“Агшин”, “Хүүхэд нас”, “Жирийн монгол охин” зэрэг олон дуугаараа 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан дуучин, хөгжимчин Б.Цог шинэ тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Олон олон залуусын нандин дурсамжийг хадгалсан тэртээх он жилүүдийн дурсамжид очих “Жирийн монгол охин” тоглолт ирэх бямба гаригт “UB Palace” концертын их танхимд тоглогдох юм.
“Шигтгээ” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Б.Цог “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллан мэргэжлийн хөгжимчний түүхээ эхэлсэн байдаг. Мөн гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн ч өдгөө бүтээлүүд нь хуучраагүй эгшиглэсээр байна.
Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвин яваа дуучин, хөгжимчин, найруулагч Б.Цогийн тоглолтод олон уран бүтээлч оролцохоор болжээ. “Жирийн монгол охин” тоглолтод урилгаар “Хар сарнай”, “Титэм”, “Айзам”, “Харш”, “Ньюанс”, “Мотив” хамтлаг, дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, жаз дуучин Ц.Хулан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцох юм.
Холбоотой мэдээ