Д.Ганхуяг хөрөнгө оруулагчийг хөөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг хөрөнгө оруулагчийг хөөсөн үү?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн дунд багагүй маргаан дэгджээ. М.Энх-Амгалан гишүүний зүгээс АНУ-ын Элчин сайдын мэдэгдлийг иш болгон татсан нь Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуяг гишүүний бухимдлыг төрүүлсэн байна.   “Чи аль улсын иргэн бэ” хэмээн ундууцсан экс сайд Д.Ганхуягийн өөдөөс  М.Энх-Амгалан “тэгж яривал чамайг Уул уурхайн сайдаар томилогдсоны дараа хөрөнгө оруулагчид яваад өгсөн шүү” хэмээн хэрүүлийн үг чулуудсан аж.

Шинэчлэлийн Засгийн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуягийг Оюутолгойн гацааг үүсгэсэн нөхөр гэж харах хүн улс төрд олон. Ялангуяа түүний үй зайгүй найз, бизнесийн түнш, “Бридж” группын  ерөнхийлөгч Ц.Сэдваанчиг “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар ажиллаж байхдаа  “Рио Тинто”-д нууц захидал бичсэнээс болж 2000 хүн ажилгүй болж, хувь нийлүүлэгчдийн дунд үл ойлголцол  үүссэн гэдэг.

Д.Ганхуягийн хувьд Уул уурхайн сайдаар томилогдох үедээ нэгэн цочир мэдэгдэл хийж хөрөнгө оруулагчдыг гайхширалд оруулж байсан удаатай.   “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж хэлсэн  гэх сайдын үг тухайн үедээ л хэвлэлээр багагүй шуугиан тарьж байсан юм.  Гэхдээ сайд дараа нь “Би ийм мэдэгдэл хийгээгүй” гэж мэлзсэн байдаг.  Түүний хувьд Шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар томилогдохоосоо өмнө хөрөнгө оруулагчдыг, ялангуяа Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг топ улстөрчдийн нэг байсан юм. Тиймээс ч түүнийг Уул уурхайн сайдаар томилсон нь  хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэж, гадаадын хөрөнгө оруулалт тэг болсон шалтгааныг түүнтэй холбох хүмүүс М.Энх-Амгалан гишүүнээс эхлээд олон байгаа бололтой.

Экс сайдын хувьд “Эрдэнэс Тавантолгой”-той хийсэн “Чалко”-гийн гэрээг муу, муухайгаар нь  дуудан гурван сар нүүрсээ экспортлохгүй гэдийснээс болоод Монгол Улс багагүй хохирол амсаад байгаа. Нэг тонныг нь 70 доллараар зарж байсан нүүрсийг хятадуудад хямдхан өглөө хэмээн зөрүүдэлж, гэрээгээ шинэчилнэ гэсэн биш  “гэрээ шатаах”-ад хүрсэн.  Учир нь Уул уурхайн экс сайд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр  гэрээг шинэчилнэ гэж зүтгэсний балгаар 70 доллараар зарж байсан нүүрсээ хямдруулж, 30 доллараар зарахад хүргэсэн  юм.

Энэ мэт сэтгэлийн шарх нь хөндөгдсөн үү, яасан экс сайд М.Энх-Амгалан гишүүний хэлсэн үгэнд  их л эмзэглэж байгаа харагдана лээ.

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж