Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Аливаа албан бичигт гарын үсэг зурахдаа хууль, дүрэм журмаа судалдаггүй, мэддэггүй, ашиг сонирхлын улмаас хэн нэгний хатгаасаар "хөдөлдөг" нөхдөөс болоод 244 иргэн гэртээ орох эрхгүй болоод арав гаруй хонож байна.

Хэдийгээр дүгнэлт ийнхүү гарсан ч буудалд "хоног төөрүүлж" байгаа оршин суугчдын хувьд "Барилгын дүгнэлтийг үнэн зөв гарсан гэдэгт ихэнх оршин суугч эргэлзэж байгаа. Цаашид гэртээ амьдрах нь битгий хэл орохоос ч эмээж байна, Гэр бүл, үр хүүхдээ эрсдэлд оруулахыг ч хүсэхгүй байна" гэцгээж байгаа юм.

12 давхар байрнаас ердөө зургаахан метр орчмын зайд үерийн далан дээр 18 давхар барилга барих зөвшөөрөл олгож, улмаар өнөөх газрыг ухаснаар байранд хазайлт өгсөн гэж эхний байдлаар дүгнэн оршин суугчдыг өмссөн хувцастай нь зочид буудалд байрлуулаад ийнхүү багагүй хугацаа өнгөрлөө. 13 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтээр бол тус байрыг нураах шаардлагагүй, тус байрны дэргэд барилга барихаар ухсан нүх барилгад ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлээгүй гэх дүгнэлтийг гаргасан. Тодруулбал дүгнэлтэд "16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно" гэж гарсан.

Хэдийгээр дүгнэлт ийнхүү гарсан ч буудалд "хоног төөрүүлж" байгаа оршин суугчдын хувьд "Барилгын дүгнэлтийг үнэн зөв гарсан гэдэгт ихэнх оршин суугч эргэлзэж байгаа. Цаашид гэртээ амьдрах нь битгий хэл орохоос ч эмээж байна, Гэр бүл, үр хүүхдээ эрсдэлд оруулахыг ч хүсэхгүй байна" гэцгээж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, оршин суугчдын зүгээс мэргэжлийн хяналтынхны гаргасан дүгнэлтэд эргэлзэж, дүгнэлтийг маапаантай гарсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иргэдийн хэлж байгаачлан барилгын дүгнэлт үнэхээр хуудуутай юу, дүгнэлт гаргасан мэргэжлийнхэн хэн нэгний халаасанд орсон байх магадлалтай эсэхийг хэлэхэд шууд хэлэхэд бэрх юм. Тиймээс барилгын салбарын мэргэжлийн гэх дараах хүмүүсээс дээрх дүгнэлтийг хуудуутай байх магадлалтай эсэхийг тодрууллаа.

  • Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар:

-Мэргэжлийн хүний хувьд энэ асуултад хариулт өгье. Барилгын зүүн талаас нь нүх ухаад зүүн тийш хазайвал тухайн барилгад ухсан нүх нөлөөлсөн гэж үзнэ. Харин барилга эсрэг тийш хазайсан бол ухсан нүх барилгад нөлөөлөөгүй гэж үздэг юм. Үүнийг мэргэжлийнхэн бүгд мэдэж байгаа. Тиймээс тухайн барилгын хувьд ухсан нүх нөлөөлөөгүй байна гэж ойлгож болно.

  • "Барилга корпораци"-ийн ерөнхийлөгч, НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн байнгын хорооны дарга Л.Шагдарсүрэн:

-Гавьяат барилгачин, насаараа барилга барьсан хүний хувьд хэлэхэд ухсан нүхнээс болж тус байр хазайгаагүй. 12 давхар байшингийн орой дөрвөн сантиметр хазайна гэдэг бол зөвшөөрөгдөх хэмжээнд байх хазайлт. Барилгыг барихдаа ч хазгай барьсан гэж хэлж болохгүй юм. Ухсан нүхнээс болж барилга хазайвал ухсан тал руугаа хазайна гэдэг нь томъёо гэсэн үг. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо гэгч нөхөр шал дэмий сенсааци дэглээж, улстөржиж онцгой байдал, цагдааг дуудаж юу ч болоогүй байхад иргэдийг нүүлгэн шилжүүлсэн нь буруу. Иргэдийн сэтгэл санаагаар тоглож, төрийн мөнгийг үрэн таран хийх үйлдэл хийж байгаа тэр Д.Оросоод хуулийн дагуу хариуцлага тооцож, хохирлын бүх мөнгийг төлүүлэх хэрэгтэй. Барилгын тухай бүхий л дүрэм журамд зааснаар 12 давхар барилгын дэргэд 18 давхар барилга барихад дөрвөн метрийн зайтай байхад хангалттай гэж заасан байдаг юм. Тэр хоёр барилга чинь есөн метрийн зайтай юм билээ. Тиймээс оршин суугчид айх аюулгүй гэртээ өнөөдөр ч ороход болно шүү дээ гэлээ.

  • 16 дугаар байрны оршин суугч П.Оюун:

-Мэргэжлийн хяналтынхан "Танай байр ухсан нүхнээс болж барилга хазайгаагүй. Угаасаа хазгай байсан гэсэн. Тиймээс барилгыг ухсан талаас жаахан засч янзлахаар гэртээ орж болно" гэсэн. Би төдийгүй энэ зочид буудалд байгаа хүмүүс ярилцаад цаашид гэртээ орох нь эрсдэлтэй, хазайсан байранд санаа амар амьдарч чадахгүй гэж ярьцгаасан. Хэд хоноод орж солих хувцасаа авч, талоны хоол идэж байгаа нь үнэхээр хүндрэлтэй байна гэсэн юм.

  • Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:

-Баянгол дүүргийн зүгээс тэр дундаа миний зүгээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг санаачлаагүй, зохион байгуулаагүй. Нийслэлийн онцгой комисс хуралдаад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Хэдийгээр барилгын хажууд ухсан нүх барилгад нөлөөлөөгүй гэж гарсан ч тус барилгад хүн амьдрахад эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас одоо ч анхааруулж байгаа. Хэд хоногийн өмнө бороо ороход тус нүхнээс 100 тонн ус гаргалаа шүү дээ. Хамгаалалтад аваагүй дээрх хэмжээний ус барилгын суурь бетонд хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй юм.


Ямартай ч барилгын салбарынхан, иргэд, дүүргийн удирдлагуудын санал ийнхүү зөрөлдөж байгаа юм. Эцэст нь оршин суугчид хэзээ гэртээ орох эрхтэй болох, орон сууц эрсдэлтэй эсэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж