Байр суурь: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг түрүүлж барих нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Байр суурь: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг түрүүлж барих нь зөв үү?

Байр суурь: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг түрүүлж барих нь зөв үү?
төмөр зам

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2019.04.10/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам барих шийдвэр гаргасан бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэх тухай хэлэлцэж эхлээд байгаа.

Дээрх чиглэлийн төмөр зам баригдах нь Монголд хэр үр ашигтай вэ гэдэг асуудлыг хөндөж судлаачдын байр суурийг сонирхлоо.


"МОНГОЛД БОСОО ТЭНХЛЭГИЙН ТӨМӨР ЗАМ АШИГТАЙ"

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДОКТОР  Ч.СҮРЭНХОРЛОО:

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих нь ач холбогдол багатай. Нэг ёсондоо Хятадын нутаг дээгүүр явах төмөр замыг товчилсноор тухайн улсад л ашигтай болохоос биш Монголд ашиггүй. Тийм учраас би дэмжихгүй байгаа. Зэрэгцээ босоо төмөр замыг шинээр тавьж болохгүй. Яагаад гэвэл Замын-Үүдийн төмөр замаа ч 100 хувь ашиглаж чадахгүй байна шүү дээ.

Уг нь  Засгийн газар эхлээд Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээг яаралтай батлах ёстой юм. 16-20 хүчин зүйлийг тооцож үзээд, шинжлэх ухааны үндэстэй тооцоолон бодож гаргаж ирсэн сүлжээ байдаг. Түүнд энийг ойрын таван жилд, энийг дараагийн таван жилд гэдгийг тооцсон байдаг л даа. Сүлжээг батлахын тулд үйлдвэр, уул уурхай, хот тосгон бүх юмаа төлөвлөөд төмөр замын аюулгүй ажиллагааг хангасан нэгдсэн сүлжээ бий болох ёстой юм. Төмөр замын нэгдсэн сүлжээтэй болбол нэг улстөрч нь гарч ирээд нэг шоу хийгээд дуртай газраасаа зам татах асуудал гаргаж тавьдгаа болино.

Төмөр замын нэгдсэн сүлжээ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй хийж гаргаж ирдэг том ажил. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид хийдэг. Тэр ажлыг хийчихвэл төмөр замаа хувийн хэвшил нь тавина уу, төр нь тавина уу хамаагүй. Шинжлэх ухааны энэ том ажил хаягдсанаас тэр лүү  ч төмөр зам тавина, энэ рүү ч тавина гэж хошуу дүрцгээж байна.

Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын төв гээд хэн удирдаад, юу хийгээд байгаа нь ойлгомжгүй нэг газар байна. Түүнийг татан буулгадаг юм уу, эсвэл нэрийг нь өөрчилдөг юм уу. Төмөр замынхаа талаар шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулдаг газар болгон өөрчлөх хэрэгтэй.

Төмөр замыг цэргүүдээр бариулна л гэх. Байлдаан болох гэж байгаа биш дээ. Түр замыг цэргүүдээр бариулдаг нь  байлдахын тулд. Нарийндаа Улаанбаатар төмөр замын төмөр замыг стратегийн зориулалтаар барьсан юм.

1945 оны дайны дараа Уралд байгаа бүх үйлдвэр аж ахуйгаа Хятадад өгөх зорилгоор уул уурхай хамаарахгүйгээр Наушкаас Замын-үүд хүртэл уул өгсүүлээд гараар барьсан түр зам бий, түүнийг цэргүүдээр бариулсан. Одоо техник, технологи хөгжчихөөд байна. Шинжлэх ухааны үндэстэй, тооцоотой ажиллах ёстой шүү дээ. Долоо хэмжиж нэг огтолно гэж үг бий. Тийм нөхцөл нь бүрдчихээд байхад хүй нэгдлийн үеийн юм ярьцгаах юм.

Төмөр зам барих явцад цэрэг осолд өртвөл яах вэ. Хүний амь чухал биш юм байхдаа. Сургалаа ч гэлээ осолдохгүй гэх баталгаа байхгүй. Төмөр зам барьдаг, засдаг сэлбэдэг мэргэжлийн хүмүүсийн хүний хаана ч хүрэхгүй. Дадлага, туршлага хэрэгтэй. Арай л биш  шийдвэр гаргаад байна. Шоу биш байгаа л гэж хардах.

Дунд сургуулийн хүүхэд нэгнийхээ юмыг сонсож байгаад дуурайгаад юм хийхээр зүтгэдэгтэй төстэй л юм болоод байна даа.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДАГАСАН ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГИЙН ДАРГА АСАН Р.РАШ:

УИХ-аас  2009 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталснаас хойш 10 жил болж байна.

Засгийн газар давын өмнө урагшаа төмөр зам тавъя гэж байх шиг байна. 200 гаруй км газар. Урд хөршийг чиглэсэн нүүрсний тээврийн автомашины жирийсэн цуваа, оочер дугаар, хөдөлгөөний аюулгүй байдал, хүн амь насаа алдсан гээд олон нөхцөл байдлыг бодож, урагшаа төмөр замаа баръя гэж байгааг буруутгах аргагүй. Өмнөговийн эдийн засгийн бүс районоо Сайншандын төмөр замтай холбоё гэж байгаа нь зөв. Зайлшгүй хийх л ёстой ажил.

Ажил хэрэг болгож чадвал Монголд ашигтай. Харин хугацааны хувьд их худлаа сонсогдоод байгаа. Төмөр  зам барина гэдэг амар ажил биш. Хугацаа шаарддаг. Ерөөгийн чиглэлд тавьсан 80 км төмөр замыг 2 жил гаруй барьсан санагдана. Хангай газар уул овоо ихтэй, мод ус элбэг, газрыг дайрч төмөр зам баригдсан учраас нөхцөл хүнд байсан байх л даа. Хятадууд гол ажил нугалсан. Хүн, хүчээр ч зодоо биз. Багануур, Эрдэнэтийн төмөр замыг 3-4 жил зарцуулж барьсан.

Цэргүүдээр бариулна гэж байна.  Цэргүүдээр хийлгэх ажил зөндөө гарна. Газар шорооны ажил хийхээс эхлээд зам рейс тавих. Цэрэг дайчдаа дайчлах нь зөв ч нарийн мэргэжлийн ажлыг тэд яаж хийх билээ. Тэр ажилд мэргэжлийн хүмүүсээ татан оролцуулах хэрэгтэй.

"НОГДОЛ АШГИЙГ МИНЬ ХУЛГАЙЛЖ ШОРОО ОВООЛОХ НЬ"

ЭДИЙН ЗАСАГЧ Л.НАРАНБААТАР:

Ногдол ашиг өгөхгүй яндагнаад байсны учир олдож байх шиг? Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмж буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга 3-ын зөвлөмж гэгчээр "Эрдэнэс Тавантолгой"-н хамаг ашгийг Зүүнбаянгийн төмөр зам руу 414 км шороо овоолоход цацах сураг гараад явчихлаа. Сул хэвтэж буй идшэнд явахад хамгийн амархан мөнгө л дөө. Өмнөх Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр зам дээр овоолсон шороо зүүн жигүүрт үргэлжлэх нь. Ядаж өмнөх шороогоо төмөр зам болгож гүйцээж болно доо. Гэтэл дахиад хоёрдугаар дараалалд, Зүүнбаянгийн шороог овоолсны дараа барь гэх Их гурвалын зөвлөмж гарчээ. Хэдэн хулгайч зунзайгаад ард түмэн ангайгаад хоцорно. Ногдол ашиг түй цаашаа болно…!!!!

Одоо ногдол ашгийг минь хулгайлж зүүн тийш шороо овоолно гэж байгаа бол ёстой май шүү! Бид босох болно!.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж