Удаан хугацаагаар нойргүй явбал сэтгэцийн эмгэгтэй болдог

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Удаан хугацаагаар нойргүй явбал сэтгэцийн эмгэгтэй болдог

Удаан хугацаагаар нойргүй явбал сэтгэцийн эмгэгтэй болдог

Монгол Улс анх удаа нойрны өвчлөлийг оношилж, эмчлэх цогц үйлчилгээ үзүүлэх төвтэй болоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус төвөөр 50 гаруй иргэн үйлчлүүлж “нойрны туслалцаа” авсан юм байна. Бид тус төвийн үйл ажиллагаатай танилцахаар үдийн 15.00 цагт Сүхбаатар дүүрэгт байрладаг Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг зорилоо.

Эмнэлгийн үүдэнд цөөн хүн нааш цаашаа холхиж, эм тарианы үнэрт хамар ханхийж байв. Тус эмнэлэгт төрийн тусгай алба хаагчид хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээ авдаг юм байна. Харьцангуй сүүлд ашиглалтад орсон болоод тэр үү цэвэр цэмцгэр эмнэлэг биднийг угтан авсан юм. Ингээд тус эмнэлгийн А корпусын долоон давхарт байрладаг “Нойрны төв”-ийн хаалгаар орлоо. Нэрнээсээ хүртэл содон сонсогдох тус төв нь Монголд анх удаа нойрны эмгэгийг судалдаг “тасаг” гэж хэлж болохоор. Энд ихэвчлэн нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй, хурхирдаг, амьсгал тасалддаг, нойр муутай хүмүүс хандах нь элбэг болж.

Биднийг тус эмнэлгийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны тасгийн дарга Д.Шүрэн угтаж авсан бөгөөд тус төвийн талаар товчхон танилцуулсан юм. Энэ төвд иргэд харьяалал харгалзахгүйгээр ЭМД-аараа үйлчлүүлэх эрхтэй. Нойрны төв нь дэлхийн олон оронд байдаг ч залуу шинжлэх ухаан гэдгийг ч тэрбээр тодотгов. Харин манай улсад төдийгүй дэлхийд нэг жилд 64 сая хүн нойргүйдэх өвчинд нэрвэгддэг гэсэн мэдээлэл бий.

Сүүлийн үед энэхүү өвчинд манай иргэд ихээр нэрвэгдэх болсон нь эмч нарын санааг зовоох болжээ. Хамгийн ноцтой нь нийгмийн бухимдал, стресс, ажилгүйдэл, ядуурал ихсэхийн хэрээр иргэд ядаргаанд ордог гэнэ. Энэ нь нойргүйдэх өвчнийг үүсгэх үндсэн суурь болж өгдөг юм байна. Үүнээс гадна ажлын ачаалал хэт ихэдсэн, сэтгэл түгшүүртэй үед нойргүйдэх магадлал өндөрсдөг ажээ.

НОЙРНЫ ТӨВД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Хүн хангалттай нойр авч чадахгүй явсаар нэг л мэдэхэд нойрны эмгэгтэй болдог гэнэ. Нойрны эмгэг нь дотроо олон янз бөгөөд хурхирах, амьсгал тасалдах, хөлөө өргөх гэхчлэн тухайн хүний бие организмаас хамааран хүн бүрт өөрөөр илэрдэг гэнэ. Хэрэв хүн удаан хугацааны туршид нойргүй явснаар сэтгэл гутралд орох цаашлаад биеийн дархлаа сулрах, ажлын бүтээмж буурах, юмсыг амархан мартаж санах, цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй бий болдог юм.

НОЙРНЫ ЭМГЭГТЭЙ БОЛСОН ҮЕД:

  • Хурхирах
  • Унтаж чадахгүй хөрвөөх
  • Өдрийн ихэнх цагт нойрмоглох
  • Өглөөд толгой өвдөж сэрэх
  • Хөл үргэлж өвдөх, татганах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Манай улсын хэмжээнд нойрны асуудалтай, нойрны эмгэгтэй иргэд цөөнгүй байдаг ч энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байжээ.

Нойр нь бие организмын оршин тогтнох онцгой хэлбэр бөгөөд хүн дунджаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг гэсэн сонирхолтой дүн ч бий. Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд арван цагаас багагүй унтах хэрэгтэй гэсэн зөвлөмж бий.

Тус төв нь нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багаж, эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван багажтай. Нойрны олон үйлдэлт бичлэгийн багажаар хүнийг унтаж байх бүтэн шөнийн туршид тархины цахилгаан бичлэг, нүдний алимны хөдөлгөөн, хамрын болон цээж, хэвлийн амьсгалын хэмжээ, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих зэрэг олон үзүүлэлтийг видео камерын хамт хянаж, эмгэгийг тодорхойлдог юм.

Мөн тухайн өвчтөнд зориулсан тав тухтай орчныг бүрдүүлсэн хийгээд дуу чимээнээс тусгаарлагдсан нэг өрөөнөөс бүрджээ. Харин зэргэлдээх өрөөнд техникч сууж тухайн хүнийг бүтэн шөнийн турш унтаж байхад нь дэлгэцэн дээрх бичлэгийг хянадаг. Иргэдийн дунд нойрны төв нь ядаргаанд орсон нэгнийг унтуулж амраах зорилгоор байгуулагдсан тасаг мэтээр ташаа мэдээлэл гарах болжээ. Гэтэл энэ төвд нойронд илэрдэг эмгэгийг багажийн тусламжтайгаар илрүүлж, зөвлөгөө өгдөг гэж хэлж болохоор. Харин биднийг очиход тус төв хүнгүй хоосон байсан юм. Учир нь өвчтөнүүд шөнийн 22.00 цагаас үүрийн 06.00 цагийн хооронд эмчилгээнд ордог ажээ. Зарим тохиолдолд өдөртөө хүн ирдэг ч энэ нь ховорхон тохиолдол гэдгийг тайлбарлав.

НОЙРГҮЙДЭЛ ДАРХЛААГ СУЛРУУЛЖ, СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БОЛГОДОГ

Тус эмнэлгийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны тасгийн дарга, Д.Шүрэнтэй ярилцлаа. 


-Нойрны ямар өвчин эмгэгтэй хүмүүс энэ төвд хандаж, үйлчлүүлэх боломжтой вэ?

-Нойронд илэрдэг нойрны эмгэгүүд гэж байдаг. Энэ зөвхөн унтаж байх үед илэрдэг, сэрүүн байхад илэрдэггүй, нойртой холбоотойгоор илэрдэг анхдагч ба хоёрдогч өвчнүүд гэж ангилдаг. Жишээ нь нойронд амьсгал тасалдах, хурхирах, хөл үечлэн хөдлөх, өдрийн цагаар хэт нойрмоглодог, нойргүйдэл, нойрны үеүдэд илэрдэг нойрны дагуул эмгэгүүд буюу босоод явдаг, ярьдаг, орондоо шээдэг, шүдээ хавирдаг үзэгдлийг нойрны эмгэг гэдэг.

Ийм асуудалтай хүмүүст нойрны олон үйлдэлт бичлэг буюу Рolysomnography багажаар оношилгоо хийж байгаа. Мөн CPAP буюу эерэг даралтад агаарын тогтмол аппарат нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй хүмүүсийг амьсгал нь саадгүй унтуулах зорилготой аманд нь маск углаад агаарын даралтаар үлээлгэж өгдөг эмчилгээний багаж юм. Манай төвд иргэдийг унтуулдаг амраадаг газар гэж хараад байгаа. Гэтэл энэ бол өрөөсгөл ойлголт. Бид зөвхөн тухайн хүнийг нойрны ямар эмгэгтэй болохыг тодорхойлж заавар зөвлөгөө өгдөг.

-Нойр хүрэхгүй тохиолдолд эмийг л сонгодог. Энэ зөв сонголт мөн үү?

-Монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Бидэнд хандвал нойргүйдлийн шалгуурыг үзэх тестийг бөглөөд гарсан оноогоор архаг нойргүйдэлтэй нь оношлогдвол, дараагийн шатанд нойрны бичлэгээр баталгаажвал тодорхой тунгаар эм зөвлөж болно. Гэтэл манайхан дур мэдэн хэдэн жилээр нь уудаг. Хэрвээ архаг нойргүйдэлтэй гэж оношлогдсон бол нэг төрлийн эмийг нэг сараас дээш уухгүй. Нойрны эмийг удаан хугацаагаар уухаар тухайн хүнийг сэтгэл санааны гүн өөрчлөлтөд оруулдаг. Гаж нөлөө ихтэй. Тийм эмийг дур мэдэн эмчийн зааваргүй уухгүй байхыг зөвлөх байна.

-Унтах цаг хэдээс эхлэх ёстой вэ?

-Нойр бол эрүүл байхын үндэс. Хүмүүс нойргүйдлийг нойрны эмгэгээс ялгаж ойлгох хэрэгтэй. Нойргүйдэл нь тухайн хүнд дөрвөн долоо хоногоос дээш илэрсэн үйл явц юм. Харин унтах цагийн тухайд бид өдөрт найман цагийн нойр авах ёстой. Ингэхдээ насанд хүрсэн хүн 22.00 цагт унтаад өглөө 06.00 цагт босох ёстой. Мэдээж энэ цаг наснаас шалтгаалаад өөр өөр. Хүүхэд бол хоногтоо 9-10 цаг унтана. Тэр цагт хангалттай унтуулахгүй бол уураг тархины хөгжил удааширч, сэтгэн бодох чадвар муудах тал бий.

-Хангалттай нойр авахгүй байна гэж бид ярьдаг. Энэ юутай холбоотой юм бол?

-Мэдээж бид нойрны эрүүл ахуйг сахих ёстой. Энэ эрүүл ахуйд унтах өрөө, гэрэлтүүлэг, агаарын хэм, цонхны хөшиг гээд олон зүйл багтана. Унтлагын өрөөнд зурагт ч байх ёсгүй.  Зөвхөн ор л байна. Жишээ нь зурагт байсан ч би унтчихна гэж боддог. Гэтэл өнөөх нь автоматаар хүний оюун ухаанд нөлөөлдөг байна. Гаднын оронд нойрны эрүүл ахуйд  их нухацтай ханддаг. Дасгал, хөдөлгөөн хийх бол унтахаас хоёр, гурван цагийн өмнө хийнэ. Орой унтахдаа мелатонины ялгаралтыг дэмжих банана, сүү, тараг ууна гээд л. Энд бас сэтгэл санааны хувьд өөрийгөө удирдаж сурсан байх ёстой.

Хэдэн жилээр нь нойргүй явж байна гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ огт унтахгүйгээр олон хоног явах ямар ч боломжгүй шүү дээ. Тэгээд унтаж байгаа эсэхийг нь шинжилгээгээр үзэхэд нойрны чанар 70,80 хувьтай гардаг. Гэтэл энэ хүмүүс сэтгэл зүйн хувьд өөрийгөө нойргүй гээд бодчихдог. Тэр шалтгаанаар өөрийгөө нойргүйдэлд орсон мэтээр төсөөлж байдаг.

-Нойрны эмгэгт хүргээд байгаа шалтгаан юу вэ?

-Нойрны эмгэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хамгийн гол нь хүн бол физиологийн амьтан. Тэгэхээр физиологийн цагаар унтаж амран бодисын солилцоог явуулж байх хэрэгтэй. Тэгж байж элдэв өвчин эмгэгээс ангид байж чадна. Гэхдээ нойрны эмгэгт анхдагч ба хоёрдогч шалтгаан бий. Анхдагч нойрны эмгэгүүд бол удамшлын гаралтай, үүн дээр нэмэгдээд янз бүрийн гаднын эрсдэлт хүчин зүйлүүд нэмэгдээд эмгэг үүсдэг. Жишээ нь, нойронд амьсгал тасалдах эмгэгийн хувьд биеийн илүүдэл жинтэй, хүзүүний тойргийн хэмжээ их, хүзүү богинохон, амьсгалын дээд замын хэсгийн булчингуудын хөгжил дутуу, эсвэл жижиг эрүүтэй байх зэрэг нь энэ эмгэгийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Мөн стрессдэх бие эрхтний хүнд өвчин тусах, өвдөлтөөс болоод унтаж чадахгүй байх зэрэг нь хоёрдогчоор нойрны эмгэгүүдийг үүсгэдэг.

-Нойрны эмгэгүүд хэр хугацааны дараа бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг вэ?

-Хөл үечлэн хөдөлдөг эсвэл өдрийн цагаар нойрмоглодог эмгэгүүдийн үед уудаг олон эм бий. Тодорхой хугацаанд хяналтаар уугаад эмчилгээг зогсоох эсэхээ шийддэг. Нойронд амьсгал тасалдах эмгэгийн хувьд амьсгал тасалдал, бууралтын индекс нь хэр байгаагаас шалтгаалаад эмчилгээний хугацаа янз бүр. Ер нь л эерэг даралтад агаарын аппаратыг байнга зүүх шаардлагатай болдог. Эрсдэлийг бууруулахын тулд биеийн жингээ барих, дасгал хөдөлгөөн хийх, унтдаг байрлалаа өөрчлөх зэрэг байж болно.

Мөн тус төвийн хувьд ихэвчлэн 30-55 насны иргэд үйлчлүүлдэг бөгөөд биеийн жингийн илүүдэлтэй, эсвэл архаг нойргүйдэлд орсон иргэд хандах нь элбэг гэнэ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж