Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьж яваад, Эмиратаас цааш нисч чадалгүй, Дубайн онгоцны буудалд саатуулагдсан тамирчид одоог хүртэл Улаанбаатарт ирээгүй байна.
Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нарыг тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн хил нэвтрүүлээгүй юм.
Дубайгаас холбогдох журмын дагуу манай иргэдийг тээвэрлэсэн компаниар нь буцааж тээвэрлэх ёстой байсан тул тамирчдыг өчигдөр шөнө Бээжин рүү явуулсан байна. Харин эх сурвалжаас авсан мэдээллээр дасгалжуулагч Б.Баяраа болон гурван тамирчин одоогийн байдлаар Бээжингийн онгоцны буудалд саатуулагдаж байгаа аж. Тэднийг визаны зөрчилтэй тул гадагш гаргахгүйгээр, өрөөнд саатуулж байгаад, шууд эх оронд нь буцаах ёстой юм байна.
Яг ямар зөрчил, алдаа гарсан талаар Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсоор ямар ч тайлбар, байр суурь илэрхийлээгүй хэвээр байна. Харин албан бус эх сурвалжуудын өгч буй ноцтой алдаа гарсан тухай мэдээлэл байгаа ч энэ нь баталгаатай бус тул бид мэдээлэхээс түр татгалзаж байна. Харин холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттерт ингэж жиргэжээ.
Харин Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас “Монголын чөлөөт бөхийн холбооноос асуудлын шалтгааныг тодруулсан эсэх”-ийг лавлахад, “Албан ёсоор уулзаж амжаагүй байна. Удирдлагуудыг нь ирэхээр тодруулна. Удирдах зөвлөлтэй нь уулзана” гэсэн хариулт өглөө.
Визаны зөрчилтэй гэгдэн, тэмцээнд оролцож чадалгүй, өөр улсын хил дээр саатуулагдсан гурван тамирчин бол Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, мөн дасгалжуулагч Б.Баяраа үндэсний шигшээ багийн дасгалжуулагч.
Хэдийгээр гадаадын тэмцээн, уралдаанд оролцох, виза мэдүүлэх асуудлыг тухайн спорт холбоод хариуцан ажилладаг ч улсын зардлаар, улсын нэрээр явсан шигшээ багийн багш, тамирчдад асуудал тулгарч, хэн нэгэн хүний хариуцлагагүй байдлаас болоод гурвын гурван тамирчин тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон энэ нөхцөлд анхаарал хандуулах нь зүй ёсны асуудал.
Гэтэл шигшээ багийн харьяат тамирчид хил дамжин саатуулагдаад хоёр хонож байхад зөвхөн Чөлөөт бөхийн холбоо гэлтгүй спортын салбар хариуцсан яам, бэлтгэлийн төв, шигшээ багийн алба асуудлын учир шалтгааныг яаралтай тодруулаагүй байна гэдэг учир дутагдалтай.
Цаашлаад Гадаад хэргийн яам ч үүссэн нөхцөл байдалд анхаарал хандуулж, визаны ямар зөрчил гарсан талаар мэдээлэлтэй байх ёстой баймаар. Гэтэл тус яам мөн тамирчдад юу тохиолдсон талаар мэдээлэл өгсөнгүй, холбооноос лавлахыг санал болгож байна.
Б.БАДМАА