Чуулган: МАН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: МАН-ын бүлэг завсарлага авлаа

Чуулган: МАН-ын бүлэг завсарлага авлаа
18 : 13
2019-4-12

Чуулган: МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Дээрх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрийг бууруулж, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд усны төлбөр тогтоохоор заасан юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

УИХ-аас хуулийг баталсан нөхцөлд Оюутолгой мэтийн мега төслийн усны төлбөрийг бууруулж, харин малчин зэрэг хүмүүсийнхээ усны төлбөрийг нэмэх нь. Иргэдийг аюулгүй хүнсээр хангах,  монгол хүнийг ажилтай орлоготой байлгахад мал аж ахуйн салбар гол үүрэг хүлээж байгаа. Малчдад ус олдохгүй хүнд байдалд байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх боломжгүй боллоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталбал одоогийн мөрдөж байгаа тарифыг 50 хувь бууруулахаар байна. Энэ нь нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийг ашигладаг уул уурхайн компаниудад ээлтэй, жирийн иргэд, мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малчинд хүндрэл үүсгэхээр байна.

Ийм учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулаад нухацтай авч үзэх. Ус бүрэлдэж бий болоход хэчнээн 100 жил шаардлагатай гэж ярьдаг. Гэтэл манайх шиг ахуйн хэрэглээнээсээ өгсүүлээд уул уурхайд цэнгэг усаа ашигладаг улс орон байна уу.

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

Хуулийн төсөлд анхааралтай хандах ёстой. Газар тариалангаа усалгаатай болъё, хөрсөө хамгаалъя гээд яриад байгаа. Газар тариалан хөл дээрээ босоогүй байгаа ийм үед төлбөр аваад эхэлбэл хүндэрнэ. 4000 гүний болон ил худаг шаардлагатай байгаа. Ийм үед малчид, тариаланчдаас усны төлбөр авбал унана. Хуульд хөдөө аж ахуй, газар тариалан дээр төлбөртэй байна гэсэн ч 0 гэж заасан байдаг.

Энэ хууль чухал хууль. Уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг багасгах биш нэмэх ёстой. Олон дахин хэлэлцүүлэг хийж байж, гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн.

Хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгахаас өмнө бүлэг дээрээ яриад, Засгийн газар төслөө татаж авна гэвэл буцаая. Энэ чигээр нь зүтгүүлнэ гэвэл цааш үргэлжлүүлье. Ийм учраас бүлэг хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага хүсэж байна.  

УИХ-ын дарга Г.Занданшатар тус намын бүлэгт завсарлага өгөв.

Чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааныг ч өндөрлүүлээд байна.

17 : 22
2019-4-12

17 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлэхэд 7.8 тэрбум шаардлагатай

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Ерөнхий сайдад хандан тавьсан Төрөөс боловсролын талаар баримтлах  бодлогын талаарх асуулгын хариуг сонсож дууслаа.

Асуулгын хариуг сонсож дууссан тул үргэлжлүүлэн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавив.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Ийм хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирэх Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлтэй уялдуулж болдоггүй юм уу. Энэ хууль бол бодлогын хууль. Том бодлоготойгоо уялдах ёстой. Нийгмийн даатгалын сан 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Гишүүд бүрэн эрхийн дагуу хууль санаачлах эрхтэй. 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш эхчүүд, иргэд энэ асуудлыг тавьж ирсэн. Тухайн үед 32 мянган иргэн байсан, өнөөдөр 17 мянган иргэн болсон.

Засгийн газрын юу хийхийг бид заахгүй. Бид бас хууль санаачлах эрхтэй учраас иргэдийнхээ хүсэлтийн дагуу хуулийн төслийг санаачилсан.

Улсын төсөв 10 их наяд. Улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байгаадаа тэтгэврийг нь нэмэгдүүлэхэд  9.8 тэрбум төгрөг шаардлагатай. Олон хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 7.8 тэрбум төгрөг шаардлагатай.

Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 59.9 хувь нь дэмжиж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

16 : 01
2019-4-12

ЭЕШ-д өндөр оноо авч, БИС-ийг сонговол төлбөр хөнгөлнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Тус чуулганы хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүнээс Ерөнхий сайдад хандан тавьсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой холбогдуулан тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Асуулгын үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат багш мэргэжлээр суралцагчдыг төрөөс онцгой анхаарч, сургалтын төлбөрийг нь хөнгөлөх зэргээр дэмжлэг үзүүлэх. Мөн Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамны харьяанд байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсролын яаманд харъяалуулах, том үйлдвэрүүд дэргэдээ МСҮТ-тэй болохыг дэмжих шаардлага байна гэдэг асуудлыг хөндөн тавилаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/ ийн асуудлыг эргэж харах шаардлагатай. Нэг степенттэй болгоод, болиод ороо бусгаа явж ирсэн.МСҮТ-өөр дамжуулан  ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэх зүй ёсны шаардлага урган гарч байна. Ажил олгогчид нэг хэсэг ажилгүй хүмүүсийг сургаад авна гэдэг байсан бол одоо МСҮТ төгссөн хүн ажилд авна гэдэг. МСҮТ-ийг төгсөгчдийн 60-70 хувь ажлын байртай болдог бол их , дээд сургууль төгсөгчдийн 20 гаруй хувь ажилтай болдог.

“Оюутолгой”  компани, “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ МСҮТ-тэй байна. Яваандаа аж ахуй нэгжийг түшиглэж МСҮТ байгуулах гэдэгтэй санал нэг байна.

Багш мэргэжлээр сургуульд элэгчийн оноо нь өндөр байгаа нөхцөлд төлбөрийг нь хөнгөлөх тогтолцоо 2014 оноос хэрэгжиж байгаа. Бүх онц сайн сурдаг оюутны сургалтын төлбөрийг даагаад явах боломж байхгүй. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Элсэгчдээсээ шалгалт авч болохгүй гээд тушаал гарчихаар сургуулиуд сурагчдаа яаж сонгож авах вэ. Зөв өрсөлдөөн байж, хөгждөг? 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

Хамгийн сүүлд гаргасан тушаалтай холбогдуулж асуулт тавилаа. Иргэдээс бодлогын яаманд маш олон санал хүсэлтүүд ирдэг юм. Зургаан настай хүүхдүүд юугаа мэдэж шалгалт өгөх юм бэ. Шалгалт авч уралдуулж байна, шалгалт авахдаа төлбөр авч байна гэдэг гомдол ирсэн. Өмнөх жилүүдэд ч ирдэг байсан юм билээ. 40-70 хүүхэд авахын тулд 700-1000 хүүхэд бүртгэж төлбөр авч байгаа нь буруу, хүүхдүүдийг хооронд нь уралдуулж байгаа нь буруу юм гэж үзээд тушаал гаргасан.

40-70 элсэгч авахын тулд 30-40 сая төгрөг цуглуулах шаардлага байхгүй.  Элсэгчдийг сонгон шалгаруулахдаа шилэн арга сонгох ёстой.  Сургууль бүр өөр, өөрийн онцлогт тааруулаад элсэлт зохион байгуулж болно.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

13 : 24
2019-4-12

Чуулганы хуралдааныг завсарлуулав

Цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Чуулганы хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Чуулганыг завсарлуулахын өмнө УИХ-аар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм байна.

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн хууль 1991 онд батлагдан хэрэгжсэнээр ид хийж бүтээх насандаа олон эмэгтэйчүүд тэтгэвэрт гарчээ. Ихэвчлэн 35-40 насандаа тэтгэвэрт албадангаар гарсан байдаг аж. Үүний улмаас тэдний тэтгэвэр улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрдэггүй юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэн, дээрх гишүүд энэхүү төслийг санаачилжээ. Хууль батлагдан хэрэгжвэл 21 мянган эхийн тэтгэвэр нэмэгдэх юм. Хэлэлцүүлгийн шатанд дараах хэлэлцүүлэг өрнөлөө.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзориг:

Энэ хуулийн төсөлд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд хамаарна гэж үзвэл 7.3 тэрбум төгрөг, зөвхөн эмэгтэйчүүд гэдгээр тооцвол 8.9 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн хууль энэ оноос эхлэн хэрэгжинэ гэвэл Төсвийн тухай хууль зөрчигдөнө. Хуулийг УИХ-аас баталбал 2020 оноос хэрэгжихээр хугацааг зааж өгөх нь зөв юм.

Үүнээс гадна доод тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэхэд ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог зарчим зөрчигдөнө.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

1997 оноос өмнө 4 ба түүнээс дээш хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг нас харгалзахгүй тэтгэвэрт гаргасан 21 мянган хүн байгаа. Хамгийн бага тэтгэвэр авдаг. Иргэд олон нийтийн тавьдаг асуудал нь тэтгэврийн зөрүү байдаг. Ийм учраас хуулийн төслийг дэмжиж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрт жил бүр тэтгэвэр нэмнэ, зөрүүг арилгана гэж амлалт өгсөн.  Түүнийхээ хэрэгжилтийг хангах хуулийн төсөл орж ирсэн.

Тэтгэврийн тогтолцоог ярих цаг шаардлага тулгарсан. Одоогийн тогтолцоо нь даатгуулагчийн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог  зарчим хэрэгждэг.  Энэ нь эргээд Нийгмийн даатгалын санд ачаалал өгөөд татаас авах болдог. Баталгаатай тэтгэвэр өгч чаддаггүй, улсын төсөвт дарамт болдог гээд олон асуудал бий. Тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох асуудлыг Засгийн газраас оруулж ирэх шаардлага байна.  Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиа оруулж ирэхдээ хамтад нь шийдэх.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг:

Ирэх намрын чуулганд Нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчлэлийг өргөн барина. Олон улсын донор байгууллагын санхүүгийн дэмжлэг авч хуулийн төсөл дээр ажиллаж байна. Гол үүрэг нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах тогтолцоог нэвтрүүлэхэд оршиж байна.

УИХ-ын чуулган 15.00 цагаас үргэлжлэх бөгөөд Засгийн газрын цагаар эхэлж, дараа нь дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

12 : 13
2019-4-12

Түр хороо байгуулах төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан юм. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

11 : 52
2019-4-12

Ц.Нямдорж: Би дэд хороонд орж ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

С.Зориг агсны амь насыг 1998 онд гэрт нь хөнөөсөн. Зарим улстөрч мэдэхгүй сонсоогүй юм шиг явж байна. Ж.Наранцацралт , О.Дашбалбар, О.Энхсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга асан Ц.Дангаасүрэн агсан, цааш яривал н.Төмөр-Очир гуай яагаад алагдав. Яривал олон юм байгаа. 20, 21 дүгээр зуун Монголын эх орончдын амийг хөнөөсөн зуун байсан. Энд байгаа улстөрчид мэдэхийг хүсдэггүй. Бүх юм утга учиртай.  Гэтэл манай УИХ-ын гишүүд яагаа ч үгүй гээд яриад сууж байна. Ичих хэрэгтэй.

Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүд та нар дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ.  Н.Энхбаярын нэрийг хэлж чадахгүй хамар амаа заадаг байснаа мартсан уу. Ордон дотор гишүүд дохионы хэлээр ярьдаг байсан. Энэ хэргийг шалгуулъя гэхээр ихэнх нь зугтдаг байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  

1998 оны аравдугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том мэргэжлийн алдаа гарсан. Хэргийн газар дээр 75 хүн ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөөлсөн. Хойшлуулшгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Ийм хоёр ажил хийгээгүй. Энэнээс болоод замхарсан. Гуравдугаарт, шалгадаг газар нь хоёр газар байгуулагдсан. Тагнуул дээр, цагдаа дээр. Мэргэжлийн хувьд асар том алдаанууд гарсан учраас хүндэрсэн.

Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын, Цагдаагийн нэг, нэг ажилтныг прокуроруудад шахалт үзүүлж байцааж байна.

Ж.Батзандан гишүүний хэлсэн үгэнд ортой юм бий. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө явсан хүнийг мөрддөг, мөшгөдөг юм бий.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Ц.Нямдорж сайд аа, та түр хорооны ажлын хэсэгт орох уу. Орвол ашиг сонирхол орох юм биш биз. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа нөлөөлчих вий.  Ажлын хэсэгтээ арга мэргэжлийн хувьд чиглүүлээд явчхаж болдоггүй юм уу. Түр хороо ямар үр дүнд хүрээд татан буугдах вэ. Маш олон хаалттай хэргүүд бий.  1998 оноос хойш 2015 он хүртэл маш олон хэрэг болсон. Дамирангийн Энхбатын хэрэг гээд. Энэ бүх хэргийг ил болгох боломж байна уу.

Намайг мөрдөж мөшгөдгөө хэзээнээс зогсоох вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  

Би дэд хорооны ажлын хэсэгт орно. УИХ-ын удирдлага, намынхаа бүлэгт санал тавьж байгаад орно. 1937 оны арга хэлбэрийг таслан зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ. Хардана уу сэрдэнэ үү хамаагүй.  Айхгүй, би ажиллана. Надад бас туршлага байна. Хамт ажиллах гишүүдэд бас ажиллах бололцоо олгох үүднээс орно. Хэдэн хэрэг үүсгэсэн ч падгүй. Тэр хэрэг үүсгэхээс айхаа болиод 30 жил болсон.

Мөрдөж мөшгөсөн асуудалд тайлбар хийхэд УИХ-ын гишүүд уулзалт хийхэд согтуу хөлчүү хүмүүсээс эхлээд өөр бодолтой хүмүүс ирж маргаан гарч, зодоон нүдээн гарах гээд байдаг. Ийм юм болчих вий гэдэг үүднээс цагдаа аюулгүй байдлыг хангах зорилгоор уулзалт дээр ороод гардаг нь ажлаа л хийж яваа хэрэг.

Одоо иймэрхүү хардлага яваад байгаа бол цагдаа явуулахаа болъё. Аюулгүй байдлаа өөрсдөө хангаарай. Дараа нь аюулгүй байдал хангасангүй гээд юм ярив.

Эрдэнэт чамайг уулзалт хийхэд хоёр цагдаа ороод гарсан байна лээ. Ямар ч мөрдөж мөшгөх юм болоогүй. Жи таймын хохирогчид уулзалтад олон очсон учраас аюулгүй байдлыг нь хангах зорилгоор л очсон.

УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Л.Гансүхийн мэт хэргийг ажлын хэсэг судална гэж ойлгосон. Судлагдах байх. Судлах шаардлага байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

1998 оноос хойш 2015 он хүртэл нууц гэдэг шалтгаанаар хэрэг үүсгээд заримд нь ял өгөөд хаасан байдаг. Энэ хэргийг ил болгох боломж байна уу.

4000 хүнийг Эрдэнэтийн тагнуулын газрын дарга залилсан байхад яагаад анхаарахгүй байна вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Жи таймын хэрэг шалгагдаж байгаа. Жаахан хэдэн төгрөг үлдсэнийг хохирогч нарт хуваагаад өгчихөөч гэсэн хүсэлт ирсэн. Хараахан шийдвэр гараагүй байна.

Хариуцлагад татах эсэх нь прокурорын хийдэг ажил. 2017 онд баталсан Прокурорын хууль тийм болсон. Нууцын журмаар шийдвэрлэгдсэн хэргүүд тагнуулынх. Цагдаа дээр ийм хэрэг байхгүй. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Олон улсын парламентын хороо /ОУПХ/ энэ хэрэгт анхаарал хандуулж ирсэн. ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос тодорхой төлөөлөгч нар 2017 онд ирж ажилласан. 10 төрлийн санал зөвлөмж өгсөн байдаг. Үүнд хариу өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан ажиллаж байсан. Тусгай хяналтын дэд хороон дээр мөн ажиллуулсан.  Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө  би ахалж байна.  Ажлын хэсэг ажиллахад цар хүрээ өргөнтэй байгаа учраас түр хороо байгуулъя гэсэн Л.Болд гишүүний саналыг дэмжиж байгаа. Түр хороо бол УИХ-ын бүтцийн байгууллага.

 ОУПХ-ноос түр хороо байгуулах зөвлөмж өгсөн байдаг. Гэхдээ түр хорооныхоо ажиллах хүрээ хязгаар, тоо бүрэлдэхүүнийг нь тогтох. Түр хороо бол тодорхой ажлыг хянан шалгах, дүгнэлт гаргах зорилготой байгуулагддаг. Зорилгоо биелүүлсэн тохиолдолд татан буулгадаг. Бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлдэг. Ажиллах хугацааг нь тогтоож өгч болдог. Бүрэлдэхүүний хувьд маргаан гараад байгаа. О.Баасанхүү, Нямдорж гишүүний хооронд маргаан үүссэн. Хэдэн ч гишүүн орж ажиллаж болно. О.Баасанхүү Ц.Нямдоржийг ажиллуулахгүй ч гэх юм уу, О.Баасанхүү Ц.Нямдоржийг ажиллуулахгүйг гэх юм байхгүй.

Хүрээ хязгаарын хувьд тодорхой зорилго тавиад биелүүлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй байдаг. Гүйцэтгэх ажиллагааны шугмаар бий болгосон нотлох баримттай танилцах зэрэг ажил гарна. Үүнд оролцоод явах боломжгүй гэж бодож байна. Ийм учраас прокурорын дэргэд ажлын хэсэг байгуулж ажиллах ёстой.

Хууль, шүүх байгууллагын холбогдох хүмүүстэй холбоотой асуудал үүссэн учраас харьяалах газар нь шалгах ёстой.

УИХ-ын гишүүн Л.Болд:

21 жилийн дараа анх удаа энэ хэргийг УИХ дээр ярьж байна. Өөр тийшээ халтирмааргүй байна. О.Баасанхүү гишүүн хүн болгон руу дайраад, огт хамаагүй гүтгэлгүүдийг зориуд хийгээд байгаа шүү.

10 : 37
2019-4-12

Чуулган: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж дэд хороо байгуулна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Яг одоо чуулганаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио.

Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр намын улстөрчид жүжиг тоглолоо. Энийг зогсоох гэж МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм.

16 настай хүүхэд 19 настай эмэгтэйг дагуулж очоод хүн амины хэрэг үйлдсэн гэдэг жүжгээ зогсоо. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад эрүүдэн шүүв. Яагаад хашаанд нь цогцос аваачиж хаяв.

Холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой.   Түр хороог яаралтай байгуулж, ажилд нь оруулъя. Бичлэг нь ил боллоо гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ?. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: 

Хэд, хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, түр хороо ямар хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлт гаргана. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл бол нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахадаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна.

Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж