Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй манай төлөөлөгчид Интерполын Үндэсний төв товчоодын дарга нарын 15 дугаар бага хуралд оролцож байгаа билээ.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын Үндэсний төв товчооны дарга нарын 15 дугаар бага хурлын үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхийлөгч Ким Жонг Янг-тай уулзлаа.
Интерполоос хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгыг цаг ямагт дэмжиж, тус олон улсын байгууллагын мэдээллийн сангуудыг баяжуулах зэргээр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад Интерполын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд Интерполын зүгээс, мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтсон ч хоёр улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа энэ түвшинд хүрээгүй нь чамлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга дурдаад энэ асуудалд Интерполын Ерөнхийлөгчийн хувиар мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгчийн хувиар тусгайлан анхаарал хандуулахыг хүслээ.
Уулзалтын төгсгөлд Интерполын Ерөнхийлөгч Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж дээрх асуудлуудыг талууд хамтран хэлэлцэж, тохирох шийдлийг олох бөгөөд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас хэрэгжүүлж буй тэргүүн туршлага солилцох, техник, технологийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрт Монгол Улсын цагдаагийн байгууллагыг хамруулах, уулзалтаар хэлэлцсэн бусад асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах болно гэдгийг мэдэгдээд цаг зав гарган уулзсанд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР