Жорж Мартин: "Энэ бол миний хувьд төгсгөл биш"

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Жорж Мартин: "Энэ бол миний хувьд төгсгөл биш"

Кино урлаг, телевизийн салбарт дэлхийн хүн амыг байлдан дагуулж буй "Гал, мөсний дуун" номын зохиолч, сценарист, продюсер Жорж Р.Р.Мартины "Хаан ширээний тоглоом"  телевизийн олон ангит киноны сүүлчийн бүлэг ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-нд /Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 15-нд/ HBO сувгаар гарч эхлэх гэж байна. Шинэ бүлэг зургаан ангитай бөгөөд тавдугаар сарын 14-нд дуусна. Анги тус бүр цаг гаран хугацаанд үргэлжлэх бүрэн хэмжээний кино мэт хийгдсэн гэж кино багийнхан ярьжээ. Бүтэн найман жилийн туршид үзэгчдийг байлдан дагуулсан кино хэрхэн төгсөх бол гэдэг нь өнөөдрийг хүртэл таамаг хэвээр байгаа юм. Учир нь, киноны сценарийг зураг авалтын туршид хэд хэдэн үе шат дамжлага, хамгаалалттай газар хадгалсан гэдэг. Үүнээс гадна, "Хаан ширээний тоглоом" кино нь орчин үеийн геополитикийн бодлогыг харуулсан байх талтай гэж судлаачид дүгнэж байна.

НУУЦЛАГДМАЛ УУР АМЬСГАЛ

"Хаан ширээний тоглоом" телевизийн олон ангит уран сайхны кино 2011 онд анх үзэгчдийг хүртээл болсон. Тэгвэл ирэх Даваа гаригт төгсгөлийн бүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа. Олон жил хүлээлт үүсгэсэн төгсгөлийн бүлгийн сюжетыг өнөөдрийг хүртэл нууцална гэдэг бол маш хариуцлагатай ажил гэдгийг кино багийнхан ярьжээ. Жүжигчид хүртэл киноны сценарьтай зураг авалтын талбай дээр л танилцдаг байсан бөгөөд тэдний ажиллах цагийн хуваарь ч нууцлагдмал байсан гэнэ.

Энэ тухай Жейме Ланнистерийн дүрд тоглосон жүжигчин Николай Костер-Вальдау ярихдаа “Заримдаа жүжигчид өөрсдийн хэлэх үгээ шууд зураг авалтын үеэр мэддэг байсан. Тэдний хэлэх үгийг чихэнд нь шивнэх тохиолдол ч гардаг. Гэхдээ энэ байнгын асуудал биш. Чухал хэсэгт л ийм үе гарч ирдэг байсан" гэжээ.

Үүнээс гадна зураг авалтын талбайд киноны сценарийн ганц ч хуудас байдаггүй байв. Жендри Баратеоны дүр тоглосон жүжигчин Жозеф Демпсигийн хэлж буйгаар бүх сценари хэд хэдэн үе шаттай дамжсан хамгаалалттай тусгай газарт хадгалагддаг байсан гэжээ.

Харин жүжигчин Дэвид Наттер "The Huffington Post"-д өгсөн ярилцлагадаа "Зураг авалтын талбайд цаг агаарын таагүй нөхцөл байдалтай маш их тулгарахаас гадна "туулайчид"-тай их таардаг байсан тухайгаа ярьжээ. Туулайчид гэдэг нь зураг авалтын талбай руу нэвтрэх гэж оролддог байсан папарацичид ажээ. Тэд өнцөг булан бүр рүү нэвтрэх гэж оролддог байсан. Заримдаа кран дээр гарчихсан байх тохиолдол гарч байсан. Киноны төгсгөлийг маш сонирхолтой байдлаар хийж байна гэх цуу яриа хүртэл гарсан. Гэхдээ энэ бүхэн хэрхэн төгсөхийг жүжигчид хүртэл мэдэхгүй байсан" гэжээ.

ГОЛ ДҮРИЙН БААТРУУДЫН ҮХЭХ МАГАДЛАЛ

"Хаан ширээний тоглоом" киноны төгсгөлийн бүлэг хэрхэн өрнөх, хэрхэн төгсөх талаар олон нийт төрөл бүрийн судалгааг өнгөрсөн цаг хугацаанд гаргасан ажээ. Тухайлбал, Entertainment Weekly мэдээлж буйгаар, таамаг дэвшүүлэгчид сүүлчийн бүлэгт хэн, хэн үхэх магадлалтайг математикийн аргаар бодон олжээ. Тэдний тооцоолсноор:

  • Дейнерис Таргариен (83,77%)
  • Жейме Ланнистер (72,91%)
  • Тириона Ланнистера (70,76%)
  • Серсеи 60,39%
  • Арья Старк 49,04%
  • Жендри 39,87% гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Харин зарим судлаачид төгсгөлийн бүлэгт эмэгтэй дүрийн үхэл бага ажиглагдана гэжээ.

ШИНЭ БҮЛЭГТ ЮУ ӨГҮҮЛЭХ ВЭ?

"Төгсгөлийн бүлэгт Винтерфеллд  Дейнерис Таргарин ирнэ. Энэхүү үйл явдалд Санса ихэд дургүйцнэ. Учир нь, түүний ах Жон луугийн эхэд үнэнчээ тангарагласан нь Сансад таалагдахгүй. Улмаар эгч, дүү Старк улам ойр дотно болж, ах Жоныхоо эсрэг нэгдэнэ. Киноны төгсгөлийн бүлгийн эхний хэсэгт дайн байхгүй. Ихэвчлэн бие биетэйгээ уулзсан дүр зураг гарна. Харин төгсгөлийн хэсэгт маш гайхалтай тулаан өрнөнө. Зураг авалт 55 өдөр үргэлжилсэн" гэж Ария Старикийн дүрийг бүтээсэн жүжигчин Мэйси Уильямс Entertainment Weekly-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Харин Санса Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Софи Тёрнер ярихдаа "Бейлиш өөд болсноор  Санса хэн нэгний хараат байхаа больж, өөрийнхөө төлөө тэмцэх болно. Энэ хэсэг бол улс төрийн үзэгдэл гэхээсээ илүүтэй сэтгэлзүйн дайн байх болно" гэв.

Үүнээс гадна, Колумбийн судлаачид Санса Старкийг долоон хаант улсын захирагч болно гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа билээ.

Киноны гол дүрийн нэг хэсэг болох Жон Сноу болон Серсеи нарыг нэг баг болно гэсэн таамаглалыг зарим судлаачид дэвшүүлээд байгаа билээ. Учир нь, тэдний зураг авалт нэг дор явагдсан гэж цуу яриа дэгдээд байгаа аж. "Гэхдээ киноны төгсгөлийн бүлгийн сюжет нууц хэвээр байгаа. Төгсгөлийн наймдугаар бүлэгтэй холбоотой постерууд чухам юу өгүүлж байгаа талаар хэн ч мэдэхгүй. Магадгүй Серсеи ээлжит цус тоглоомоо эхлүүлэхийг хэлж мэдэхгүй" гэж кино багийнхан ярьжээ.

Харин тус киноны гол зохиолч Жорж Р.Р. Мартин өчигдөр /2019.04.11/ сэтгүүлчдэд тодруулга өгчээ. Тэрбээр киноны төгсгөлийн бүлэгт маш бага оролцоотой байсан бөгөөд миний хувьд бол энэ төгсгөл биш. Киног наймдугаар бүлгээр төгсгөхдөө эргэлзэж байна. Би ном бичих ажилдаа шаргуу орсон гэжээ.

Үүнээс гадна тэрбээр The New York Times сонины сэтгүүлчдэд ярихдаа "Миний бодлоор Жоффригийн дүр заримдаа Трампыг санагдуулдаг. Тэдний сэтгэл хөдлөл адил төстэй. Жоффри бол олон нийтэд өөрийгөө "хаан" гэдгээ сануулах дуртай. Энэ нь түүнийг хүссэнээ хийх боломжтой гэсэн ойлголтыг төрүүлдэг дүр. Энэ байдал нь Трамптай их төстэй. Энэ юу гэсэн үг болохыг би ч хэлж мэдэхгүй байна. Трамп өөрийгөө Ерөнхийлөгч болсноор дуртай зүйлээ хийх боломжтой гэсэн ойлголтыг бусдад төрүүлэг. Энэ утгаараа Жоффригийн дүр бол өнөө цагийн Трамп гэжээ. Мөн "Хаан ширээний тоглоом" орчин үеийн геополитикийн стратеги, бодлогыг харуулж буй мэт гэдэгтээ зохиолч сэтгүүлчидтэй санал нэгдэв. Гэхдээ үүнээс гадна, Жорж Р.Р.Мартин хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг онцгойлон хөндсөн гэдгийг тайлбарлав.

Тэрбээр 1991 онд "Хаан ширээний тоглоом" зохиолоо бичиж эхэлсэн бөгөөд тухайн үед уур амьсгалын өөрчлөлтийн талаар дөнгөж яригдаж эхэлж байв. Иймээс энэ асуудлыг киногоороо дамжуулан үзэгчдэд хүргэхийг зорьсон гэв. Энэ тухай Жорж Р.Р.Мартин ярихдаа "Вестеросын хүмүүс эрх мэдэл, баялгийн төлөө тэмцэлдэнэ. Гэхдээ тэд энэ дэлхийг сүйрүүлж мэдэх өвөл ирж буйг анзаарахгүй. Эрх мэдэл, эд баялгийн төлөө тэмцэлдэхдээ хүмүүс маш их хүчийг зарцуулж байна. Гэтэл уур амьсгалтын өөрчлөлт гэх аюул айсуйг хэн ч анзаарахгүй байгаа. Энэ бол бодит аюул. Уур амьсгалын өөрчлөлт бол төрийн бодлогын номер 1 асуудал байх ёстой. Өнөөдрийн улстөрчид өөртөө эсвэл ивээн тэтгэгчдэдээ үйлчлэхээс илүүтэй ард түмэн иргэддээ үйлчлэх нь чухал гэдгийг ойлгох байх. Гэхдээ хүн бүр Вестерос болон долоон хаант улсын удирдагчдаас тодорхой зүйлийг олж харж, ямар нэгэн зүйл суралцаж байгаа байх" гэжээ.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж