гишүүд дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Тогтоолоо батлах нь зөв. Засгийн газрын хөтөлбөрт багтсан ажлууд 100 хувь биелэхгүй байж болно. та бүхэн одоо мөнгө цаас байхгүй юм байна гэдгээ ойлгож байна. Тэгэхээр хэрэгжих боломжтой, боломжгүй ажлуудаа зааглаад УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. МАН-ынхан Засгийн газрын ажилд хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. Явж явж хариуцлагыг АН үүрнэ шүү. МАН-ынхан та нар хөтөлбөрийг эрчимжүүлэх мөнгөгүй гэж юу яриад байгаа юм. Ийм шалтагаар Засгийн газрын ажлыг зогсоож болохгүй. Та нар яах гэж олон толгой нийлүүлж, хоёр нам нийлээд алаад өгнө гэсэн юм. Юм ярихаараа л хоёр толгой, мөнгө ярьцгаах юм. Хэрэгжих боломжгүй гэж хэн хэлээд байгаа юм. Үнэхээр хэрэгжих боломжгүй бол тэр асуудлаа УИХ-д оруулж ирээч. Хийвэл гялалзуулаад хийчихээс, чадахгүй бол боль.
УИХ-ын гишүүн М.Энхболд: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах үед нөхцөл байдал ямар байсныг эргэж харах ёстой. Тэр үед улс оронд бүтээн байгуулах боломжтой, иргэдийн аж амьдралыг өөд нь татах хөрөнгө санхүүгийн бололцоо харьцангуй гайгүй байсан. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр жилд нааштай үр дүн гарах ажил хийгдээгүй. Жишээ нь үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, валютын ханшийг бараг 2000 төгрөгт хүргэсэн. Цөөн хэдэн компанид бага хүүтэй зээл олгосон. Гадаад өрийн хэмжээ хэд дахин өссөн, улс орон өрийн дарамтанд орсон байдалтай байна. Төсвийн зардлыг бууруулна гэсэн ч төрийн албан хаагчид нь 3000-аар нэмэгдсэн. Мөрийн хөтөлбөрийг батлах үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулбал ялгаа байна. Тиймээс мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрчимжүүлэх тогтоол гаргах бус эдийн засгийг эрчимжүүлэх, дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Засгийн газры тухай хуулийн 8.1-т Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Өнөөдрийн хэлэлцэж байгаа тогтоол бол Засгийн газрын үйл ажиллагааны зорилго чиглэлийг тодорхойлсон, заавал хэрэгжүүлэх эрхзүйн баримт бичиг гэдэг нь тодорхой харагдаж байна. 2012 есдүгээр сарын 18-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар энэхүү хөтөлбөрийг баталсан байдаг. Энэхүү тогтоолыг батлахад 57 гишүүн оролцсоноос 43 дэмжиж, 14 нь татгалзсан. Дэмжсэн гишүүдээс 11 нь МАН-ын гишүүд байна. Ингээд харвал Засгийн газрын мөрийн хөтөлбөр зайлшгүй 4 жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Яаж ч үгүйсгээд нэмэргүй, хуулийн гаргалгаатай учир тогтоолын төслөө батлаад явах нь зөв.
Гишүүд ийнхүү саналаа хэлсний дараа санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь татгалзсанаар тогтоолын төсөл дэмжлэг авч чадсангүй.
С.ОТГОН