Хүн төрөлхтөн “хар нүх”-ний зургийг анх удаа харав

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтөн “хар нүх”-ний зургийг анх удаа харав

Хүн төрөлхтөн “хар нүх”-ний зургийг анх удаа харав

Эрдэмтэд дуран авайн нэгдсэн сүлжээ ашиглан, Messier 87 (M87) галаксийн төвд орших супер масстай хар нүхний зургийг авч чадсан талаар Лхагва гаригийн өглөө АНУ-ын Шинжлэх ухааны Үндэсний сангийн судлаачдын мэдэгдэлд дурьдсан байна. Уг хар нүх нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт, дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог ажээ.

Хар нүх нь галактикийн төвд орших асар их массын бөөгнөрөл бөгөөд тэндээс ямар ч матери гарч чаддаггүй. Тэр ч бүү хэл гэрлийн цацраг хүртэл сугаран гарч үл чаддаг тул хар нүхний зургийг авах боломжгүй (оптикт хар нүх харагддаггүй) аж. Мөн гэрэл зурагт хар нүхний зургийг буулгах боломжгүй юм байна.

Эрдэмтэд энэ удаа хар нүхний сүүдэр гэж нэрлэгддэг, хар нүхэн дээр унаж буй эргэн тойрных нь зургийг авахыг зорьжээ. Ингэснээр голд нь байх хар нүхний дүрсийг буулгаж болно гэж үзсэн байна.

“Event Horizon Telescope” (EHT) төслийн хүрээнд 200 гаруй эрдэмтэн судлаач хамтран ажиллаж, ийнхүү “хар нүх”-ний зургийг анх удаа авч чадсан байна. EHT төслийнхөн дэлхий даяар орших олон тооны радио телескопыг нэг том дуран болгон ашиглаж, энэхүү хар нүхний "event horizon"-оос ирэх долгионыг бүртгэж чаджээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээтэй хийсвэр дуранг үүсгэж чадсан байна.

“Event horizon” нь хар нүхийг тойрч үүссэн хэт халуун хийн цагираг, хар нүхэнд сорогдохын өмнөх сүүлчийн хил хязгаар бөгөөд түүнээс цааш ямар ч биет эргэлт буцалтгүйгээр "хар нүх"-нд унадаг гэсэн үг аж. Квинслендийн их сургуулийн астрофизикч,  профессор Тамара Дэвис “Хийн цагиргийн нэг тал нөгөөгөөсөө илүү гэрэлтэй бөгөөд бидний зүг чиглэжээ” хэмээн хэлжээ.

Тэдний цуглуулсан мэдээлэл 1000 дискэнд багтах 5 Петабайт хэмжээтэй болсон байна. Энэ нь 40 мянган хүн бүх амьдралаа сэлфи болгож хадгалсантай тэнцэх үлэмж хэмжээний мэдээлэл аж. Өөрөөр хэлбэл энэ нь 5000 жил тасралтгүй сонсох mp3 дууны хэмжээтэй тэнцүү гэсэн үг юм байна.

Дээрх их хэмжээний мэдээллийг интернэтээр илгээх боломжгүй тул EHT төслийн багийнхан нисэх онгоц болон ачааны машинаар дискүүдийг тээвэрлэн, нэг цэгт цуглуулж, дараа нь нийлүүлж нэг, зураг болгох ажлыг супер компьютерийн хүчээр хэдэн сарын турш гүйцэтгэжээ.

Зуу гаруй жилийн өмнө нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний дэвшүүлсэн онол ийнхүү батлагдсан байна. Тэрээр сансрын уудамд хар нүх оршдог, энэ нь унтарсан одноос бий болдог, хэрвээ унтарсан од нь хангалттай том масстай, өндөр нягтралтай бол асар их татах хүч бүхий хар нүх үүсгэдэг хэмээн таамаглан бичиж байжээ.

Дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 20.55 цагт “Event Horizon Telescope” төслийн эрдэмтэд хар нүх орчмын зургийг 230 гигагерц давтамжаар авч, дараа нь ОХУ-ын “Миллиметрон” радиотелескопоор чанарыг нь хэдэн арав дахин сайжруулж, олон нийтэд харуулсан талаар зарим эх сурвалжид мэдээлжээ.

Эх сурвалж: CNN, ABC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж