Г.Тэмүүлэн: Сургууль, цэцэрлэгийн захирлыг босоо тогтолцоогоор томилох нь зөв
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 59.5 хувиар бүхэлд нь баталлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Хуулийн төслийн танилцуулгад: УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019.06.01-нээс дагаж мөрдөнө гэснийг 2020 оны долдугаар сарын 1 ний өдрөөс мөрдөн гэж өөрчилжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Энэ асуудлыг бид саяхан хэлэлцэх үеэр нь би эсрэг байр суурьтай байсан. Сургууль, цэцэрлэгийн захирлыг босоо удирдлагын хүрээнд томилдог байх нь зарчмын хувьд зөв. Үүнийг жилийн өмнө хэвтээ болгоно гээд тухайн сум, дүүргийнх нь Засаг дарга нь томилдог байхаар оруулж ирснийг гишүүд эсэргүүцсэн. Энийг дахиад л оруулаад иржээ. Хуулийн төсөл энэ оноос хэрэгжих байсныг хойшлуулаад 2020 он болгох гэдэг ч юм уу хугацаа хожих л зүйл заалт байна. Сургууль, цэцэрлэгийн захирлыг буцаагаад босоо удирдлагын хүрээнд томилдог байхаар оруулж ирж болоогүй юм уу. Хугацааг яагаад хойшлуулав. Сум, дүүргийн Засаг дарга нар бол өнөөдөр улс төрийн албан хаагчид. Улс төрийн албан хаагчид сургууль, цэцэрлэгийн захирлыг халдаг, сольдог асуудал зарчмын хувьд байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
Энэ салбарын багш нар хэдий чинээ мэргэжлийн байна төдий чинээ сайн шавь гарна. Сайн шаваас сайн сурагч, боловсон хүчин бэлтгэгдэх учраас боловсролын салбарын ажиллагсдыг мэргэжлийн байх тал дээр яамны зүгээс өнөөдрийг хүртэл баримталж ирсэн бодлого цаашид ч гэсэн үргэлжлэх нь зөв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Хуулийн төслийг дэмжиж байна. Даруй Боловсролын тухай хуулийг өргөн барьж салбарын томилгоог цэгцлэх шаардлагатай байна. Мэргэшсэн байдлыг бий болгохын тулд Боловсролын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, томилгоог нь мэргэжлийн байгууллага хийдэг байх ёстой гэж би хувьдаа боддог. Сумын тухайд сонгон шалгаруулалт хийгээд аймгийнх нь боловсролын газар нь, дүүргийг Дүүргийн боловсролын газар нь гэх мэтээр мэргэжлийн байгууллага нь сонгон шалгаруулалтаа хийгээд томилдог байх ёстой. Хоёрдугаарт, Боловсролын тухай хуулийг өргөн барихдаа карьерын зарчмыг бий болгох хэрэгтэй. Ингэж байж боловсролын салбар тогтвортой, хариуцлагатай болно.
Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт авч байна.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт авч дууссанаар тус хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хоол зүйчийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах, өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар тусгажээ.
Нийт сургуулиудыг гал тогоотой болгох, засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх болоод бусад асуудлыг шийдвэрлэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд таван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Д.Тогтохсүрэн: Төр хувийн хэвшлийнхний хоолыг булааж авах заалт оруулж ирлээ
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Сургуулийн насны хүүхдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр дэмжих бодлого бол Монгол төрийн анхаарлын гол байх ёстой асуудлын нэг. Хүүхдийг цэцэрлэг, сургуульд байхаас нь эрүүл хооллолтод дадал хэвшүүлэх нь чухал. Гаднын улсын туршлагаас харахад ихэнх улс хүүхдийн хоол хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт нь тусдаа байдаг. Өглөө бүр шинэ бүтээгдэхүүн хүүхдэд өгөх нь төрийн үүрэг байх ёстой. Ингээгүйгээс хүүхдүүд хордлогод ордог зэрэг дундын шат дамжлагаар явдаг байж болохгүй. Мөн хүнсний үйлдвэрлэлүүд сургуулиуд руу шууд бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй бол дунд нь ченжийн байдал гарч чанарын хангалтгүй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг учраас хордлого авч байна. Ханган нийлүүлэлтийн асуудлыг хуулиар зохицуулах нь зөв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Хуульд шаардлагыг маш өндөр тавьж байгаа. Хуулийн хүрээнд шаардлагыг ингэж өндөр тавих хэрэг байна уу. Олон улсын, улсын, орон нутгийн стандарт нь өөр өөр. Тиймээс хуулиар бус журмаар явуулах саналтай байна. Би өглөө ч гэсэн хэлсэн. Энэ хуулиар хувийн хэвшлийнхнийг хаачихлаа даа, ялангуяа зургаадугаар заалтаар. Орон нутгийн өмчит бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд бий болгоод хувийн хэвшлээ хааж байна. Уг нь компанийг бус хүнийг сонгодог жишиг өнөөдөр бий болчхоод байна. Хамгийн сайн бүтээгдэхүүнтэй газрыг сонгоно гэсэн үг. Гэтэл энэ хуулиар бүтээгдэхүүн сонгохгүйгээр жижиг бизнес эрхлэгчдээ хааж төр өөрөө бизнесийн хэлбэр рүү орох гээд байна. Амьдрал дээр, сумын төвд сургуулийн хоол нийлүүлэлтээр хэдэн ААН амьдардаг. Тэдний хоолыг булаагаад авчихлаа. Зургаадугаар заалт төрөөс бизнесийн харилцаанд оролцох оролцоог хэтэрхий бий болгож байна.
Гишүүдийн хэлсэн саналыг хоёрдугаар хэлэлцүүлэгт анхаарч ажиллаарай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Хүүхдүүдэд өгөх хүнсээр импортоор оруулж ирж болохгүй. Гашилдаггүй сүү, мууддаггүй алим бол өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн шүү. Өргөн уудам нутаг дэвсгэр дамжаад ирж байгаа хүнсээр хүүхдүүдийг хангаж болохгүй. Тийм учраас үндэсний бүтээгдэхүүнээр хангах боломжгүй тохиолдолд импортын бүтээгдэхүүнээр хангана гэсэн заалтыг хасуулах санал оруулж байна. Хоёрдугаарт, сургуулийн хажууд туслах аж ахуй нэгжтэй байна гэдэг нь хийж байгаа ажлын үр нөлөө нь олигтой байж чадахгүй. Үүнийг мэргэшсэн хөдөө аж ахуйн байгууллагууд хийх ёстой.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
Сургуулийн дотоод хяналтын асуудлыг бид журмаар зохицуулах нь зөв. Хуулийн ажлын хэсэгт дандаа хотоос сонгогдсон гишүүд орсон юм шиг байна. Багийн төв, сумын төвийн сургуулийн түвшинд очихоор яах вэ гэсэн асуудал гарна. Манай тойрогт багийн гурван ч сургууль бий. Тэнд цэвэр ус, тээврийн хэрэгсэл, туслах ААН байхгүй. Боломж ч байхгүй. Энэ хууль Монгол Улсын хэмжээнд хэрэгжих учраас бүх сургуулиудыг авч үзэх ёстой. Нийслэлийн сургуулиудын түвшинд асуудалд хандсан байна.
Гишүүдийн зүгээс хөдөө орон нутагт буухад “хол” заалтуудыг хуулийн төсөлд оруулсан байна гэдгийг шүүмжиллээ. Тухайлбал, багийн төв дээр цаашлаад алслагдсан хөдөө орон нутагт очиж ажиллах хоолзүйч олдохгүй. Томоохон ресторануудад, эмнэлгүүд ч хоолзүйчид олдохгүй байгаа. Хоолзүйч ирэхгүй байх тэр хугацаанд яах уу. Энэ мэт асуудлаа тооцоолмоор байна. Улсын хэмжээнд зориулсан хууль гаргах ёстой байдал зөвхөн нийслэлийн сургуулиудад зориулсан хуулийн төсөл оруулж ирлээ.Зөвхөн Улаанбаатарт үйлчлэх хууль биш гэдгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэллээ.
Орон нутгийн гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан энэ мэтчилэн шүүмжлэл гаргасан тул дараа дараагийн хэлэлцүүлэгт орон нутгийн гишүүдийн саналыг авч хуулийн төсөлд тусгана гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг хэллээ.
Ж.Мөнхбат: Малчид хүүхдээ 6 настайд нь сургуульд оруулахад хүндрэлтэй байна
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Хүүхдийн хоолны асуудлыг дэмжиж байна. Ус, агаар, хөрс, хүнс хүрээлэн буй орчин энэ бүхэн хүн эрүүл амьдрах гол үндэс нь. Шинэ тэжээлийн агууламж нэмэх нэгдсэн жор гэдгийн дор гадаадын биологийн нэмэгдэл бодис нэртэй витаминжуулалт гээд хүүхдүүдийн хоолонд янз бүрийн зүйл хийчих вий дээ.Мөн витамин гэдгийн дор химийн аргаар бордсон эрүүл бус хүнсний ногоо өгөх вий дээ гэдэг үүднээс зайлшгүй анхаарах ёстой. 600 төгрөг бол хүүхдийн нас онцлогт нь тохирсон хоол хүнсээр хангаж чадахгүй. Өсөн нэмэгдүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Баяжуулсан хүнсний тухай хуулийг нэмж байвал дэмжинэ. Баяжуулсан хүнсний тухай хуулиар гарцаагүй хэдэн бүтээгдэхүүнийг баяжуулах шаардлагатай гээд заасан байгаа. Гэхдээ Монгол Улсын хуульд заасан хүнсийг байх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Саналыг дэмжиж байна. Энэ асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотой нэг санал хэлье. Зургаан настайгаас нь хүүхдээ сургуульд оруулах хэцүү байна гэдгийг орон нутгийн иргэд байнга хэлдэг. Зургаахан настай малчны хотны хүүхэд аав,ээжээсээ холдоод сумын төвийн дотуур байранд байхад хүндрэлтэй. Хүүхдээ дагаад ээж нь сумын төвдөө амьдардаг эсвэл нөхөр нь эхнэрээ дагаад сумын төв рүү ордог. Гэр бүлийн салалт болон малчид ховордож байгаа нь ч үүнтэй холбоотой. Мөрийн хөтөлбөртөө манай нам малчны хүүхэд найман настайдаа ч сургуульд орж болно гээд сонголтоор орж болно гэж ярьсан. Энэ маань малчдад маш таатай хүрсэн. Энэ асуудалд цаашид анхаармаар байна. малчдын хүлээж байгаа асуудлын нэг шүү.
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, санал хураалтын үеэр УИХ-ын гишүүд үг хэлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэнээр үдээс өмнөх чуулган завсарлалаа. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших чуулганы хуралдаанаар явуулна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран дээрх хуулийн төслийг санаачилсан.
“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.
Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10 хувийг хэмнэдэг гэж үздэг байна. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг” гэж төслийн танилцуулгад дурджээ.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж.
I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байна.
“Үдийн цай” хөтөлбөрийг өргөжүүлж чанарыг нэмэгдүүлье гэвэл мөнгөө нэмэх ёстой
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үдийн цай хөтөлбөрийг өргөжүүлж үдийн хоол хөтөлбөр болгож байгаа гэж ойлгож байгаа, сайн хэрэг.Янз бүрийн л амьдралын нөхцөлтэй хүүхдүүдийн хувьд өдөртэй нэг удаа шим тэжээлтэй хоол идэх нь зөв. Үдийн цай хөтөлбөр өөрөө маш их асуудал дагуулж ирсэн. Чанаргүй, аюулгүй байдал нь хангалтгүй зэрэг. Үдийн хоол хөтөлбөрт нэг хүүхдийн өдрийн хоолны зардал нь хэдэн төгрөг вэ. Монголын хамгийн чанартай гэх тодотголтой сургуулиудад сурч байгаа хүүхдүүд хоолны хордлого туссан. Хүнсний аюулгүй байдлыг хангах гэдэг чинь асуудалтай шүү. Хуучин бол сургуулийн эмч гэж байсан. Сургууль бүр өөрийн гэсэн цайны газар, хоолны байгаа юу. Хэдэн сургууль дотроо цайны газартай байна вэ. Эсвэл аль нэг компанид өгөөд зөөврийн байдлаар шийдэх юм уу. Зөөврийн хоол хүнс хамгийн аюултай шүү дээ. Сургууль дотроо л хоол хийхгүй бол болохгүй шүү дээ. Мөн бүтээгдэхүүний хадгалалт дээр хэрхэн хяналт тавих вэ. Зөв зүйтэй асуудал ч дагаад хүндрэл ихтэй шүү. Шар өвчин гарах юм биш биү дэ. Нэг зүйлээ дагаад олон асуудал гарна. Энэ бүхнийг хэрхэн тооцоолсон талаар мэдээлэл өгнө үү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Өнөөдөр хүүхдийн үдийн цай 600 төгрөг байгаа. Үүний бараг тал нь түрээсэндээ шингэдэг гэдгийг судалгаанаас харсан. Сүүлийн 10 жил судалгаа хийж байна. Эрүүл ахуйтай холбоотойгоор 2018 онд ЕБС-ийн бүх анги танхимд шалгалт хийхэд 50 гаруй хувь нь дотоод хяналтгүй, зориулалтын бус гал тогоотой байгаа юм. Тиймээс бид уг хуулийн төслөөр дээрх бүгд алдаа дутагдлыг засахыг зорьсон. Нэг хүүхдийн 600 төгрөг гэдгийг бүгдийг нь хоолондоо зарцуулж, шаардлагатай хоол хүнс хэрэглэх бололцоо байгаа ч мөнгөний тал нь хоолонд зарцуулагдаж байгаа учраас бид стандартын шаардлага хангасан болгох зорилго тавьж байна. Гаднын улсуудын туршлагыг ч судалсан. Бид энэ алхмыг хийх боломжтой. Нийслэлийн хэмжээнд 141 сургууль байгаагийн 80 нь зориулалтын гал тогоотой, зориулалтын бус гал тогоотой 54, огт гал тогоогүй долоон сургууль байна. Хөдөө орон нутагт гал тогооны хүндрэлтэй асуудал байгаа учраас хууль хэрэгжих 2021 оноос өмнө бэлтгэл ажлыг хангах юм. Төсвийг нь 2020 оны төсөвт суулгах боломжтой гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Хуулийн төслийн гол ач холбогдол хүүхдүүдийг эрүүл, чанартай хүнсээр хангах, сургуулийн удирдлагуудын дотоод хяналтыг сайжруулъя гэдэг агуулгаар нь авч үзвэл уг хуулийн төслийг дэмжих шаардлага бий. Гэхдээ бид хоёр зүйл анхаарах ёстой гэж бодож байна. Сургуулийн хүүхдүүдийн хоолны үйлчилгээг дандаа хувийн хэвшлийнхэн хийж байгаа. Энэ хууль гарснаар жижиг бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөө болох байх гэж бодож байна. Тухайлбал суманд гэхэд жигнэмэг, аарцны жижиг аж ахуй нэгж хариуцаад хэдэн хүний ажлын байр бий болгоод явж байгаа. Энэ чиглэлээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчдийг хаах тал бий. Энэ хууль гарснаар хоол үдийн цай нийлүүлдэг хэдэн ААН-ийн үйл ажиллагаанд хүндрэл бий болох талаар хийсэн судалгаа бий юу. Хоёрдугаар хөрөнгө оруулалт асар их шаардлагатай. Гал тогоогүй сургуулиудыг гал тогоотой болгоход хэчнээн хөрөнгө мөнгө зарцуулагдахыг тооцсон уу. Гал тогооны тоног төхөөрөмж, засвар, зоорь, хүн хүч гээд олон талын тооцооллыг гаргах ёстой. Улсын хэмжээний 800 сургуулиар авч үзэх ёстой. Хоолны чанарыг нэмэгдүүлье гэвэл бид мөнгөө нэмэх ёстой. Ингэж байж дэвшилтэд хүрнэ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Судалгааг маш сайн хийсэн. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 275 төрийн өмчийн ЕБС-ийн цайны газраа түрээслүүлсэн байна. Үүнээс 33 нь иргэд бэлтгээд явдаг. Үдийн хоол хөтөлбөрт шилжсэнээр хувийн хэвшлийнхийг хаах асуудал гарахгүй. Харин стандарт тавьж байгаа юм. Чанарын өндөр шаардлага хангасан байх шаардлагыг тавихаас гадна туслах аж ахуйтай байх ёстой. Бизнес гэж харуулахгүй байх нь чухал. Хөдөө орон нутагт өнөөдөр дотуур байрныхаа гал тогоонд хоолоо бэлтгэдэг. Ханган нийлүүлэх чиглэлээр ТЭЗҮ боловсруулсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Энэ хуулийн төслөөр зөөврийн хоол байхгүй болно. Мөн 2022 оны хичээлийн жилээс эхлэн түрээс байхгүй болно. бүх сургууль гал тогоотой, өөрсдийн тогоочтой байна. Эцсийн хариуцлагыг тухайн сургуулийн захирал, хоол зүйч нь хүлээнэ. Сүүлийн үед сургуулийн хүүхдүүдийн дунд хордлого гараад байгаа нь энэ хууль хэрэгтэй байгааг л харуулсаар байна. өнөөдөр хариуцлагаа түрээслэгч рүүгээ чихдэг. Мөн энэ хуулиар хувийн ААН-үүд хэрэг болно. Дотоодын хүнс ялангуяа орон нутгийн бүтээгдэхүүнийг авч байх хуулийн шаардлага бий. Гаднаас худалдан авах бүтээгдэхүүний жагсаалтыг ХХААХҮЯ-наас гаргана.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Үдийн цайг үдийн хоол болгохыг дэмжиж байна. Гэвч буруу зохион байгуулснаас болоод хэл ам хийж байна. Би анх энэ ажлыг эхлүүлж байсан юм. Тухайн үед улсын төсөвт мөнгө суугаагүйгээс Мобиком корпорациас 300 сая төгрөг авч эхлүүлж байсан юм. Тухайн үеийн парламент ичээд дараа нь төсөвт тодотгол хийж байсан юм. Энэ хөтөлбөр маш чухал. Гол нь чанартай хоол, хяналт тавих зэрэг зохион байгуулалтын ажлууд л дутагдалтай байгаа юм. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж чадах уу. Энэ жилийн төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа. Тодотгол хийхгүй гэхээр гал тогооны асуудлуудыг шийдэж чадахгүй, тодорхойгүй л байна даа. Энэ асуудлаа яаж шийдэх юм бэ. Ямар ч бэлтгэлгүй хөтөлбөр болох вий. Шоу боллоо гээд л хэл ам гарна шүү. Бэлтгэл болон хөрөнгийн асуудал чухал. зөвхөн бэлтгэл хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Таны хэлж байгаа зөв. Маш чухал хөтөлбөр. Судалгаанууд ч үүнийг нотолдог. Хөтөлбөрийн зохион байгуулалтын асуудал сул гэдэг нь мөн үнэн. Яагаад гэвэл сургуулийн удирдлагуудын бизнес болчихдог. Мөн түрээсэнд 600 төгрөгийн тал төлбөр нь орчихдог. Зохион байгуулалтыг эрс шинэчлэх шаардлагатай. Үдийн цай бол бизнес биш гэдгийг ойлгуулах нь чухал.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Үг хэлсэн гишүүдтэй зарим санал давхцаж байна. Хамгийн гол зүйл нь хоолны мөнгөний асуудлаа шийдэхгүй юм бол 600 төгрөгөөр юу авах вэ дээ, та нар төсөөлж л байгаа байх. Энэ асуудлаар Замын-Үүдийн багш, эцэг эхчүүд гомдол гаргасан. Хоолны чанар муу, хүүхдийн бие давжаарч байна гээд нэг залуу надад судалгаа хүртэл өгсөн.
Энэ асуудалд БСШУСЯ анхааралд хандуулдаг уу. Хүүхдийн жин, өсөлт энэ бүгдэд хийсэн талаар судалгаа байна уу. Үдийн хоол өгөх гэж байгаа юм бол өгсөн шиг өгмөөр байна. Мөнгө төгрөг нь хамгийн чухал. Хэдэн төгрөгийг чинь сургууль өөрөө туслах ААН-тэй байж хоолны чанар нь гайгүй болох юм болов уу гэж би ойлгосон. Гэтэл гаднаас авна, ЖДҮ-чид зөндөө бий л гэх юм. Үүнийг ойлгож байна. Тэд чинь бизнес хийж байгаа хойно нугалж зарна. Хөдөө орон нутагт тээврийн зардал нь нэмэгдээд очдог. Туслах ААН-тэй байна гэж оруулах нь зөв. Мөн багш нарыг нь яах юм. хэдэн багш нар тавагтай хоол горьдоод, нүдээ бүлтийлгээд байх юм уу, муухай шүү дээ. Адилхан л хүн ч дээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Мөнгөний асуудал чухал гэдэг нь үнэн. Гэхдээ ядаж 600 төгрөгийг бүгдийг нь хоолонд явуулчихмаар байгаа юм. Энэ хуулийн нэг шаардлага нь энэ. Өнөөдөр 600 төгрөг хүүхдэд бүрэн очихгүй байна. Багш нарыг үдийн хоолонд оруулдаг болох талаар ч ярьж байна.
Ц.Нямдорж: Дал, ная хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм.
УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж энэ тухай хэлэхдээ "Олон улсын парламентын холбоо энэ асуудалд анхаарч байхад бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна.Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч гэж Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд хүсч байна. Бид хүний эрхийн төлөө энэ улсынхаа иргэдийн төлөө явж байгаа юм бол энэ асуудалд дүгнэлт хийхгүй байж огт болохгүй. 2016 оны намар энэ хэргийн анхан шатны шүүх хурал болоогүй байхад Даваа гарагт нь МАН-ын бүлгийн хурал дээр захиалгаар энэ хэргийг гурван шатны шүүхээр туушиндаад дуусах нь ээ. 65 гишүүнтэй МАН энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй шүү гэж олон удаа бүлгийн хурал дээр ярьсан. Бүх протокол надад байна. Харамсалтай нь миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн хэсэг нь шүү. Цаашид үзэх юм бол маш их балмад юм гарна. 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу. Бид бүгд эхээс төрсөн хүмүүс. Яаж айл гэр сүйтгэж, айлгаж дарамталж байсан гээд асуудал гарна" гэсэн юм.
Уг саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар хурууны хээгээ уншуулсан ч болохгүй байгаа хэлж дахин санал хураахад 68.1 хувь дэмжээгүй юм. Гэсэн ч дахин санал хураалт явуулах гэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хурууны хээгээ уншуулсан ч болохгүй байгаа талаар техникийн албаныханд хэлж дахин тестийн санал хураалтыг авах гэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Ийм хариуцлагагүй зүйл хийчхээд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хаачсан юм. Бүхэл бүтэн нэг цаг саатлаа. Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тамгын газрын хариуцлагагүй үйлдлээс болж УИХ-ын үйл ажиллагаа нэг цаг саатаж байна.. Амгалан дарга тайлбараа өг.
УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой" гэлээ.
Ингэснээр Түр хороо байгуулах саналыг гар өргөн хураахаар боллоо. Гар өргөхөд УИХ-ын дарга Г.Занданшатар "Илт л дэмжиж байна даа. УИХ-ын Тамгын газар тоолно шүү" гэв. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудалд нэмэхээр боллоо.
Үргэлжлүүлэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлд холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
Холбоотой мэдээ