Нийслэлийн Баянгол дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг гуравдугаар сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон гэдгийг албаныхан мэдээлж байсан.
Хүү одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус төвийн сэхээний тасагт 25 хоног хэвтэн эмчлүүлж, дахин хагалгаанд оржээ. Хүүгийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-ийн эх сурвалжаас асуухад “Дөрвөн настай хүү манай төвийн сэхээний тасагт 25 хоног хэвтэн эмчлүүлж, дахин хагалгаанд орсон. Өчигдрөөс /2019.04.11/ хагалгааны дараах энгийн тасагт шилжиж, биеийн байдал нь сайжирч байгаа” гэв.
Дөрвөн настай хүү нь ГССҮТ-д анх гуравдугаар сарын 13-ны өдөр тус эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт бусдад зодуулсан байдалтайгаар хүргэгдэн иржээ. Ерөнхийдөө биеийн байдал нь хүндэвтэр, зүүн талын хатгаалын доод гурван үе дээрээ хугаралтай. Битүү гэмтэлтэй ирээд яаралтай журмаараа хугарлаа бэхлэх мэс засалд, мөн хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах зорилгоор хэвлийн мэс засалд орсон байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ