ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд орчин үеийн циркийн урлагийг дэмжих, залууст урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор 2008 оноос дэргэдээ Гавьяат жүжигчин, Монголын уран нугараачдын холбооны ерөнхийлөгч, уран нугараач Л.Энхцэцэгээр ахлуулсан “Angels” акробат, уран нугаралтын төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллуулж иржээ. Тус төвийн уран бүтээлчид дэлхийд чансаагаараа эхний гуравт бичигддэг “Маргаашийн Циркчид” наадамд жил бүр амжилттай оролцож, дэлхийн олон театрт уран нугараачид ажиллаж байна.
Францын Парис хотод 2019 оны хоёрдугаар сард болсон “Маргаашийн Циркчид” наадамд Гавьяат жүжигчин, уран нугараач Л.Энхцэцэг хүндэт зочноор уригдан оролцож, уран нугаралт, аэробик хосолсон шинэлэг бүтээлээрээ дахин алтан медаль хүртжээ. Түүний хувьд анх 1983 онд тус тэмцээний анхны алтан медалыг эх орондоо авчирч байсан бол энэ удаа 36 жилийн дараа БНХАУ, Укриан, Австрийн уран бүтээлчдийн хамт хүндэт зочноор уригдаж, шилдэг үзүүлбэрээ үзүүлсэн байна. Уран нугаралтын хүнд элемент бүхий үндэсний хэв маягийг орчин үеийн хэмнэлтэй хосолсон Л.Энхцэцэгийн үзүүлбэр наадмын үеэр цугласан орон орны 5000 гаруй үзэгчдийг гайхшруулж, “Монгол Монгол” хэмээх халуун алга ташилтын чимээг эх орныхоо зүрхэнд цуурайтуулж чадлаа. ХААН Банкны төлөөлөл энэхүү бахдам амжилтыг нь хүндэтгэн хүлээн авах үеэр түүний баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-“Маргаашийн Циркчид” наадмын хүндэт дөрвөн алтан зочны нэг болсон Танд баяр хүргэе. Энэхүү тоглолтын сэтгэгдлээсээ хуваалцаач?
– Францын Парис хотод хоёрдугаар сард “Маргаашийн Циркчид” олон улсын циркийн наадам боллоо. Энэ жил тус наадмын 40 жилийн ой тохиосон. Миний хувьд дөрвөн хүндэт алтан зочны нэгээр уригдан оролцож, Монгол уран нугаралтыг дахин харуулаад ирлээ. Жил бүр олон шилдэг үзүүлбэрийн ялагчид тодордог. Тэгвэл энэ 40 жилийн хугацаанд хамгийн шилдэг дөрвөн уран бүтээлчийг урьж, түүний нэгд багтаж чадсан нь миний хувьд үнэхээр бахархалтай үйл явдал боллоо. Би 36 жилийн өмнө “Маргаашийн Циркчид” наадмаас алтан медаль хүртэж байсан бол хоёр, тав, 10 жилийн өмнө ялагч болж байсан уран бүтээлчид уригдсан. Тэд БНХАУ, Укриан, Австрийн уран бүтээлчид байлаа. Миний хувьд 33 жилийн өмнө гар урлалаар сийлж хийж байсан ширээн дээрээ, 20 жилийн өмнө өмсөж байсан өмсгөлөө өмсөн Монгол уран гулгалтыг 5000 хүний алга ташилтын дор бахархалтайгаар сурталчилж чадлаа.
-Та 36 жилийн өмнө үзүүлж байсан үзүүлбэрээ дахин Парист тоглолоо. Үзүүлбэрээ дахин бэлдэхэд хэдий хугацаа орсон бэ?
-Би сүүлийн 17 жил хүнд үзүүлбэрийг хийгээгүй байсан. Гэхдээ Парисын тайзан дээр 36 жилийн дараа гарч байгаа болохоор онцгой нэгэн үзүүлбэрийг хийе гэж бодоод шүдэн дээрээ тогтох үзүүлбэрийг сонгон бэлтгэсэн. Би 12 өдөр сургуулилт хийгээд Парисыг зорьсон. Мэдээж 17 жил үзүүлбэр үзүүлээгүй миний хувьд хүнд байсан. Үнэнийг хэлэхэд хүн хүнээ хурцалж, төмөр төмрөө ирлээ гэдэг шүү дээ. Миний ажил, бидний хичээл зүтгэлийн үр шим учраас хойч үеээ ХААН Театрын тайзан дээр бэлдэж, тэдэндээ том урам зориг өгөх, тэднээсээ авч бас тэднийг хурцалж байна. Үүний ачаар тасралтгүй уран бүтээлээ хийсний ачаар, тасралтгүй хөдөлмөрлөж байсны ачаар, ХААН Банк дэмжин ажиллаж байсны ачаар өнөөдрийн энэ амжилтад хүрч байна.
-Та 56 насандаа дахин Парисын театрт үзүүлбэрээ үзүүлж, Монголын уран гулгалтын гайхамшигийг харуулаад ирлээ. 36 жилийн өмнө Парисын тайзан дээр гарч байснаа эргэн нэг дурсаач?
-1983 оны эхээр Парисын “Маргаашийн Циркчид” наадамд Монголоос ганцаараа оролцож байсан. Багш бид хоёр хамтдаа очсон. Миний багш Монголын уран нугаралтын сургалтыг үндэслэгч, уран нугаралтын сонгодог үзүүлбэрийн эхлэлийг тавьсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш гэж алдартай хүн байлаа. Тухайн үед 150 жүжигчнээс таван алтан медаль олгоход нэг алтыг нь би авч байсан. Энэ наадам жилээс жилд өргөжин тэлсээр байна. 2019 оны наадмыг харахад 25 орны 350 жүжигчин оролцсон. Гэтэл дөрвөн алтан хүндэт зочныг урихад Монгол, БНХАУ, Австри, Укрианы уран бүтээлч багтлаа. Миний хувьд 36 жилийн өмнө гарч байсан тайзан дээрээ дахин гарч Монголын уран нугаралтын үзүүлбэрийг 5000 хүний алга ташилтан дор үзүүлж чадлаа.
-Орчин үеийн циркийн урлагийг дэмжин залууст урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгож байгаа Та бүхний хичээл зүтгэлд баярлалаа. Энэ бүхний ард ХААН Банкны том дэмжлэг байгаа учраас Та бүхний амжилт ахисаар байгааг харж байна. Та талархлын сэтгэгдлээ хуваалцаач?
– “Angels” акробат, уран гулгалтын төв нь 2008 оноос ХААН Театрт өдөр тутмын бэлтгэл сургуулилтаа хийж, өдгөө 50 орчим уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэ 10 гаруй жилийн хугацаанд ХААН Театрын тайзнаас маш олон уран бүтээл төрөн гарч эндээс уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт “Нарны цирк”-д тоглож байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөр тайзан дээр Монголын уран нугаралт, акробатыг уран бүтээлчид сурталчилан таниулж, ур чадвараа ахиулсаар байгаа. Энэ гаргаж байгаа амжилт бол Монголын соёл урлагийг тэр дундаа Монголын уран нугаралтын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, биднийг 11 жил тасралтгүй дэмжин ажиллаж байгаа ХААН Банкны асар том дэмжлэгийн ач юм. Өнөөдрийн миний Парисын наадамд дахин амжилт үзүүлсэн минь ч гарцаагүй энэ том дэмжлэгтэй холбоотой. Энэ боломжийг ашиглаад Монголын уран нугаралт, акробатыг дэмжин ажиллаж байгаа ХААН Банкны хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Бид бол үнэхээр их баяртай байгаагаа дахин дахин хэлмээр байна.
БИЧЛЭГ:
“Angels” акробат уран нугаралтын төв нь цирк, театр, бүжиг, хөгжим зэрэг урлагийн олон төрлийн элементийг үндэсний болон орчин үеийн хэв маягт нийцүүлэн гоо зүйн боловсрол олгох зорилготой ажиллаж байна. Мөн энэ төрлийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр хотын зах болон алслагдсан дүүргүүдийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж иржээ. Өдгөө тус төвөөс төрөн гарсан олон уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт “Нарны цирк”-д тоглож, Монголын уран нугарал, акробатыг дэлхий дахинд сурталчилж байна.
Холбоотой мэдээ