Эрдэмтэд судалгааны явцад Филиппиний Лузон арлын Каллао агуйгаас “хомо лузоненсис” хэмээх хүний шинэ төрөл зүйлд бүртгэгдэх амьтны олдворууд олж илрүүлсэн байна. Энэ нь 50-67 мянган жилийн тэртээ амьдарч байсан, хоёр том хүн, нэг хүүхдийн чулуужсан олдворууд байсан аж.
Лузоненсисыг неоандерталь, хомо сапиенс, хомо флорисиенс зэрэг зүйлийн амьтадтай нэгэн цаг үед амьдарч байсан гэж үзэж буй юм байна.
Судлаачид 2011, 2015 онд малтлага хийж, агуйгаас 12 гар, хөл, гуяны яс болон шүд олж илрүүлжээ. Эрдэмтэд эдгээр олдворуудыг Лузон арлаас олсон тул "лузоненсис" хэмээн нэрлэсэн байна. Урьд нь 30-40 мянган жилийн өмнөх хомо сапиенсийн олдвор Палаван арлаас олдож байжээ.
Лузоненсис нь бусад төрлөөсөө юугаар ялгаатай вэ?
Энэхүү амьтан нь бусад төрлүүдээсээ жижиг араа шүдээрээ ялгаатайгаас гадна гар, хөл тавхайн яс нь тун өвөрмөц аж. Хурууны ясуудын хэлбэр хомочуудын өвөг 2,9-3,9 сая жилийн өмнө амьдарч байсан австралопитекустай төстэй байгаагаас харахад тэд амьд үлдэхийн тулд ямар нэг зүйл дээр авирдаг байсныг илтгэж байна гэж эрдэмтэд үзжээ.
Хомо флоресиенсис буюу хоббитууд Африкаас нүүж, зүүн өмнөд Азид ирснийг гэрчлэх хэд хэдэн олдвор байдаг аж. 2003 онд Индонезийн Флорес арлаас 100-60 мянган жилийн өмнө амьдарч байсан хоббитуудын яс олджээ. Тэд орчин цагийн хүн төрөлхтөнтэй харьцуулахад тархины хэмжээ нь 1/3-тэй тэнцэхүйц, метр орчим өндөртэй ч чулуу ашиглаж, заан агнадаг байсан гэж үздэг.
Эрдэмтэд хоббитууд газар нутгийн онцлогоос шалтгаалан улам бүр жижгирсэн ба магадгүй лузоненсисуудад ч ийм зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй гэжээ. Мөн тэд “Уг олдвор эрт дээр үед хүний дүрст амьтад Зүүн Өмнөд Азид нүүдэллэн ирсний томоохон баталгаа" гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь эрдэмтэд дээрх олдвороос гадна хүний гурван өөр төрөл зүйлийг амжилттай илрүүлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ