Засгийн газрын өчигдрийн /2019.04.10/ ээлжит хуралдаанаар хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгасан.
Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна. Энэ тухай Монголын Шинжлэх Ухааны Академи Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар: Манай хүрээлэн Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдворыг Монгол Улсад эргүүлэн авчрах асуудлыг олон жилийн өмнөөс шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж, холбогдох яам тамгын газарт нь хандаж ажилласан. Энэ асуудалд хэн ч анхаарлаа хандуулж байгаагүй. Одоо л хяналт тавьж, хууль нь чангарч байна. Үүнээс өмнө ганц Батаараар зогсохгүй энэ төрлийн гэмт хэрэг Соёлын өвийг хамгаалах тухай хууль чангарахаас өмнө буюу 1990-2010 он хүртэл маш их гарч байсан юм. Мэргэжлийн бус хүмүүс палеонтологийн олдворыг олж авахдаа 70-80 хувийг сүйтгэж, олж авсан 30 хувиа хил давуулсан байдаг. Үүний ул мөр хээрийн судалгааны явцад харагддаг. Товчхондоо, хуулийн хяналт чангарахаас өмнө палеонтологийн олон тооны олдвор хилээр хууль бусаар гарсан гэж хэлж болно. Эдгээр олдвор өнөөдрийг хүртэл Монгол Улсад эргэн ирээгүй. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдворыг АНУ-аас Монгол Улсын өмч гэдгийг нь тогтоовол эх оронд нь буцаан олгодог зарчимтай” гэлээ.
Хойд Америкийн махан идэшт “Тиранозавр Рекс”-ийн ойрын төрөл “Тиранозавр батаар” гэх үлэг гүрвэлийн араг яс, олдвор зөвхөн Монголын говиос олддогийг палентлогичид хөдөлшгүй баримтаар нотолсон байдаг.
Эргэн сануулахад, 2013 онд Монголын говиос хууль бусаар авчирсан Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Америкийн иргэн дуудлага худалдаанд оруулах гэж байсныг тус улсын шүүхээс хураан авч Монголын талд шилжүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Үлэг гүрвэлийн төв музейг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
Тираннозавр Батаар нь 70 сая орчим жилийн тэртээ Цэрдийн галавын үед одоогийн Монголын говьд амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг байна.
Холбоотой мэдээ