Оюутолгойн асуудлаар ЗГ-т асуулга хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлаар ЗГ-т асуулга хүргүүлнэ

УИХ-ын гишүүн  Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийж Оюутолгойн асуудлаар Засгийн газарт асуулга хүргүүлэх болсноо мэдэгдлээ. Сүүлийн үед  “Риотинто” компанитай Засгийн газар эвлэрлийн гэрээ байгуулж, 30 сая ам.долларын татварыг цайруулах санал тавьсан гэх мэдээлэл гарч байгаа.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын тухай хуульд заасны дагуу  Засгийн газарт асуулга тавихаар болжээ.

Асуулгад

-Нэгдүгээрт,  Оюутолгой  компани үйл ажиллагаа явуулснаас хойш хэдий  хэмжээний  олборлолт  хийж хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ. Энэ нь гэрээнд заасан нөхцлийг хангаж чадаж байна уу.

-Хоёрдугаарт,  Ерөнхий сайдын 2012 оны 45-р захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн  хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио тинто компанитай хийж байгаа хэлэлцээрийн үр дүн ямар байна вэ.

-Гуравдугаарт,  Оюутолгой компанид  хийсэн зардлын хэтрэлтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх

-Дөрөвдүгээрт,  Харилцан буулт  хийх ямар нэг гэрээ хэлэлцээр явагдсан нь  үнэн эсэхийг  асуулга явуулж тодруулах гэнэ.


 УИХ-ын гишүүн Г.Уянга:

Асуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасан. Бидний амьдралыг өөрчилнө гэж  найдаж байсан Оюутолгойн  гэрээг олон нийтэд ил тод хэлэлцэх ёстой. Нэг жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэр 2014 онд 515 мяйнган тонн зэс  экспортолсон бол Оюутолгой түүнээс 40 хувиар илүү   буюу 723 мянган тонн зэс гаргасан. Харин төлсөн татвар нь  Эрдэнэт үйлдвэр 432.7 тэрбум, Оюуттолгой 149.7 тэрбум. Өөрөөр хэлбэл Оюутолгой 40 хувиар илүү экспорт  хийчихээд  50 хувиар бага татвар төлсөн байна.  Борлуулалтын орлого 2014 онд Эрдэнэт үйлдвэр 979.7 тэрбум төгргөгийн борлуулалтаас 338.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Гэтэл Оюутолгой  хоёр дахин их буюу 1.9 их наяд төгрөгийн борлуулалтаас 246 тэрбум төгрөгийн татвар  төлсөн байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн төлсөн татварын 70 хувь гэсэн үг. Адилхан зэс гаргаж байгаа хоёр компанийг харьцуулахад ийм байна. Эндээс Оюутолгой бидэнд өгөөжөө өгч байна уу гэдгийг  төвөггүй харж болно.

УИХ-ын гишүүн  Л.Цог:

Хуульзүйн утгаараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээ хүчин төгөлдөр бус.  Баримтын шалгалтаар  хөрөнгөө илүү   оруулсан асуудал  илэрсэн. Үүний цаана авлига, хээл хахууль явж байгаа юм бишүү гэдэг хардлагыг төрүүлж байна.  Мөн хайгуул хийсэн талаар  баахан зардалд 700-800 сая доллар  оруулчихсан байгаа.  Татварын багц асуудал бий. Яагаад  Эрдэнэт-ээс хэд дахин бага татвар төлж, сүүлдээ эвлэрлийн гэрээ хийх асуудал яригдсанг нь  нууц  байна.  Баримтын  шалгалтаа хоёр жил гаруй нуусан. Бид олж аваад байнгын хороогоор  хэлэлцэх байсан ч одоо  хойшлуулж байна. Энэ гэрээг нууцлах ямар шаардлагагүй. Үүнийгээ  ард түмэндээ ил болго гэдэг шаардлагыг асуулгаараа тавьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Оюутолгой компанийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэж шалгахад   хоёр  тэрбум долларын хэтрэлттэй, үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ямар ч баримтгүй, хэний данс руу орсон нь тодорхойгүй зөрчил илэрсэн. 600 сая доллар  нь  техник тоног төхөөрөмжийг дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин өндрөөр үнэлсэн   ноцтой зөрчил илэрсэн. Үүнийг хэлэлцүүлэхгүй хав дараад байгаа юм. Оюутолгойн хөрөнгө  оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурин дээрээ одоог хүртэл  тууштай  хэд хэдэн гишүүн бий.  2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гишүүдээс Ц.Даваасүрэн гишүүн л  үлдээд байна. Бусад нь байр сууриа 180 градус өөрчилсөн гэлээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж