Үхсэн, хордсон малын мах зарахгүй гэсэн баталгаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Үхсэн, хордсон малын мах зарахгүй гэсэн баталгаа байна уу?

Үхсэн, хордсон малын мах зарахгүй гэсэн баталгаа байна уу?

Нийслэлд үхсэн малын мах оруулж ирэхийг завдсан зөрчил гарав. Уг зөрчлийг үйлдсэн М гэх этгээд өмнө нь бас л нийслэлд үхсэн малын мах оруулж, зарахыг оролдож байжээ. Иргэн М үхсэн малын мах их хэмжээгээр хуримтлуулж байсныг Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид  энэ оны хоёрдугаар сарын 26-нд илрүүлж, махыг хурааж, түүнийг торгожээ. Гэвч тэрбээр хаширсангүй энэ сарын 8-нд  20 тонн үхсэн үхрийн махыг хотод оруулах гэж байгаад  үйлдэл дээрээ баригдсан юм. Энэ бол нийслэлчүүдийн хоол хүнсэндээ хэрэглэж байгаа мах чанарын шаардлага хангасан уу гэсэн анхаарлын тэмдэг юм.

Тиймээс энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас тодруулахад “Иргэд ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь харж, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болохыг нь харж аюулгүй сонголт хийдэг. Үүнтэй адилаар мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь харах шаардлагатай” гэсэн тайлбар өглөө. Гэвч иргэн, махны ченжүүд гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлддэг нь нууц биш.  20 тонн үхсэн үхрийн мах нийслэлд оруулж ирэхийг завдсан этгээд ч гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэнийг тус аймгийн мэргэжлийн хяналтынхан тогтоогоод байгаа юм. Тэр бичгийг хэн түүнд өгсөн, ийм хуурамч гарал үүслийн бичгээс болж нийслэлд хордсон, үхсэн малын мах хичнээн хэмжээгээр орж ирдгийг хэн тогтоох вэ. Үйлдэл дээрээ баригдсан нь М болохоос огт баригдаагүй явж байгаа, үхсэн малын мах худалдаанаас иргэд авч идэж байгааг хэлэхэд хэцүү. Ямартаа ч хуурамч гарал үүслийн гэрчилгээтэй үхсэн малын мах нийслэлд зарагддаг байжээ гэсэн дүгнэлт эндээс хийхэд хүрч байна.

Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний журамд “Олгосон өдрөөс хойш мал, амьтанд гурван сар хүртэл, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд дулааны улиралд долоо хоног, хүйтэн сэрүүний улиралд 14 хоногийн хугацаанд хүчинтэй” хэмээн заасан байдаг. Энийг бид ойлгохдоо идэж байгаа хоол хүнсэнд минь баталгаа гаргаж өгч байна гэж итгэдэг. Гэтэл гарал үүслийн гэрчилгээг нь хуурамчаар хийхэд хэн оролцдогийг тодруулах нь чухал.

Журмын дагуу гарал үүслийн гэрчилгээнд нэлээд хэдэн зүйлийг шалгаж, баталгаа олгодог. Тухайлбал, халдварт өвчингүй, тайван бүс, нутагт маллаж байсан эсэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай дархлаажуулалтад хамрагдсан эсэх, тухайн мал, амьтанд халдварт өвчний ерөнхий болон өвөрмөц шинж тэмдэг илэрсэн эсэх, хүнсэнд хэрэглэх мал, амьтанд эм хэрэглэснээс хойших хориглох хугацаа өнгөрсөн эсэх, хуульд заасны дагуу ялган тэмдэглэгээ, бүртгэл хийгдсэн эсэх зэргийг шалгаж, баталгаа олгохоор тусгасан  юм билээ.

Гэтэл хэдэн жилийн өмнө “Хүчит шонхор” зах дээр борлуулж буй махнаас тариа үнэртсэн тул тус захын эрүүл ахуйн байцаагч дээж авч, төв лаборатори руу явуулсан байдаг. Гэтэл хариу нь өчнөөн олон төрлийн эм, тариа малын маханд байх ёстой хэмжээнээс 15 дахин илүү гарч тохиолдол бий.

Малчид малаа хачиг, хувалзаас ангид,  тарган байлгахын тулд ивомек хэмээх тариаг их хийлгэдэг болсон. Гэвч уг тариа нь бүтэн нэг сарын дараа малын биеэс бүрэн гадагшилдаг байна. Нэг сарын дотор ивомек хийлгэсэн малын мах, сүүг нь хэрэглэвэл эрүүл мэндэд ноцтой хортой. Тухайлбал, ивомек тарьсан малын махыг хүн идвэл төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн элэг, бөөр гэмтэж тархинд цусны тогтонгид нэвтэрч, цаашлаад хорт хавдар үүсэх, онош нь үл олдох харшилтай болох эрсдэлтэй аж.

Харин үхсэн малын мах нь бохирдож, элдэв нян үржих эх уурхай болж, цусан суулга тэргүүтэй элдэв халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг бий болгож байдаг.

Дөнгөж бор хоолонд орж буй хүү, таяг тулсан буурал, хөл хүнд эмэгтэй гээд нийслэлийн 1.3 сая иргэд энэ мэт гарал үүслийг нь хуурамчаар тодорхойлсон, элдэв эм, тарианд хордсон малын, ямар ч баталгаагүй мах хэрэглэсээр байх уу. Үхсэн эсвэл, ивомекоор тарьсан, ямар нэгэн өвчтэй малын мах идэж, эрүүл мэндээ хордуулмааргүй байна. Гарал үүслийн бичиг буюу Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг журмынх нь дагуу, шалгаж, үнэн зөвөөр олгох шаардлагатай байна.

Ашгийн төлөө, бусдын эрүүл мэндэд аюул учруулахуйц үйлдэл хийхээр үхсэн малын мах хуримтлуулсан этгээдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу ердөө 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг. Торгуулийн хэмжээ хэтэрхий бага байсан тул уг үйлдлийг давтан үйлдсэн байгаа юм. Харин гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн бол хэрэг нээж, цагдаагийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс санаатай болон санаандгүй байдлаар бусдын эрүүл мэндэд хор учруулах үйлдэл хийсэн этгээдүүдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлж,  гарал үүслийн гэрчилгээг норм журмынх нь дагуу олгох шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж