Ардчилсан хүчний холбоо: Одоо ба ирээдүй

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбоо: Одоо ба ирээдүй



Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд, тэр дундаа нам дотроо лидер гэж үнэлэгддэг хүмүүс анх энэ холбоог үүсгэн байгуулахад “Ардчилсан нам салж бутрав”, “Хамтарсан Засгийн газрын бялуунаас хүртэх хувь дутсан хүмүүсийн С.Батболдын Засгийн газрыг унагах ээлжит төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ” хэмээн нэлээд сүр дуулиан, айдас хүйдэс, басхүү зарим нь баяр баясгалантайгаар хүлээж авсан билээ. Нөгөө талаас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн байгуулсан Зүүний хүчний холбоотой эсрэгцүүлсэн мэт сонсогдох Ардчилсан хүчний холбоо нэрээс харсан ч улс төрийн нөхцөл байдал, хүчний хуваарилалтад тодорхой хэмжээнд өөрчлөлт орох нь гэдэг хүлээлт олон нийтийн дунд үүсээд байгаа. Холбооны анхдугаар их хурал анх үүсгэн байгуулах үеийн хурал шиг сүр дуулиан тариагүй ч агуулга, ач холбогдлын хувьд арай өөр төвшинд очсон болов уу. Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй төлөөлөгч оролцож, Хөгжлийн бүс, Шинэ Улаанбаатар, Нийгмийн салбарын шинэчлэл, Байгаль орчин, экологи, Шинэ хөдөө, Улс төр, эрх зүйн шинэчлэл гэсэн тодорхой сэдвүүдээр зургаан салбар хуралдаан зохион байгуулсан. Анхдугаар их хуралд оролцсон төлөөлөгчдийн 80 гаруй хувь нь дээд боловсролтой, 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтойн дээр хэлэлцсэн асуудлын хүрээ, агуулга, ач холбогдлын хувьд саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Эдийн засгийн чуулга уулзалтаас дутахааргүй. Үнэн хэрэгтээ аль нэг, нэг улс төрийн бүлэг фракци, төрийн бус байгууллагаас зохион байгуулсан гэх аргагүй өргөн хүрээтэй болсон.



Холбооны тэргүүн З.Энхболдын нэгдсэн хуралдаан дээр тавьсан үндсэн илтгэл, салбар хуралдаануудын илтгэлүүд ч Засгийн газрын төвшинд боловсруулж ирсэн үндэсний хөтөлбөрүүдээс илүү тоо баримт, үндэслэл судалгаа, харьцуулалттай, тодорхой санал санаачлага дэвшүүлснээрээ цоо шинэ зүйл байсан гэж болно. Илтгэгчдийн дунд эрдэмтэн судлаачдаас гадна УИХ-ын гишүүд өөрсдөө оролцож, мэргэшсэн салбаруудаараа, гэхдээ намын бодлого болоод УИХ, Засгийн газрын байр сууринаас ангид, нэлээд бодитой сонсогдохуйц тоо баримтуудыг дэлгэж, бодлогын гэж хэлж болохуйц саналуудыг дэвшүүлэн хэлэлцүүлсэн нь хуралдааныг илүү амьд, шинэ соргог уур амьсгалтай болгов. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Улс төрийн боловсролын академийн захирал, доктор Д.Ганбат нар “Шинэ хөдөө” салбар хуралдаанд, “Хөгжлийн бүс”-ээр УИХ-ын гишүүн Д.Одхүү, МҮИС-ийн багш, доктор Ш.Цогоо, “Шинэ Улаанбаатар”-аар С.Эрдэнэ гишүүн, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир, “Нийгмийн салбарын шинэчлэл”-ээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, ЭНЭШТ-ийн захирал Ш.Энхтөр, “Байгаль орчин, экологи”-оор Г.Баярсайхан гишүүн, Экологийн дээд сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Эрдэнэцогт, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, “Улс төр, эрх зүйн шинэчлэл”-ээр УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, улс төр судлаач А.Саруул нар илтгэсэн.



С.Эрдэнэ гишүүн илтгэлдээ Хот болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулахдаа төвлөрлийг сааруулах, эрх үүргийг шат дараалан шилжүүлэх зарчмыг тууштай баримтлах, улс орны амьдралд нийслэл хотын эзэлж байгаа онцгой байр суурийг харгалзан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудаас нийслэлийн өмнө хүлээх үүргийг үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоохыг санал болгосон. Мөн хуулиудыг боловсруулахдаа “Улаанбаатар хотын статус”-аас гадна олон улсын “Хотын эрхийн тухай дэлхийн дүрэм”-ийн үзэл санааг тусгаж, хууль тогтоомжоор хотын иргэдийн үүргийг тодорхойлохоос гадна хүн ам, оршин суугчдын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл үйлчилгээний болон байгаль орчны хүрээн дэх эрх, эрх чөлөөт байдал, хүн амын үйлчилгээ, түүний дотор усаар хангагдах, тээвэр хэрэглэх, орон байр болон ажил эрхлэх, сурах, эрүүл тогтвортой орчноор хангагдах зэрэг иргэдийн эрх, энэ талаарх засаг төрийн хүлээх үүргийг тодорхойлж өгөхийг санал болгосон. Урьд нь бид иргэд татвар төлөх, хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй тухай л ярьж байснаас бус хотын иргэн ямар эрхтэй тухай дуугарч байсан бил үү. Мөн нийслэлийн хэт төвлөрлийг задалж, аж үйлдвэрийн төвүүдийг шинээр зохион байгуулах , төмөр замд суурилсан нийтийн тээврийн тогтолцоо, төмөр замын буудлуудад түшиглэсэн хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, гэр хорооллын нөхцлийг эрс өөрчлөх, Налайхыг аж үйлдвэр, ачаа тээврийн парк, Багануурыг эрчим хүч, нүүрс, хими барилгын материалын үйлдвэр, Багахангайг хөдөө аж ахуйн болон боловсруулах үйлдвэр, Жаргалант, Сонгино, Туулын бичил бүсийг эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй, арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрийн бүс болгож, Аргалантад суурьшлын шинэ бүсээр баримжаалан хөгжүүлэхийг санал болгосон.



Мөн Х.Тэмүүжин гишүүний “Улс төр, эрх зүйн шинэчлэл”-ээр тавьсан илтгэл оролцогчдоос хамгийн их “оноо цуглуулсан” гэж болно. Илтгэл бүрийн дараа хуралдаанд оролцогчид санал шүүмжээ хэлж, бас Ардчилсан хүчний холбоо байгуулсныг сайшаасан үгийг харамгүй хэлж байсан. Хурлын уур амьсгал ерөнхийдөө нэг л зүгт хандсан, шинэчлэл өөрчлөлтийг эрэлхийлсэн, түүнд нь хүн бүр нэмэр хандиваа өгчих юмсан гэсэн эрмэлзэлтэй. Ялангуяа нэг зүйл тодорхой харагдсан нь хэрвээ Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлыг зорьж ирсэн хот, хөдөөгийн жирийн иргэд, дэмжигчдийг нийгмийн масс, олон нийтийн төлөөлөл гэж үзвэл энэ нийгэмд ямар нэг хэмжээнд өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн хүлээлт, горьдлого хамгийн их харагдаж байлаа. Харин саар тал нь гэвэл энэ хэмжээний зөвлөгөөнийг өнгөрсөн хугацаанд аль ч улс төрийн хүчин, төрийн болон төрийн бус байгууллагаас хийж байсангүй. Бололцоо байсан ч гэсэн. Тиймээс төр засаг, улстөрчид, шийдвэр гаргагчид маань нийгмийнхээ массаас нэлээд хол тасарчээ гэж харагдсан. Одоо харин гишүүд, дэмжигчид болоод олон нийтийн дунд бий болоод байгаа тэр их горьдлого, хүлээлтийг тухайлбал Ардчилсан хүчний холбоо хэмээх улс төрийн ч юм шиг, олон нийтийн ч юм шиг энэ байгууллагын үүсгэн байгуулагчид цаашид хааш нь, хэрхэн залах бол гэдэг асуулт үлдлээ.


Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж