Монгол дээл дэлхийн загварт брэнд үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Монгол дээл дэлхийн загварт брэнд үүсгэж байна

Монгол дээл дэлхийн загварт брэнд үүсгэж байна

Японы “Asia Nikkei” сайт дээр монгол үндэсний хувцас болох дээлийг орчин үеийн загвартай хослуулан хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгож, өв соёлоо авч үлдэхийг эрмэлзэж буй загвар зохион бүтээгчдийн монгол дээлний талаарх үзэл бодлыг нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Эртнээс нүүдэллэж ирсэн ард түмэн хот суурин амьдрал руу шилжээд удаагүй байгаа билээ. Энэхүү шилжилтийн үед үндэсний хувцас болох монгол дээлийг өмсөх хүн ховордож, бараг мартагдах шахсан ч дээлийг үндэсний өв соёл гэж үздэг, түүнийг орчин үеийн суурин соёл иргэншилтэй хослуулж болно гэдгийг олж харсан загвар сонирхогчид, дизайнеруудын ачаар дээлний хэрэглээ эргээд нэмэгдэж байна.

Монгол дээл нь ихэвчлэн зузаан даавуу, торгон материалтай, урт ханцуйтай, хатуу босоо захтай, өргөн бүстэй, барууныхаар бол урт цув маягийн загвартай хувцас юм. Дээл нь монголын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалаас маш сайн хамгаалахаас гадна, үнээгээ саах, морь унах зэрэг нүүдэлчдийн өдөр тутмын ажилд огт саад болохгүй байхаар хийгдсэн байдаг. Хавар мал төллөх цагаар малаа хариулж явахад нь хонь, ямаа нь төллөвөл дээлнийхээ энгэрт хийн гэртээ авчирдаг байжээ. Зуны урин дулаан цагт өмсөх дээлийг нимгэн даавуу, торгоор хийдэг бол, хахир хатуу өвөл өмсөх дээлийг хөвөн болон хурганы арьсаар доторлон хийдэг. Ингэж хурганы арьсаар доторлосон дээл болон ангийн арьсаар хийсэн малгай, дээлний гадуур өмсөх хүрэмний ачаар монголчууд хүйтэн өвлийн ажралгүй давдаг байна. Гэхдээ хурганы арьсаар доторлож хийсэн дээл нь энгийн дээлнүүдээс илүү үнэтэй байдаг.

1990-ээд онд ЗХУ задран унахтай зэрэгцэн Монгол Улс ардчилсан нийгэм рүү шилжсэн. Чухам тэр үеэс эхлэн монголчууд барууны соёл иргэншил, техник технолитой танилцаж эхэлсэн. Үүнээс 30 жилийн дараа харин монголын залуу үе өөрсдийн түүх соёл, уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэх болж. Үүний нөлөөгөөр хот суурин газар амьдардаг монголчууд үндэсний хувцас, дээлээ өмсөх нь элбэгшсэн ч, эсрэгээрээ хөдөөгийн малчид нь малгайтай цамц, жинсэн өмд зэрэг европ хувцас өмсөх болжээ.

KADR брэнд загвар өмсөгч Солонго

Зарим хүмүүс орчин үеийн загвартай хослуулсан монгол дээлийг Хятад, Тайланд, Вьетнам зэрэг Азийн бусад орны үндэсний хувцастай төстэй болж байна гэж шүүмжилдэг. “KADR” монгол дээлний брэндийг үүсгэн байгуулагч Б.Энхбаатарын хэлснээр бусад Азийн улс орнуудын үндэсний хувцасыг монголчууд дуурайсан биш монгол дээлний уламжлалт загвар нь анхнаасаа эртний монголд үүссэн гэж үздэг тухай тайлбарлажээ. “Эртний монголын эзэнт гүрний үеэс монгол дээлний загвар Азийн бусад оронд түгэн дэлгэрсэн. 13-р зууны Юан гүрний үеийн монголын эзэн хаадууд лууны зураг бүхий улаан өнгийн дээлээр гоёдог байсан”  хэмээн Б.Энхбаатар хэлсэн байна.

Түүний бий болгосон KADR брэндийн анхны коллекцийг трансжендер модель амилуулсан нь  ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байжээ. Гэхдээ түүний зоригтой алхамыг тэр олон шүүмжлэл, эсэргүүцэлзогсоогоогүй харин ч илүү их амжилтыг авчирсан байна. Тэрбээр KADR брэндийн дээлийг готик хүрэмтэй хослуулсан коллекцоороо 2018 онд Казакстанд зохион байгуулагдсан Олон улсын загварын долоо хоногт эх орноо төлөөлөн амжилттай оролцоод иржээ.

 

Х. Батзаяа "Mon Couture" боэндийн загвар зохион бүтээгч

Өдөр тутамдаа дээл өмсөх давалгаа Өмнөд хөршийн муж улс болсон Өвөр Монголд ч хүчээ авч байна. Өвөр Монголчууд монголын чадварлаг дизайнеруудын урласан дээлийг авч өмсөхөөр Улаанбаатарыг зорих нь ихэсчээ. “Mon Couture Boutique”  брэндийн загвар зохион бүтээгч Х. Батзаяа “Миний ажигласнаар Өвөр Монголчууд өөрсдийгөө монгол хүн гэж мэдрэхийг хүсч байгаа учир монгол дээл өмсөхийг эрмэлзэж байна” хэмээн ярьсан байна.

Ер нь монголын дизайнерууд Өвөр Монгол руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлохыг зорьж байгаа. Монголын анхны жинсэн хувцас үйлдвэрлэгч “Urban Jeans” брэнд Өвөр Монголын нийслэл Хөх хотод үндэсний хэв маягтай хувцасаа таниулан сурталчилж, борлуулах гурван дистрибьюторын газраа нээх гэрээг нэгдүгээр сард хийжээ. “Urban Jeans” брэндийн дараагийн зорилго бол зүүн өмнөд Азийн бусад орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах. Өөр нэг монгол дээлний брэнд болох “Хадлан” брэнд ОХУ-руу бүтээгдэхүүнээ гаргахаар зорин ажиллаж байна.

“Urban Jeans” брэндийг үүсгэн байгуулагч Д.Тунгалаг

“Urban Jeans” брэндийг үүсгэн байгуулагч Д.Тунгалаг нь 10 жилийн турш Их Британид амьдрахдаа суурин амьдралын хэв маягт тохирсон үндэсний хувцас зохион бүтээх талаар багагүй судалгаа хийсний үндсэн дээр өөрийн брэндээ бий болгосон ба 2016 онд монголын уламжлалт баяр наадмын өмнөхөн анхны коллекцоо гаргасан нь итгээмээргүй амжилт авчирчээ. Үүний дараа үндэсний хувцасны эрэлт хэрэгцээ их болдог үе буюу Сар шинийн баярын өмнө дараагийн коллекцлл гаргасан байна. Тэрбээр “Бид анхны коллекцоосоо эхлээд л итгэмээргүй амжилттай ажилласан. Үүнд хамгийн түрүүнд чухал нөлөө үзүүлсэн зүйл бид жирийн оёдолчдоос хамаагүй хямд төсөр мөртлөө илүү загварлаг, биед эвтэйхэн байдлаар хувцаснуудаа урлахыг зорьсон явдал байсан. Харин бидний бизнес амжилттай явах дараагийн нэг чухал хүчин зүйл бол мэдээж цахим сүлжээ гэдэг гайхалтай зүйл байлаа. Тухайн үед монголд үндэсний загвартай, хямд, загварлаг дээр нь жинсээр хийсэн хувцас огт байдаггүй байсан” хэмээн ярьжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ЗөвЗөв
17
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж