Зүрх судасны тогтолцооны өвчний дараа манай улсын хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан Хавдрын өвчин болж байна. Хүн ардад хавдар өвчний талаарх цогц ойлголт мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, мэдлэг боловсрол олгох зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аянг “ Хавдар судлал үндэсний төв, Хаан банк сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2015/5/6/f4866ba6c79a039babe357bc14d84616big.jpg)
Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд энэ 5 жилийн хугацаанд 68 мянга орчим иргэнийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулсан байна.Хавдрын өвчлөлийг бууруулах зорилготой хэрэгжиж байгаа энэхүү аян нь дан ганц үзлэг оношлогоогоор хязгаарлагдахгүй орон нутгийн эмч ажилчдад томоохон туршлага, хөрөнгө оруулалт болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Тус аяны орон нутаг дахь нээлтийн арга хэмжээнд ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ-ийн ММ агентлагийн захирал н.Оюунчимэг, Орхон аймгийн ЗДТГ, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч ажилчид оролцлоо.
Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор тус аймаг 2014 онд хавдрын кабенэтийг 15 сая төгрөг-ний хөрөнгө оруулалтаар байгуулсан байна.Нийт зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын дунд элэгний хорт хавдар монгол хүний хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд энэ нь B, C вирусийн тархалт өндөр, архины хэт хэрэглээтэй холбоотой гэнэ. Түүнчлэн хавдар нь ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байгаагийн улмаас нас баралт өндөр байдаг байна.
Иймээс урьдчилан сэргийлж амьдралын зөв хэвшилтэй байж, жил бүр оношилгоо шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй гэнэ. “Хавдрын эсрэг үндэсний аян 2015” нь Орхон , Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Увс, Ховд, Сүхбаатар зэрэг 12 аймагт хэрэгжиж хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлэх үзлэг оношлогоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах ажлуудыг зохион байгуулах юм. Энэ хүрээнд хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Орхон аймагт 5 хоногийн хугацаанд ажиллана.Нэмж мэдээлэхэд тус аяныг хамтран зохион байгуулагч Хаан банк ” хаан банк сангаараа” дамжуулан аяны хүрээнд 710 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг олгож ажиллажээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2013/10/16be3a7d0bd8fe62/f578cb294f32e82abig.jpg)