Монгол Улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл гэр бүл салалтын шалтгаан нь юу байна. Салалт болон гэр бүлийн үнэ цэнэ, бие биеэ ойлгох тухай Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч гэр бүл судлаач, магистр Р.Бадамцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр гэр бүлээ төлөвлөх нь харилцаагаа хэвийн урт удаан үргэлжлүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн онцоллоо.
МОНГОЛ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ОНЦЛОГ НЬ ИХ УРАМ, МАГТААЛЫН ҮГ ХҮСДЭГ
Өнөөдрийн монголын нийгэмд “Дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна” гэсэн судалгааг судалгааны байгууллагаас гаргажээ. Нийгэмд салалт гэдэг цаасан дээрх бичиг баримтыг өөрчлөөд л болчихдог гэх амархан ойлголт түгээмэл болчих шиг боллоо. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
–Салалт үүсэх олон шалтгаан бий. Хамгийн түгээмэл нь ажилгүйдэл, ядуурал, архидалт гэх зүйлүүд байна. Гэхдээ монгол гэр бүлүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь гараанаас гараад бариа руу хүрэх замдаа гэр бүлийн нэгдмэл нэг зорилгоо тодорхойлж чаддаггүй. Тухайлбал, хүүхдээ өсгөөд, сургууль төгсгөөд, гэр бүлтэй болгоод тусдаа гаргаадахвал боллоо гэж боддог. Гэтэл эргээд хартал өөрсдийнх нь харилцаа юу ч үгүй “хоосон” болчихдог. Үүнээс харахад эхнэр, нөхөр хоёр гэр бүлийг бий болгохдоо бэлтгэгдээгүй байгаа нь ажиглагдаж байна. Гэр бүлд үүсдэг асуудлаа шийдвэрлэж чадахгүйн улмаас салалт гэсэн “амархан” арга замыг хосууд сонгож байна.
–Тэгэхээр хосууд гэрлэлтэд бэлтгэгдээгүй байдаг гэсэн үг үү?
–Тийм ээ. Энэ нь гэр бүл төлөвлөлтийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй өөрийнхөө туршлага дээр үндэслээд л гэр бүлийг бий болгож байгааг харуулж байгаа юм. Дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна гэх статистик тоон үзүүлэлтийн цаана олон талын сөрөг асуудлууд үүсэх учраас өнөөдөр бид гэр бүл төлөвлөлтөд анхнаасаа сайн бэлдэх хэрэгтэй.
-Та гэр бүл төлөвлөлтийг чухал гэлээ. Гэр бүлийг хэрхэн төлөвлөх вэ?
– Гэр бүл төлөвлөлт гэдэг нь амьдралынхаа байдалд нь тохируулан төрөлт хоорондын зайг зөв зохицуулан тохиромжтой насан дээрээ жирэмслэх, хүссэн үедээ хүүхэд төрүүлэхийг хэлнэ.
Гэр бүл гэдэг ойлголт бол эрэгтэй эмэгтэй хоёр нэгэн бие болохыг хэлж байгаа. Тэгвэл монгол эмэгтэй хүний онцлог нь туйлын мэдрэмтгий, харилцаан дээр их тулгуурлаж харилцдаг. Тэгвэл нөгөө талдаа монгол эрэгтэй хүний онцлог нь их урам, магтаалын үг хүсдэг.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгэн гэр бүлийг үүсгэхдээ гэрлэлтэд маш нямбай хандах хэрэгтэй. Гэрлэлтэд нямбай хандахад дараах хэд хэдэн хүчин зүйлийг онцолж харна. Тухайн гэрлэх гэж буй хүнийхээ гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, удам судар, тухайн хүний төлөвшил гэх мэтчилэн зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Гэр бүлийг хайр сэтгэлийн үндэс дээр суурилан баталдаг хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар хосуудын харилцаанд хайр сэтгэлээс илүүтэйгээр гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага хамгийн чухал зүйл болоод байна.
-Монгол хүний онцлог гэснээс монгол гэр бүлийн онцлог шинж нь юу вэ?
–Монгол гэр бүлийн онцлог нь хосуудын харилцаан дээр хамгийн их илэрдэг. Тухайлбал, монгол гэрт гэр бүл гишүүд хоорондын харилцаа нь одоогийнхоос илүү амьд байсан. Гэтэл орчин үед хотжиж, орон сууц, амины орон сууцанд шилжсэнээр гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа хөндийрч, харилцах нь багассан.
Нэг ёсондоо хоорондоо богино өгүүлбэрээр харилцдаг болсон гэсэн үг. Жишээлбэл, ээж нь хүүхдэдээ гэрийн даалгавраа хийсэн үү, хоолоо идсэн үү, хариулт нь тийм эсвэл үгүй гэсэн богино өгүүлбэр рүү шилжсэн.
Ялангуяа хот суурин газарт амьдарч буй иргэд завгүй гэх шалтгаанаар гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нь багассан. Тэд ердөө 2-3 цагийг л гэр бүлдээ зарцуулдаг ч чанартай цагийг өнгөрүүлдэггүй. Нөгөө талаараа хосуудын хоорондох бат бөх харилцаа сүүлийн 5-10 жилийн хугацаанд алдагдаж байна.
ЭМЭГТЭЙ ХҮН НАМАЙГ ХҮНДЭЛСЭНГҮЙ ГЭХЭЭС ИЛҮҮ НАМАЙГ ХАЙРЛАСАНГҮЙ ГЭЖ Л ГОМДОЛДОГ
–Бат бөх гэр бүлийн харилцааг үүсгэхэд эхнэр, нөхрөөс ямар хүчин зүйлс шаардагдах уу?
Нэгдүгээрт бие биеэ хүндэтгэн харилцах гэдэг зүйлийг сайн бодолцох хэрэгтэй. Эрэгтэй хүн бол намайг хэзээ ч хайрласангүй гэж гомдолдоггүй. Намайг хүндэлсэнгүй л гэж гомдолдог. Харин эмэгтэй хүн намайг хүндэлсэнгүй гэхээс илүү намайг хайрласангүй гэж л гомдолдог. Тэгэхээр бие биеийгээ хүндэтгэж, биеийнхээ онцлогт тулгуурлаж харилцах юм бол гэр бүлийн бат бөх харилцааны үндсэн суурь болж өгнө.
Хоёрдугаарт бие биеийнхээ онцлогт тулгуурлаж харилцсаныхаа дараа гэр бүлийнхээ соёлыг хамтдаа нэгдмэлээр бий болгох. Өнөөдөр эхнэр нөхрийн тал биш яг өөрсдийн гэр бүлийн соёлыг залуучууд өөрсдөө бий болгох хэрэгтэй. Өөрийн гэр бүлийн соёл гэхээр хамтдаа нэгдмэл нэг хоббитой байх. Эсхүл эхнэр нөхрийн аль нэг нь оройтож болно. Гэхдээ хаана юу хийж байгаагаа хэлж бай ч гэдэг юм уу ийм соёлыг бий болгочихоор тэрхүү соёлоо хамгаалахын тулд гэр бүлүүд хичээдэг. Гэр бүлийн соёл гэдэг нь анхнаасаа дүрэм журмаа тогтоно гэсэн үг.
Гуравдугаарт гэр бүлийн чанартай цагийг өнгөрүүлэх чухал. Чанартай цаг гэдэг нь гэр бүлийн гишүүд бүгд оролцсон анхаарал тавьсан харилцаа нь идэвхтэй байхыг хэлдэг. Идэвхтэй байх гэдэг нь хүүхэдтэйгээ хамт хоол хийх, долоо хоногийн нэг өдрийг wifi хэрэглэхгүй гэр бүлээрээ ярилцаж өнгөрөөх зэрэг байж болно.
Дөрөвдүгээрт хосууд харилцаандаа нээлттэй байх хэрэгтэй. Харилцаа гэдэг зүйл нэг л өдөр алга болоод явчихдаг зүйл биш. Хосууд харилцаагаа өдөр тутамд тойлж арчлах ёстой. Хоёр биеийнхээ харилцаа болон хэрэгцээг хангаж чадахгүй байгаа үед хүн өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх магадлалтай.
–Гэр бүлийн сэдвийг ярьж байгаа учраас хүүхдийг орхигдуулж болохгүй нь. Залуу хосууд маань шинэхэн хүнээ хүлээж авахдаа юун дээр илүү анхаарах ёстой юм бол?
–Хамгийн эхэнд эхнэр нөхөр хоёр бие махбодь болон сэтгэл зүйгээ хэн хэн нь сайн бэлдэх хэрэгтэй. Учир нь эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол хүүхэдтэй холбоотой нэмэлт 100 гаруй санхүүгийн хэрэгцээ үүсдэг учраас эдийн засгийн байдлыг мөн харгалзан үзнэ. Дараа нь хүнээр хүн хийнэ гэх монгол ухаанд маш сайн суралцах ёстой. Хүүхдээр хэрхэн зөв хүн хийх вэ гэдэг гэр бүлийн боловсролын маш том суурь. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүд 50/50 хувь буюу энэ тэнцүү оролцоотой байх ёстой. Ихэнх гэр бүлүүд анхны төрөлтдөө анхаараад дараа дараагийн төрөлтөд тийм ч их анхаардаггүй. Нэгэнт төрөөд гэртээ суусан бол ойрхон дахиад төрчих. Нэг хоёрын хооронд ялгаа юу байх вэ гэж түгээмэл ярьцгаадаг. Гэхдээ тухайн эхийн бие махбодын нөхөн сэргэлт, гэр бүлийн санхүү, үргэлжлүүлээд хүүхэд гаргахад том хүүхдийн сэтгэлзүйг бэлдэж байж дүүтэй болгох зэрэг маш олон асуудлуудыг чухалчилж авч үзэх хэрэгтэй.
Монголын уламжлалт ёсонд дүүтэй болж байгаа хүүхдэд бэлэг өгч баярлуулдаг. Нэг ёсондоо ах/эгч болж байгаад нь баяр хүргэж байгаа гэсэн үг. Энэ уламжлал ёсыг мэдэхгүйгээс болоод олон гэр бүл манай хүүхэд дүүтэй болсон чинь ааштай ууртай зөрүүд болчихлоо, дүүгээ шоглоод байх юм гэдэг.
Энэ бол хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдээгүйгээс болоод бүх хүн дүүд нь анхаарал тавиад өөрийг нь орхигдуулж байгаа мэдрэмжийг том хүүхдэд төрүүлдэг. Тэгэхээр төрөлтийн эрэмбийг ч гэсэн сайн төлөвлөх хэрэгтэй.
-Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлийн эдийн засгийн хүнд дарамт болж байна. Энэ нь гэр бүлийн маргаан үүсэх шалтгаан болдог гэж сонссон ?
-Гэр бүлийн маргааны 75 хувь нь санхүүгээс үүснэ. Гэхдээ мөнгөнд танай гэр бүлийн аз жаргалыг булаах орон зайг битгий өг гэж хэлмээр байна. Гэр бүлийн санхүүг хэн ч бүрдүүлсэн бай хамгийн гол нь өөрөө өөрийнхөө үүргийг л гүйцэтгэх ёстой. Би санхүүгийн эх үүсвэрийг авчирдаг гээд өрхийн тэргүүн байх гээд эмэгтэй хүн зүтгээд байх албагүй. Нөгөө талаасаа мөнгө олохгүй байна гээд нөхрөө битгий ад үз.
Тиймээс гэр бүлийн санхүүгийн талаар эхнэр нөхөр хоорондоо ярилцаж хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй. Тухайн шийдвэрт хэн хэнийх нь оролцоо байсан учраас дараа нь алдаж оносон ч хоёулаа түүнийхээ хариуцлагыг хүлээнэ. Тэгэхгүй чи шийд гарга гэж хэлчхээд онох юм бол би гээд алдах юм бол чи гэдэг алдаа гэр бүлүүдэд их ажиглагддаг.
МӨНГӨНД ТАНАЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫГ БУЛААХ ОРОН ЗАЙГ БИТГИЙ ӨГ
– Сүүлийн үед залуу гэлтгүй гэр бүлүүд зөвхөн хуримтлал үүсгэхийн тулд хоёр талд завгүй ажиллаад хоёр биеэ мартчихдаг юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
–Гэр бүлийн аз жаргал юу вэ гээд маш олон хүмүүсээс асуувал эд баялаг, хөрөнгө мөнгө гэж хэлж магадгүй. Гэхдээ эдийн засгийн ямар нэгэн хүчин зүйлс буюу хуримтлал гэхээсээ илүүтэйгээр хамгийн гол нь хосууд хоорондын харилцаа л чухал. Түүнээс биш гурван өрөө байртай, тансаг машинтай байлаа гээд та хоёрын харилцаа хөндий байвал хэчнээн эд хөрөнгөтэй байгаад яах юм.
Бие биеийнхээ хүндлэл, хайр дээр тулгуурласан гэр бүл аз жаргалтай байдаг. Хамгийн чухал нь эхлээд сэтгэлзүйн хэрэгцээг хангачих юм бол хосууд дараа нь өөрсдөдөө байхгүй хэрэгцээг бий болгож чадна. Санхүү чухал уу, гэвэл чухал гэхдээ гэр бүлээ золиосолж болохгүй.
Аль болох элэг бүтэн гэр бүлийг л бүтээх хэрэгтэй. Хэрэв хосууд зөв санхүүгийн зохион байгуулалттай байж чадах юм бол аливаа эрсдэлийг ямар ч асуудалгүй даван гарч чадна.
–Ер нь ихэнх хосууд энэ байдлаар амьдардаг байх. Зурагтаа хоймортоо залчихна. Тэгээд буйдан дээрээ сууж хоолоо идэнгээ зурагтаа үзнэ. Ийм амьд биш харилцаа ихэнх айлд байгаад байх шиг. Харилцаагаа амьд болгохын тулд гэр бүлүүд юун дээр анхаарах вэ?
–Зурагт бол шаардлагатай үед асаадаг эд, ширээ бол тойрч суугаад ярилцах зориулалттай тавилга гэдгийг мэддэггүй. Тухайлбал дунд насны гэр бүлүүд унтахынхаа өмнө телевизийн өмнө цуглаад буцаад унтаад маргааш болдог. Харин харьцангуй залуу хүүхэдтэй гэр бүл аль нэг нь толгой өөд татах завгүй хүүхдээ харж, нэг нь ажлаасаа ирээд унтана. Маргааш нь тал тал тийш тарж явцгаадаг. Өөрөөр хэлбэл гэртээ байх хугацаандаа бие биеэ дэмжиж, хоорондоо сайхан ярилцах, амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрөөх чухал.
Тэгэхээр гэр бүлийнхэн ойлголцдог болъё гэвэл налаад суудаг буйдан, тойрч суугаад хоол иддэг ширээнээс эхлэх ёстой. Өнөөдрийг хүртэл гэр бүлийн энэ соёлыг бий болгоогүй явсан бол одоогоос тэрхүү соёлыг бий болгоход оройтоогүй. Тухайлбал, хоолоо идэхдээ зурагтаа унтраана заавал хоолныхоо ширээнд ирж сууна гэхчлэн. Эхлээд дасаагүй учраас хүүхдүүдтэйгээ ярилцахад эвгүй. Хамгийн гол асуудал нь бид тийм орчинд амьдарч өсөөгүйд л байгаад байна. Эхлээд бага багаар сургаж, дасгаж тэр соёлыг гэр бүлдээ бий болгоорой. Сүүлдээ хоолны ширээний ард суухын тулд гэр бүлийн гишүүд яаран ирдэг болдог юм шүү.
-Гэр бүлийн харилцааг гадаадын судлаачид алган дээр тавьсан шилэн бөмбөлөгтэй зүйрлэжээ. Унагаах юм бол хялбархан хагарч орхидог шилэн бөмбөлөг гэсэн үг. Ийм эмзэг зүйл дээр тогтож байдаг гэр бүлийн харилцаагаа яаж нандигнан хайрлах ёстой талаар манай уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Гэр бүл бат бөх байхын хамгийн энгийн зүйл бол жинхэнэ хайр байх ёстой. Хайр, хайрлах гэж юуг хэлээд байгаа мэдэхгүй байгаа тохиолдолд гэр бүл бат оршин тогтнох тухай яриад ч хэрэггүй. Үнэхээр чин сэтгэлийн хайр сэтгэл дээр оршин тогтноогүй гэр бүлийн төгсгөл салалт л байдаг.
Тиймээс зүрхээ сонсож, эд материалд бус жинхэнэ хайр сэтгэлээр гэр бүл зохиодог байх хэрэгтэй. Мөн хоёр биеэ шалтгаангүйгээр баярлуулж болно. Сарнай цэцэг бариад ороход эмэгтэй хүн баярын өдөр шиг л догдолж хүлээн авна.
Гэхдээ зөвхөн нөхөр нь л санаачлах биш эхнэр нь ч гэсэн санаачилж болно. Эрэгтэй хүнийг толгой эмэгтэй хүнийг хүзүү гэж зүйрлэх юм бол хэр уян хүзүү байх вэ гэдэг нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Хамгийн чухал нь хосууд хоёр биеийгээ насан туршдаа хайрлаж халамжлах ёстой гэдгээ л ухамсарлаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ