Сүүлийн үед Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэр хүндэд тодорхой этгээдүүд зохион байгуулалттайгаар, үндэслэлгүйгээр, худал мэдээлэл, гүтгэлэг тарааж байгаа асуудлыг шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байна.
УБТЗ ХНН-ээс гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж бусдын нэр, төр алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан гэх үндэслэлээр сэтгүүлч Э.Батхуяг, В.Нэргүй нарт торгох шийтгэл ногдуулж Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Бусад гомдлуудыг холбогдох Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж байгаа.
Зарим сайтууд үндэслэлгүй худал мэдээлэл тараасандаа өөрийн сайтуудаараа дамжуулан уучлалт хүсээд байна.
Цаашдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, худал мэдээлэл, гүтгэлэг тараах тохиолдолд тус байгууллагад үнэнч шударгаар хөдөлмөрлөж, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа 16,0 мянган ажилтнуудын нэр хүндэд халдсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21-ийн 1-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах”-аар тухай бүр нь холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болно.
УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны зүгээс хуулийн дагуу хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УБТЗ ХНН-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН АЛБА
Холбоотой мэдээ