АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх тавдугаар сарын сүүлээр Япон улсад албан ёсны айлчлал хийх тов гараад байгаа билээ. Тэгвэл энэхүү айлчлалын үеэр Трамп сүмо бөхийн тэмцээнийг үзэж, түрүү бөхөд цом гардуулах сонирхолтой байгаа аж. Тодруулбал, Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё тавдугаар сарын 12-26-ны өдрүүдэд Токио хотод болох юм. Трамп тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг үзэж, түрүүлсэн бөхөд шагнал гардуулах сонирхол байгаа аж. Гэхдээ түүнийг шагнал гардуулах уу гэдэг янз бүрийн хувилбар яригдаж байгаа талаар https://headlines.yahoo.co.jp сайтад мэдээлжээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнийг дэлхийн алдартнууд зорин очиж үздэг уламжлал бий. Францын ерөнхийлагч асан Ж.Ширак Асашёорюү Д.Дагвадоржийн фэн болж, сүмогийн тэмцээнийг хэд хэдэн удаа үзэж байсан бол Английн Хунтай Чарльз, Холливудын жүжигчин Уилл Смит, Чарьлз Терон, Том Круз, Канадын алдарт дуучин Селин Дион, БНСУ-ын жүжигчин И Бюн Хун зэрэг урлаг, соёл, спортын алдартнууд зорин очиж аваргуудтай зургаа татуулдаг. Хамгийн сүүлд хөлбөмбөгийн дэлхийн аварга, Германы шигшээ багийн довтлогч асан Лукас Подольски өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнийг Осака хотод үзэж сонирхсон билээ. Тэрбээр их аварга Хакүхотой дотны найз аж.
Мэргэжлийн сүмогийн хамгийн дуулиант ёкозүна асан Асашёорюү Д.Дагвадорж болон их аварга Хакүхо М.Даваажаргал нарын алдартнуудтай уулзаж байсан фото агшнаас хүргэе.
Эх сурвалж: https://headlines.yahoo.co.jp
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ