Дэлхийн циркт хүч сорих Монгол нугараач

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн циркт хүч сорих Монгол нугараач

Дэлхий дахинд Монгол Циркийн нэрийн хуудас болтлоо алдаршсан уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Шувуу шиг дүүлэн нисэх мэт агаар дээр амь эрссэн үзүүлбэрийг үзүүлэхдээ ч тэр, турьхан гараараа ганцхан тулгуураас тулж байхдаа арагш нугарч, цээжин дээрээ дор хаяж 45-50 кг жинтэй 2-3 хүнийг  даах “хүчтэй” хүмүүс бол уран нугараачид.

Үегүй, ясгүй мэт уян налархай хөдөлгөөний цаана багийн эв нэгдэл, уйгагүй хичээл зүтгэл, асар их тэсвэр хатуужил нуугдаж байдгийг найруулагч Ж.Сэнгэдорж  “Би Нар” гэр бүлийн киногоороо харуулсан. Тус киноны хоёрдугаар үзэгдлийн гол дүр Нандин-Эрдэнэ дүрээр үзэгчидтэй уулзсан Л.Шинэзулыг ‘News’ агентлаг  ‘Шинэ нэр’ булангийнхаа энэ удаагийн дугаарт онцоллоо.

Л.Шинэзул циркийн уран бүтээлчид “Циркийн урлаг гэдэг нь цаг, секунд, минутаар хэмжигддэг урлаг юм” гэж ярьдаг. Итгэл дээр тогтдог маш том хариуцлага гэж үздэг гэж бидэнд ярьсан юм.

ЛУВСАНДОРЖИЙН ШИНЭЗУЛ

Төрсөн он сар

2002.02.14

Нас: 17

Орд: Хумх

 Сурч буй сургууль

Ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургууль

Мэргэжил:

Уран нугараач

Одоо эрхэлж буй ажил:

Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач

Сошиал хуудас: Shinezul Zulaa

-АНХНЫ АМЖИЛТ?

Бид 2016 онд ОХУ-ын залуу циркчдийн тэмцээнд оролцож мөнгөн цомын эзэн болж байсан. Тайзан дээр тоглож буй 3-4 минутын үзүүлбэр олон сарын бэлтгэлд арын албан дахь маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Үзүүлбэрийн зохиомжийг манай багш санаачилж гаргадаг. Олон улсын тэмцээнд оролцохоос өмнө гаднын орнуудын циркчдийн үзүүлбэр болон туршлагаас судалдаг ч санаа авдаггүй. Циркийн урлаг дундаа уран нугаралтын үзүүлбэр бүр тухайн хүний оюуны өмч байдаг.

-АНХ ХЭДЭН НАСТАЙДАА УРАН НУГАРААЧ БОЛЖ, ЦИРКИЙН БОСГЫГ ДАВСАН БЭ?

Ер нь төрөлхийн уян хатан хүн гэж байдаг. Таван настайдаа Циркийн босгыг давсан. Ээж аавын хэлснээр би хоёр настайдаа өөрөө нугарч эхэлсэн гэдэг. Манай эцэг эх авьяасыг минь олж хараад уран нугараач болгохоор шийдсэн. Гэхдээ циркийн босго өндөр. Их өвдөлт, тэсвэр хатуужлыг даван туулах хэрэгтэй. Анх уран нугараач болохдоо бэлтгэлийн үеэр багшаасаа нууцхан өдөр бүр уйлдаг байсан. Шантрах үе зөндөө гарна. Уран нугарахад их сунгалттай байх шаардлагатай. Сунгалтын үед гар дээрээ зогсох, сунгалтын дасгалыг эхэн үедээ хийх их хэцүү. Хөл, гар, мөр, хүзүү гээд бүх төрлийн сунгалтыг хийж байж хөл гараа өргөхөд ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэсэн үг.

-ГЭР БҮЛИЙНХНИЙГЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Би айлын отгон бас ганц охин. Хоёр ахтай. Ам бүл тавуулаа. Ах нар маань гэр бүл зохиосон. Манай ээж багадаа гимнастикаар хичээллэдэг байсан гэдэг. Би айлын бага нь ч гэлээ өөрийгөө эрх зантай  гэж боддоггүй.

-ОЙРЫН ХУГАЦААНД ЯМАР ТОГЛОЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БАЙНА ВЭ?

Өнөөдөр Шангрилла төвд тоглолттой байгаа. Тун удахгүй Маргад-Эрдэнэ хүүгийн хандивын аянд зориулж тоглолт хийхээр төлөвлөсөн. Тоглолтуудад зориулж бэлтгэлээ хийж эхэлсэн. Ер нь бидэнд чөлөөт цаг гэж байдаггүй. Хичээлээ тараад бэлтгэлээ хийнэ. Тоглолтгүй өдрүүдэд өдөрт дөрвөн цаг бэлтгэлээ базаана. Харин төлөвлөсөн тоглолтуудтай бол дөрвөөс илүү цагаар хичээллэдэг. Гэхдээ бид бэлтгэлээ хийхгүй удвал бие хөшөөд их хэцүү байдаг. Тийм болохоор үргэлж л бэлтгэлтэй ажиллана. Ахлах ангид орж, ухаан суух тусам бэлтгэлдээ бас тайзан дээр илүү хариуцлагатай болж эхэлдэг. Аль болох алдаа гаргахгүйг л их хичээнэ.

– НАЙРУУЛАГЧ Ж.СЭНГЭДОРЖИЙН  “БИ НАР” ГЭР БҮЛИЙН КИНОНД НАНДИН-ЭРДЭНЭ ОХИНЫ ДҮРД АНХ УДАА ТОГЛОСОН. ЖҮЖИГЧИН БАЙХ ЯМАР САНАГДАВ?

Бид бэлтгэлийнхээ байранд байх үед найруулагч Ж.Сэнгэдорж кино багийнхантайгаа ирж, циркийн амьдралыг харуулсан кино хийж байгаа тухай хэлсэн. Ингээд сонгон шалгаруулалтад багаараа орж, тэнцсэн. Бид тав бэлтгэлээсээ сонгогдсоныхоо дараа Кино үйлдвэрт тус бүрдээ найруулагчтай уулзаж, ярилцлагад орсон. Тэндээс бидний бичлэг, ярих чадварыг хараад би гол дүрд тоглохоор болсон юм. Би өөрийгөө кинонд гол дүр бүтээнэ гэж зүүдэлж ч байгаагүй. Киноны зураг авалтад орох, жүжиглэх тухай огт мэддэггүй байсан. Миний анхны зураг авалт бол хотод ээжтэйгээ гадуур алхаж байхдаа маргалдаад уйлдаг хэсэг байсан. Өмнө нь жүжиглэж үзээгүй болохоор шууд тийм хүнд зураг авалт эхлэхэд хэцүү санагдсан. Тухайн үедээ “Яаж бүтэн кинонд тоглож дуусгана даа” гэсэн бодол төрсөн л дөө. Гэтэл Ж.Сэнгэдорж найруулагч бидэнд зураг авалтад орохын өмнө хэрхэн жүжиглэхийг минь биечлэн үзүүлж, миний өмнөөс жүжиглэж заадаг байсан болохоор их ойлгомжтой бас тийм ч их шантрах зүйл гараагүй. Жүжигчин байх их хариуцлага юм билээ. Дараа нь киногоо үзэхэд санасныг бодвол их боломжийн жүжиглэсэн юм болов уу гэж бодсон. Киногоо үзэхээс өмнө би өөрийгөө жүжигчин биш болохоор зураг авалтын үеэр хэтрүүлэн жүжиглэсэн байх вий, хэтэрхий хичээгээд текст, дууны өнгө “худлаа” болсон байх даа гэж бодсоноос минь илүү байсанд баяртай байгаа. Гэхдээ бүгд төгс гэж хэлэхгүй. Дутагдалтай талуудыг ч өөрөөсөө олж харсан. Жишээ нь, киног үзсэн бол бэлтгэлийн үеэр гэнэт могой гаргаж ирээд л, өнөө амьтнаасаа айж байгаа нь үнэмшилгүй. Бид могой, хунт нуур, аватарын номерыг хийж байсан. Могойн үзүүлбэрийг Ж.Сэлэнгэ багш маань  анх санаачилж могойн хөдөлгөөнийг бидэнд үзүүлж байлаа. “Хунт нуур”-т ч бас хөдөлгөөн бүрийг нь судалдаг. Бас кинон дээрээс харсан бол уран нугаралт өөрөө багийн хамт олноос бүрддэг. Нэг хүнээс тухайн үзүүлбэр, тэр өдрийн бэлтгэл шалтгаалдаг учраас маш цаг баримтлах нь маш чухал.

– ДАЙЧИН, ШАРТАЙ, ХЭРСҮҮ НАНДИН-ЭРДЭНИЙН ДҮР БОЛ УРАН НУГАРААЧ БОЛОХ СОНИРХОЛГҮЙ. ГЭХДЭЭ МАШ ЧАДВАРТАЙ ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ УРАН НУГАРААЧ. ЭНЭ ДҮРИЙГ БҮТЭЭСЭН Л.ШИНЭЗУЛ БОДИТ  АМЬДРАЛ ДЭЭР  НАНДИН-ЭРДЭНЭЭС  ХЭР ЯЛГААТАЙ ВЭ?

– Хүмүүс уран нугараач гэхээр зөвхөн нугардаг, их уян хатан резин шиг гэж ойлгодог. Бид маш их хүч орох дасгалуудыг өдөр бүр хийдэг. Хоёр гар болон нэг гар дээрээ зогсоно. Дээр нь өөр дээрээ хүн авна. Өөрөөсөө гадна хүн даах ёстой учраас маш их хүчний дасгал, суниалт, гар дээр хийх булчингийн дасгалуудыг хэд дахин давуулж хийдэг. Кинон дээр Нандин-Эрдэнэ бол миний зан араншинтай төстэй. Эмэгтэйлэг биш эршүүд, үргэлж электро хөгжим сонсч байдаг, шартай, хурц ааштай, хэрсүү зан гээд энэ дүр надад их ойр байсан.

– КИНОНЫ ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛД ТАНАЙ БАГИЙНХАН ЦИРКИЙН ХӨШИГНИЙ ЦААНА ӨРНӨЖ БУЙ ҮЙЛ ЯВЦЫГ ҮЗЭГЧДЭД ХАРУУЛЖ ЧАДСАН. ЭНЭ ҮЗЭГДЛИЙГ ХАМГИЙН “ХҮНД” ГЭЖ ДҮГНЭСЭН СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

–  “Би нар” кинонд тоглосон хүүхдүүдийг хүмүүс маш эерэгээр хүлээн авч байгаа. Надад ч бас олон хүн баяр хүргэсэн. Киноны эхний үзэгдэл бол хөдөө талд хүмүүсийн дурсамжийг сэргээсэн үйл явдал гарч адал явдлаар өрнүүн, инээд бэлэглэсэн. Гуравдугаар хэсэг ч бас компьютер тоглоомд дуртай хүү болон Мичидмаа нар адал явдлаар дүүрэн хөгжилтэй байдаг. Харин хоёрдугаар үзэгдэлд уйлсан хэсэг их, ээжтэйгээ үргэлж маргадаг гэх мэт HARD буюу хүнд санагдсан /инээв./

-БЭЛТГЭЛ БОЛОН ҮЗҮҮЛБЭРИЙН ҮЕЭР САНАМСАРГҮЙ БАЙДЛААР  ХҮНД БЭРТЭХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙХ. ҮҮНИЙГ КИНОН ДЭЭР ЭЭЖИЙНХ НЬ ДҮРЭЭР ХАРУУЛДАГ ШҮҮ ДЭЭ. ИЙМ ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ АРГА ТЕХНИК, БОЛОМЖ  БИЙ ЮУ?

Тайзан дээр үзүүлбэр үзүүлж байх үед унаж бэртэх тохиолдол гарна. Уран нугаралтаар хичээллэж эхэлж байгаа хүүхдүүдэд яаж унах ёстой вэ гэдгийг заадаг. Өндрөөс уналаа гэхэд өөрийгөө бэртээлгүй гараараа тулахгүйгээр нуруугаа бэртээхгүй хэрхэн зөв унахыг багш нар маань зааж өгсний эцэст бэлтгэл хийж, номер үзүүлдэг. Гэхдээ санамсаргүй байдлаар унавал нуруу аюултай учраас кинон дээр харуулсан шиг хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр. Циркийн уран бүтээлчид “Циркийн урлаг гэдэг нь цаг, секунд, минутаар хэмжигддэг урлаг юм” гэж ярьдаг. Итгэл дээр тогтдог маш том хариуцлага гэж үздэг. Нэг үзүүлбэр хийхийн тулд бэлтгэлийн үеэр багийнхан нэгэнтэйгээ маш сайн нэгдэх ёстой. Нэг хүн шиг нэгнээ бие сэтгэлээрээ мэдэрч, ойлгож байж үзүүлбэр гарна. Тухайн номерыг хийж байхдаа зэрэг хөдөлж, зэрэг сэтгэнэ. Нэгэндээ итгэснийхээ хүчинд тэр үзүүлбэрийг хүмүүст толилуулж чадна гэж боддог.

– АРВАН ЖИЛИЙН ДАРААХ ӨӨРИЙГӨӨ ЯМРААР ТӨСӨӨЛДӨГ ВЭ?

Би дэлхийн циркт ажиллахыг хүсдэг. Гэхдээ яг одоо энд байгаа баг хамт олонтойгоо тэнд очиж ажиллаж, үзүүлбэр үзүүлэхийг хүсдэг. Дэлхийн цирк бол маш алдартай. Олон улсад өнцөг булан бүрт салбартай Нарны циркт хамгийн шилдгүүд нь цугладаг учраас тэнд очоод тоглож буйгаар төсөөлж, өмнөө зорилго тавьдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж