Томчуудын буруугаас болж жилд 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор энддэг

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Томчуудын буруугаас болж жилд 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор энддэг

Томчуудын буруугаас болж жилд 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор энддэг

Хүүхдийн амьд явах эрх томчуудаас болж зөрчигдсөөр байгаа нь нийгмийн нэг том асуудал болоод байна. Харамсалтай мэдээ хүргэхэд, өнгөрөгч онд 52 айл өрх зам тээврийн ослын улмаас хагацал үзэж, үр хүүхдээ алджээ.

Мэдээж, үүний гол буруутан нь томчууд бид өөрсдөө. Хүүхдээ алдаж байгаа энэ үйл явдал эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдал, дүрэм журмаа баримталдаггүй жолооч нараас үүддэгийг албаныхан байнга хэлж, анхааруулсаар байгаа.

Тухайлбал,  эцэг эхчүүд 3-5 насны хүүхдээ дагуулсан  явган хүний гарц тавхан метр хүрэхгүй зайтай байхад гарцгүй газраар гэнэтхэн гүйдэг. Дээр нь бага насны хүүхэд завал харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцох ёстой. Гэтэл зарим эцэг эхчүүд 10 хүрээгүй жаахан хүүхдэд дүүг нь даатгаж, сургууль, цэцэрлэг рүү нь  хүргүүлдэг. Үүнээс болоод дүүтэйгээ хамт машины осолд хамт орж байсан гашуун түүх ч бий.

ГССҮТ-ийн үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас мэдээлснээр 2018 онд улсын хэмжээнд 19 нас хүртэлх иргэдийн 52 мянга гаруй осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж бйагаа бөгөөд 27.8 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай байна.

Осол гэмтлээр өнгөрөгч онд 375 хүүхэд амиа алдсаны 14.2 хувь буюу 52 хүүхэд зам тээврийн ослоор энджээ. Иймээс эмч нарын санаачилгаар “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж буй юм. Энэхүү өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2019.04.11/ 12.30-13.00 цагийн хооронд  эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд байгууллагынхаа ойролцоох авто замаар осол гэмтлээс сэргийлэх уриа лоозон барьж алхах зэрэг олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах аж. Тус өдөрлөгийн талаар өнөөдөр эмч мэргэжилтнүүд Тээврийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн хурал хийлээ.

ЖИЛД 50 ГАРУЙ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ БАЙНА 

НЭМГ-ын дарга Т.Энхзаяа “Зам тээврийн ослоор олон хүүхэд амиа алдаж байна. Өнгөрсөн онд хүүхдийн осол гэмтлийн 52 мянган мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь нийт гэмтлийн 40 орчим хувийг эзэлж байгаа. 2018 онд осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан. Эдгээрээс 52 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Энэ 52 хүүхэд бол ЕБС-ийн нэг ангийн хүүхэдтэй тэнцэх тоо. Тэгэхээр эмч бидний зүгээс зам тээврийн осол гэмтлээс хүүхдээ хамгаалахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Жаргалантуул “Нийслэл хотод төрийн өмчийн 672 цэцэрлэг, 245 сургууль үйл ажиллагаа явуулж байна. өнөөдрийн байдлаар 264 мянган хүүхэд сургуульд суралцаж 117 мянган хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байна. Нийтдээ 470 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгийн боловсролд хамрагдаж байгаа.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль цэцэрлэгийн орчинд замын хаалт, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах шаардлага бий. Энэ чиглэлээр бид нийслэлийн төсвөөс 2017 онд 870 сая төгрөг, 2018 онд 800 сая төгрөг, 2019 онд 800 сая төгрөг буюу нийтдээ 2.6 тэрбум төгрөгөөр 35 сургуулийн орчныг сайжруулсан. Мөн сургуулийн орчинд “School police”-ийг явуулж байна. БСШУС яамтай хамтраад сургууль, цэцэрлэгүүдэд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үүний дагуу эрсдэлтэй сургууль цэцэрлэг дэх зөрчлийг бууруулж байна. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд зөв үлгэр дууриал үзүүлээсэй гэж хүсч байна” гэлээ.

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан “2018 онд 142 мянган хүн осол гэмтэлд өртсөн. Үүний 50 орчим мянга нь хүүхэд өртсөн байдаг. Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэгд уналт, хоёрдугаарт, зам тээврийн осол, гуравдугаарт, түлэгдэлт багтдаг. Жилдээ осол гэмтлээр 370 гаруй хүүхэд нас бардаг. Энэ бол маш харамсалтай тоо. Эдгээр тоо жил бүр нэмэгдэх боллоо. Тодорхой олон шалтгаантай боловч осол гэмтлээс сэргийлэх тал дээр бид нэгдэх цаг болсныг харуулж байна. Үндэсний хэмжээнд осол гэмтлээс сэргийлэхийн тулд цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч байгаа хэдий ч эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй хавсарсан хүнд гэмтэлтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа” гэж ярилаа.

Мөн зам тээврийн осолд өртөгсөд ихэвчлэн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь насаа алддаг ажээ. Харин ГССҮТ-д өдөртөө 500 гаруй иргэн яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлдэг бөгөөд үүний 150-200 нь хүүхдийн осол гэмтэл багтдаг юм байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр осол гэмтлийн 80 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг бөгөөд ихэнхдээ суудлын бүс зүүгээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,  хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэргээс үүдэн осол гэмтэл гардаг гэдгийг мэдээлсэн юм.

Иймээс эмч мэргэжилтэн, цагдаагийн алба хаагчид нэгдэж зам тээврийн ослоор эндэж буй хүүхдийн тоог бууруулахын тулд томчуудыг хариуцлагаа нэмэгдүүлж, алхам тутамдаа суудлын бүс хэрэглэж, жолооны ард суусан бол хурдаа тохируулахыг анхаарууллаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж