Эквадорын ЭСЯ-нд 2012 оноос хойш “орогнож” байсан, “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дөрөвдүгээр сарын 11-ний Пүрэв гаригт Лондоны цагдаагийн газраас баривчилсан байна.
Эквадорын засгийн газар орогнол олгохоос татгалзсаны дараа Ассанжийг баривчилсан талаар тус хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Вестминстерийн Магистратын шүүхээр орох юм байна.
Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хувийн нууцыг задруулсан хэрэгт буруутгасан цагаас хойш тус улсын удирдлагуудын Ассанжид хандах хандлага эрс өөрчлөгджээ. Морено “Ассанж болон түүний хуулийн багийнхан бидэнтэй хийсэн яриа хэлэлцээгээ удаа дараа зөрчсөн” хэмээн мэдэгдсэн билээ.
Өмнө нь Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас тун удахгүй албадан гаргах тухай мэдээлэл цацагдсан талаар “Викиликс” сайт твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж байв. Учир нь “INA Papers оффшорын дуулиан” нь Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено нартай холбоотой авлигын хэргийн баримтууд байжээ.
Эх сурвалж: Reuters