Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд Төрийн ордонд болж байна. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулж байна.
Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг зургаан удаа зохион байгуулсан байна. Тэгвэл зургаа дахь их хурлаас хойш 23 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.
Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд гурван удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулалт хийх асуудлыг хөндөх юм. Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх нь хурлын бас нэг онцлог ажээ.
Г.ЛХААХҮҮД МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЭЭВ
Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа.
Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.
МӨН ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН:
- Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг,
- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа,
- Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш Пэрэнлэйн Дулмаа
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахмад багш Гончигийн Дуламжав,
- Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпил,
- Архангай аймгийн Эрдэнбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн,
- ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 17 928 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ 29 СУРГУУЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Хурлын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Багшийн хөгжил-Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Тэрбээр их хурлаас үр өгөөжтэй, холын хараатай шийдвэрүүд гарна гэж итгэж байгааг онцлов. “Багш нарыг багшлах үндсэн ажлын чиг үүргийн бус захиргааны болон бусад ажилд дайчилдаг, элдэв цаасан тайлан тооцоо, мэдээлэл гаргах ажлаар дардаг байдлыг зогсоох, тэднийг төрөл бүрийн орон нутгийн болон байгууллагын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад дайчилж, сурагчдыг зохион байгуулалттай оролцуулахыг даалгадаг, тэдгээр уралдаан тэмцээний үр дүнгээр багшийн ажлыг дүгнэдэг зарчмын бус байдлыг таслан зогсооно.
Улсын хэмжээнд нийт 28 сургуулийн 8451 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгааг 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр 12440 хүүхдийн хүчин чадалтай 22 сургууль, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 3440 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 640 хүүхдийн хүчин чадалтай нэг сургууль, Япон улсын буцалтгүй тусламжаар 1400 хүүхдийн хоёр сургууль, нийт 17 928 хүүхдийн хүчин чадал бүхий 29 сургуулийг ашиглалтад оруулснаар улсын хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
"БАГШ БОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭС" ГЭВ
Хурлын үеэр академич Б.Жадамба “Улсын хөгжил хүнээс, Хүний хөгжил багшаас, Багшийн хөгжил бодлогоос” сэдвийн дор илтгэл тавилаа. Тэрбээр “Өнөөдрийн хурлаар төр засаг маань биднийг үнэлж, басхүү ихээхэн үүрэг хариуцлага хүлээлгэж байна гэдгийг та бүхэн төрийн өндөрлөгүүдийн хэлсэн үгнээс харж байгаа байх. Бид зургаан их хурал хийлээ. Хамгийн сүүлийн хурлаас их хуралд хандсан сайхан заалтууд бий болсон. Харамсалтай нь энэ заалтууд цаасан дээр үлдсэн гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр багш нар бухимдалтай байна. Арга ядаад ажлаа хаяж байсан. Багш хүн гэдэг уужим сэтгэлтэй байдаг. Бид бурууг өөрсдөөсөө их эрдэг.
Өөрийн маань их соёлоос бусдын өв соёл давамгайлсан тэр бодлогын дагуу бидний хийсэн ажлын дагуу өнөөдөр ийм болгоход хүрснийг дотроо бодож суудаг. Энэ зааланд гурван үеийн багш нар сууж байна. Ахмад үеийн багш нар боловсролын салбарт маш их зүйл хийсэн. Тухайн үед сургалтын хөтөлбөр төлөвлөгөө тогтвортой байлаа. Сурах бичиг чанартай, багшаа сонсдог байлаа. Тэр үеийн багш нар эрдэмшиж, мэргэжихийн төлөө үнэн сэтгэлээсээ хичээдэг байсныг онцолмоор байна. Өнөөдрийн хуралд сайн муу олон асуудал яригдана. Нийтээр нь шинжих юм бол бодлоготой холбоотой хэдэн асуудал байгаа. Өнөөдөр багш нар сайн муу их хэлүүлэх юм. Гэхдээ бид ихийг бүтээж байгаа гэдгийг хүний хөгжлийн индекс харуулж байгаа юм. Багш бол улсын хөгжлийн үндэс. Багш нарын зүгээс нэгдүгээрт эрүүл байх, хоёрдугаарт амьдралын баталгаатай болох, гуравдугаарт, тэтгэвэртээ гарчхаад бололцоотой амьдармаар байгааг хэлмээр байна” хэмээн ярилаа.
Хурлаар багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэж байна. Мөн тус хуралд санал, сэтгэгдлээ хүргүүлэх багш нар Багшийн хөгжлийн ордны 402 тоотод биечлэн хүргэх, орон нутгаас сонгогдсон төлөөлөгчөөр дамжуулан өөрийн саналаа илгээх, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын www.itpd.mn хуудсаар онлайнаар илгээх боломжтой юм.
Э.АРИУН