Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу?

Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу?

Улаанбаатарын  хаана, ямар самбар байгуулахыг нийслэлийн Гадна зар сурталчилгааний зөвлөлийн шийдвэрээр шийддэг. Тус зөвлөлөөс зөвшөөрөл олгосон рекламны самбараас нийслэлийн төсөвт ч багагүй мөнгө төвлөрдөг аж. Гэвч иргэд дур мэдэн зам дагуу рекламын самбар босгодог. Эзэнгүй айлыг эзгүйчилж байгаа мэт нэг цагийн дотор зөвшөөрөлгүйгээр рекламны самбар байрлуулах нь энүүхэнд .

Жишээлбэл,  дугуйн замыг эвдэн, рекламны самбар байгуулсан тухай мэдээ зураг сошиалд өчигдөр /2019.4.10/ тавигдсан юм.  Уг асуудлыг сурвалжлахаар “Цэцэг төв”-ийн зам дагуу тавьж буй дугуйн замыг зорилоо. Зураг дээр байсан рекламны самбарыг замын хажууд тавьсан байв.  Харин рекламны самбар байсан хэсэгт замын хучлага хууларч, хайрга, чулуу онгилогдсон байгаа харагдав.

РЕКЛАМНЫ  САМБАРААС 825 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

Энэ асуудлын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн  Г.Билгүүнээс тодрууллаа.


-Сошиал орчинд тархсан зураг  дээр байгаа самбарыг хэзээ суурилуулсан юм бэ. Байрлуулсан самбар нь зөвшөөрөлтэй юу. Мөн самбарыг байрлуулсны дараа дугуйн зам тавьсан юм уу, дугуйн замыг эвдэж самбар байрлуулсан юм уу?

-Миний хувьд дугуйн зам болон самбар дээр хяналт тавьж ажилласан. Зураг дээрх самбар нь Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны самбар. Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо нь 2017 оны арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотын Захирагчдын албанд хогийн савтай самбарыг 100 байрлалд байрлуулах хүсэлт ирүүлсэн юм. Ингээд хүсэлтийг судалсны дүнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн дэргэд байдаг Гадна зар сурталчилгааны зөвлөлөөр 2018 оны нэгдүгээр сарын 2-нд хэлэлцэж,  хүсэлт дэмжигдэн, гэрээ байгуулсан юм. Хүсэлт дэмжигдсэнээр хогийн савтай самбар байрлуулах ажил 2018 оны хоёрдугаар сард эхэлсэн. Ингэхдээ хамгийн эхний самбараа Бага тойрууд байрлуулсан байдаг.

Үүний дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Засаг даргын А358 дугаар захирамжаар дугуйн зам хийхээр болж, дугуйн замыг Улаанбаатар зам арчлалын газраар гүйцэтгүүлэхээр болсон. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал гарч, үнэлгээний хороо хуралдсан. Тухайн ажил зураг төсөлгүй байсан тул  Үнэлгээний хороо зураг төслийг батлагдтал ажил эхлэх хугацааг хойшлуулсан. Ингээд зураг төсөл бэлэн болж, 2018 оны есдүгээр сарын 3-нд дугуйн зам барих ажил эхэлсэн.  Дугуйн зам барих ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлээд, хүйтэрсэн тул дуусгаж амжилгүй зогссон юм. тухайн хэсгийн дугуйн зам дутуу байгаа. Резинэн будаг наагаагүй, тэмдэглэгээг нь хийгээгүй байгаа.

-Тэгэхээр рекламны самбарыг байрлуулсны дараа дугуйн зам барих ажил эхэлсэн юм байна гэж ойлголоо. Дугуйн замыг барихдаа самбарыг яагаад буулгаагүй юм бэ?

-Дугуйн замын загвар зургийн дагуу 4-5 самбар, Цэцэг төвийн манаачийн путк зэргийг авах шаардлагатай болсон. Улаанбаатар зам засвар тухайн үед өөр олон ажил дээр ажилласан тул хүн хүч хүрэлцэхгүй байна, ажлаа эхлээд чөлөөлөх шаардлагатай объект тулсан үед нь буулгая гэсэн юм. Ингээд тус самбар байрлаж буй хэсэгт зам тавих үед хоёр байгууллага хоорондоо тохиролцоогүй юм билээ.

-Дугуйн замыг хэзээ барьж дуусах вэ?

-Дугуйн замын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлэх даалгаврыг Улаанбаатар зам засварынханд өгсөн. Тус дугуйн зам нь Бага тойрууд буюу Цэцэг төвөөс, Улаанбаатар зочид буудал хүртэл үргэлжлэх юм. Дугуйн зам барих ажил энэ ондоо багтаад дуусах болно.

-Хотод замбараагүй, олон рекламны самбар байдаг. Үүнийг цэгцлэх ямар ажил хийж байна вэ?

-Хуучин  Энх тайваны өргөн чөлөө, наадамчдын зам, хороолол битүү рекламны самбартай байсан. Одоо тийм биш, хороололд 3-4 самбар бий. Энх тайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайд нэг ч самбар байхгүй. Чингисийн өргөн чөлөөнд цөөн самбар бий. Төрийн сангийн хэлтэс манайд төлөвлөгөө өгсөн байдаг тул рекламны самбарыг огт байрлуулахгүй байж болдоггүй.

-Нийслэл рекламны салбараас хэдэн төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг вэ?

-Бидэнд гадна рекламнаас  нийслэлд 820 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн жил өгч, бид төсөвт 821 сая төгрөг төвлөрүүлсэн. Харин энэ жил бидэнд 825 сая төгрөг төвлөрүүлэх даалгавар өгсөн.

-Рекламыг хэдэн төгрөгөөр байрлуулдаг вэ?

-Зам дагуух зэрэглэлээс шалтгаалан ам метр нь 40-160 мянган төгрөг байдаг.

-Зөвшөөрөлгүйгээр рекламны самбар байрлуулсан хүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Эзэн холбогдогч нь тодорхойгүй байвал самбарыг албадан буулгадаг. Эзэн нь тодорхой бол тав хоногийн дотор самбарыг буулгах албан бичиг хүргүүлдэг. Ингээд буулгахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхийг шаардан Мэргэжлийн хяналтын байгууллагад ханддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж