Нөхөрсөг шог зураач өвөө

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Нөхөрсөг шог зураач өвөө

Нөхөрсөг шог зураач өвөө

Та өөрийгөө гурван минутад багтаан зуруулж үзсэн үү. Анзаарсан бол “Тэнгис” кинотеатрт “Таныг хэтрүүлж шоглолгүйгээр богино хугацаанд зурна” гэсэн бичгийн хажууд нэгэн донжтой өвөө суудаг. Энэ өвөө хүнийг гурван минутад зурдаг юм. Бас үйлчлүүлэгчид ч ихтэй байдаг юм билээ. Тасралтгүй үргэлжлэх үйлчлүүлэгчдийнх нь завсар түүнтэй цөөн хором ярилцаад амжлаа. Түүнийг Д.Сүхбаатар гэдэг. Өдгөө 70 насыг шүргэж яваа тэрбээр бага байхаасаа л зураг зурах сонирхолтой байсан бөгөөд хүн дагнан зурах болоод 44 жил болж байгаа аж.

Түүний ажлынх нь арга барил, алдартай, олны танил хүмүүсээс хэнийг зурж байсныг сонирхоход “Хамгийн гол нь хурдан зурахыг голчилдоггүй. Хүнд дурсгал болох зүйл тул сайн зурахыг л хичээдэг. Хөрөг зураг зурахаар 40 гаруй жил ноцолдож байгаа болохоор бүх зүйл гарт орж хурдан зурдаг болсон. Нэг хүний хөргийг зурахад дунджаар гурван минут зарцуулдаг. Дурсгал болгох үүднээс ард нь өөрийн зургаа зурж өгдөг. Үүнд 10 секунд зарцуулдаг. Би нөхөрсөг шог зургийн үзэсгэлэн зургаан удаа гаргасан байдаг юм. Тэртээ 1982 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Үзэсгэлэнд ихэвчлэн олны танил хүний зургийг зурж, тавьдаг. Нэг үзэсгэлэнд 250 гаруй зураг тавигддаг. Бөх, жүжигчин, дуучин гээд олон хүнийг зурж байсан болохоор тэрийг зурсан гэж онцолж ярих гэхээр санаанд орохгүй байна. Тухайн зургийн эзэн нь өөрсдөө, хамаатан садан нь ирээд зургийг авчихдаг. Зургууд маань эзэнтэй болчихдог болохоор хадгалах шаардлага гардаггүй” гэсэн юм.

Д.Сүхбаатар зураачийн ард цэргийн хувцастай, энгэрээрээ дүүрэн медаль зүүсэн зураг байгаа нь нүдэнд тусна. Түүнээс та цэргийн хүн юм уу гэж асуухад “Би цэргийн улс төрийн ажилтан мэргэжилтэй хүн. Зэвсэгт хүчний бэлтгэл хошууч цолтой. Тэтгэвэрт гараад 20 гаруй жил болж байна. Тэтгэвэрт гарсны дараа сургуульдаа гардан тулааны дасгалжуулагч хийж байсан. Зураг зурах бол миний хобби. Хоббигоо орхилгүй “Ард” кинотеатр гэж байх үед тэнд хүн зурдаг байсан. Зуны улиралд жуулчдыг зурдаг. Харин “Тэнгис”-т сууж зураг зурах болоод нэг жил ч болоогүй байна” гэлээ.

Найзуудаараа кино үзэхээр ирсэн жаалууд, хөтлөлцөн алхах хос гээд Д.Сүхбаатар ахаар зураг зуруулахаар олон хүн ирж байлаа. Өдөрт хэдэн хүн зурдгийг нь асуухад “Тэнгис”-тэй гэрээгээр ажилладаг болохоор хэдэн хүн зурдаг, хэдэн төгрөгийн орлоготой ажилладаг талаар мэдээлэл өгч болохгүй. Миний хувьд энд эрт ирдэггүй. Аажуу ирнэ. Үзэгчид их байвал 23.30 цаг хүртэл ажилладаг. Хүн цөөн байвал эрт тардаг” гэсэн юм.

ЗАВГҮЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ

Түүнийг цэргийн хүн, хоббигоо хөгжүүлснээр зураг зурах болсон гэж ойлговол дэндүү хязгаарлагдмал ойлголт болох аж. Тэрбээр бас спортын хүн юм билээ. Боксын спортын мастер, дасгалжуулагч, гардан тулааны багш, боксын спорт тайлбарлагч нэгэн аж.

Тэрбээр нас сүүдэр 70 шүргэж яваа гэхэд дэндээ ануухан. Монголд ихэнх хүн тэтгэвэрт гарлаа л бол гэр зуур эргэлдэж, ач зээ нараа сургуулиас нь авч, хүргэх үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс ийм ануухан байгаагийн нууцыг лавлахад тэрбээр “Өөрийгөө тайван, сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь л чухал. Хүн завгүй байгаа тохиолдолд ямар нэгэн сөрөг бодол орж ирдэггүй. Стрессгүй бас хөдөлгөөнтэй байснаар, спортоор хичээллэснээр хүн эрүүл байна. Бас өөрийнхөө хоббиг хөгжүүлж, дуртай зүйлээ хийж байгаа болохоор өдий насандаа энэ хэмжээнд байгаа байх. Тиймээс хоббигоо битгий орхиорой гэж хэлье. Зураачид дөрвөн жил мэргэжлийн сургуульд сурч зураач болдог бол би мэргэжлийн сургуульд сурч, диплом аваагүй ч 44 жил хоббигоо хөгжүүлж, зураг зурсан байна. Тиймээс өөртөө ажил оноож, завгүй байх л хэрэгтэй.  Нийгэмд байгаа бухимдлаас ангид байхыг хичээх хэрэгтэй” гэж зөвлөж байлаа.

Үйлчлүүлэгчид дараалал үүсгэсэн тул бидний яриа энд хүрээд өндөрлөв. Д.Сүхбаатараар зураг зуруулсан хүн “Ийм хурдан зурчхаж байгаа юм уу. Баярлалаа” гэсээр мишээл тодруулан гарцгааж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж