“Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ

2020 онд гэхэд нийслэлийн иргэд улсын баяр наадмаа нэг дор тэмдэглэдэг мөн  амралт чөлөөт цагаа эрүүл агаарт эко байдлаар өнгөрүүлэх боломжтой томоохон амралт зугаалгын цогцолбортой болно. Энэхүү бүтээн байгуулалтын ажил Хүй долоон худагт 2013 оноос эхлэн хийгдэж эхэлсэн. Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар 2040 онд олимпийн наадмыг манай улсад зохион байгуулахаар яригдаж байгаатай уялдуулан 2013 оны 10 сарын 4-ний А/921 захирамжаар “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазар байгуулагдаж хэд, хэдэн тохижилтын томоохон ажлуудыг хийгээд байгаа юм.
 

Аюулгүй, зориулалтын зам талбай бүхий дугуйн аялал, амралт, зугаалгын хөтөлбөр зуны туршид хэрэгжинэ
 

Монгол наадам цогцолбороос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” дугуйн аялал, амралт зугаалгын хөтөлбөр хоёр дах жилдээ амжилттай хэрэгжиж  байна. Монголын дугуйн холбоо болон бусад холбоо, клуб, ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн жил давхардсан тоогоор 3000 гаруй залуус Хүй долоон худгийн цэвэр агаарт аялаж зугаалсан билээ. Тэгвэл энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” хөтөлбөрийн багынхан ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн амралтын өдрөөрөө заавал очих газрыг Хүй долоон худаг болгох үүднээс амралтын өдрүүдэд автобусаар үйлчлэх юм байна. Энэ жил тус байгуулага нь иргэдийнхээ амралт зугаалгыг нэмэгдүүлэх үүднээс морин тойруулга, сонирхогчдын сурын талбай, сагсан бөмбөгийн талбай, элсний талбай, гэр бааз зэрэг олон үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Хүй долоон худагт амарч зугаалангаа дээрх бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авч болно гэдгийг нийслэлийн иргэддээ дуулгахад таатай байна.
 

Хөгжилтэй зугаатай “Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ
 

5 сарын 30, 31-нд Хүй долоон худаг хүүхэд багачуудын хөлд дарагдах юм байна. Учир нь Монгол наадам цогцолбор “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд маань нийслэл хотдоо тоотой хэдэн тоглоомын газраа өдөржин оочерлоод орой нь харьдаг уламжлал манайд тогтоод нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, машин тэрэгнээс хол айх айдасгүй тоглож наадах нөхцөлөөр нь хангаж өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. 5 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд багачууддаа зориулж Хүүхдийн урлагийн тоглолт, унадаг дугуйн уралдаан, өсвөрийн сур харваачдын тэмцээн, өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн, багачуудын бөхийн барилдаан, амьтны хүрээлэн, нохой тэжээгчдийн цуглаан зэрэг тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Бяцхан хүүхдүүдэд зориулсан зориулалтын тоглоомууд ажиллахаас гадна амттаны худалдаа эрхэлдэг бүхий л байгуулагдын хямдралтай үзэсгэлэн баярын өдрүүдэд гарах юм байна.
 

Бурхан шашин соёлын ХҮРЭЭ ЦАМ, ДАНШИГ наадам түүхэн дэнж дээрээ дахин зохиогдоно
 

Монгол ёс заншил, өв уламжлалтай холбоотой соёлын ариун нэгэн сэжим бол нүүдэлчин ахуй соёлтой сүлэлдэж ирсэн Бурханы шашин юм. Монголчууд бид 2000 гаруй жилийн тэртээгээс энэ соёлыг өөрийн  амьдрал ахуйдаа нутагшуулж, дэлхийд үнэлэгдэх мэргэдийг төрүүлсэн. Бурханы шашны энэхүү шавхагдашгүй олон талт өв соёлыг сэргээх, уламжлуулах зорилгоор сүм хийдүүдийн лам хуваргуудыг хамруулсан МОНГОЛЫН БУРХАН ШАШИН СОЁЛЫН “СОЁМБО” ИХ НААДАМ нэртэйгээр Өвөрхангай аймаг болон Завхан аймгуудад хоёр удаа амжилттай зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэ удаад морин төвөргөөнд дарагдсан ариун дагшин газар болох Хүй долоон худагт наймдугаар сарын дундуур зохион байгуулагдахаар болсон байна. Бурхан шашны “Соёмбо” наадам нь хамрах хүрээ өргөн байдаг учраас 21 аймгийн лам хуварга мөн ОХУ-ын Буриад, Халимаг улсын Бурханы шашинтнуудын төлөөлөл оролцож өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараар өрсөлдөн оролцдог билээ.  Дээрх наадамтай хамтатган монголчууд бидний идээ ундаа болсон “Айрагны баяр” болох юм байна. Нийслэл хотын оршин суугч иргэдэд аймаг бүрийн алдартай айраг цагааг амтлан зооглох эрх эдгээр өдрүүдэд нээгдэж өгнө. Айраг цагаагаараа алдартай бүхий л аймаг сумдууд энэхүү баярт ихээхэн ач холбогдол өгч оролцохоор болсон байна.
 

Зуны оройн задгай талбайн шоу “Хүй долоон худаг”-т анх удаа зохион байгуулагдана
 

Дэлхийн улс орны аль ч хотод брэнд болсон томоохон хэмжээний шоу жил бүр болдог. Манай орны залуучуудын тэсэн ядан хүлээдэг шоу бол яах аргагүй зуны үдшийн задгай талбайн шоу юм. Дуртай хөгжмөө дуртай DJ-гээрээ тоглуулж хүссэнээрээ бүжиглэх боломжыг Монгол наадам цогцолборын хамт олон “Summer nigth” шоугаараа олгож байна. Долдугаар сарын сүүлээр Хүй долоон худаг ганцхан орой залуусын хөлд дарагдаж 2015 оны зуны супер шоуг хийх юм байна.

Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалт  2020-30 он гэхэд бүрэн дуусч бид дэлхийн стандартад нийцсэн задгай талбайд “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ”-аа нэг дор тэмдэглэн өнгөрүүлэх цаг ойртож байна. Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа Хотын дарга болон монгол түмний мөрөөдөл болсон Олимпын их наадмын туг Хүй долоон худагт залрах цаг удахгүй биз ээ. Жилийн дөрвөн улиралд тогтсон тэмцээн уралдаан амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх бааз энэхүү газар сүндэрлэж байгаа нь бидний ирээдүй болсон залуучуудын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Т.АНУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж