"Монголд хөрөнгө оруулах хамгийн том салбар бол ирээдүйн хүүхдүүд"

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

"Монголд хөрөнгө оруулах хамгийн том салбар бол ирээдүйн хүүхдүүд"

"Монголд хөрөнгө оруулах хамгийн том салбар бол ирээдүйн хүүхдүүд"

Алдарт "Forbes" сэтгүүлийн 2019 оны Азийн “30 хүртэлх 30”  жагсаалтад багтсан RVJ capital төслийг санхүүжүүлэгч компанийн дэд захирал Р.Эрдэнэтулгыг уншигчид эчнээ танина. 

Хүн өмнөө тавьсан зорилготой, хийж байгаа ажилдаа үнэхээрийн дур сонирхолтой байж чадвал ямар ч амжилтад хүрч болохыг тэр 26 настайдаа харуулсан. Цаашид ч түүнийг илүү их амжилт, олон боломж хүлээж байгаа.

Хүүхэд ахуй насандаа спортод хайртай нэгэн болж хүмүүжсэн ч  тамирчин бус бизнесийн салбарт хүч сорихоор шийдсэн гэдэг. Тэрбээр  АНУ-ын “Brown” их сургуулийг амжилттай дүүргэж  олон улсад нэр хүнд бүхий АНУ дахь “Морган Стэнли” компанид ажиллаж байсан ч мэдлэг чадвар, хуримтлуулсан туршлагаа эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулж, бизнесийн салбарт эдийн засгийг солонгоруулах хүслийг тээсэн чадварлаг боловсон хүчин юм.

Жирийн монгол айлын отгон хүү, дэлхийд үнэлэгдсэн Р.Эрдэнэтулга тун удахгүй Харвардын их сургуулийг зорих юм. Ингээд түүнтэй ярилцлаа.  

-Шатарчин гэр бүлийн отгон хүүгийн хувьд шатарчин болно гэж боддог байв уу. Таны хувьд багаасаа шатрын спортоор хичээллэж ирсэн ч бизнесийн удирдлагыг сонгосон. Ээж аав нь хүүгээ ямар мэргэжилтэй болоосой гэж хүсдэг байв?

-Эцэг эх маань хоёулаа хүүхэд ахуйдаа мэргэжлийн шатарчид байсан. Гэхдээ насанд хүрээд өөр өөрсдийн мэргэжлийг сонгосон. Миний ээж хүүхдийн эмч, аав минь инженер мэргэжилтэй. Хоёр ах маань шатар тоглодог ч сонирхлын түвшинд тоглодог болохоор намайг илүү түлхүү хичээллүүлэхээр зорьсон байх. Таван настайдаа шатартай “найзалж”   14 нас хүртлээ “Мончес” клубийг төлөөлөн дотоод, гадаадын олон тэмцээнд оролцож багагүй амжилт гаргасан. Би спортод хайртай ч өөр ямар салбарт амжилт үзүүлэх бол гэсэн бодол төрсөн л дөө. Төд удалгүй шатрыг мэргэжлийн түвшинд бус сонирхлоороо тоглож байхаар шийдээд эхлээд өөрийгөө хөгжүүлэх арга замыг эрэлхийлсэн. Ямартай ч Ерөнхий боловсролын суурь хичээлийн мэдлэгтэй болохын тулд “Сант” сургуульд элсэн суралцсан минь цаашид олон том боломжийг нээх үүд хаалга нь байлаа. Аав ээж минь цаг ямагт намайг дэмждэг учраас ирээдүйд хэн болох, ямар мэргэжил сонгохоо өөрөө шийдэх хэрэгтэй гэж боддог байсан болов уу.

-“Сант” сургуулиас “Дэлхийн нэгдсэн коллеж”-д суралцаж  улмаар “Браун” их сургуульд элссэн. Дэлхийд нэр хүндтэй энэ сургуулиас ганцхан төгсөгч урьдаг, олон улсад 42 салбартай Америкийн “Morgan Stanley”-д ажилласан гээд гайхалтай түүхийн эзэн хэрхэн гадаад хэлийг эх хэл шигээ сурч, мэдлэгээ дээшлүүлсэн бэ?

Зарим хүмүүс хэл сурахад төрөлхийн авьяастай байдаг л даа. Олон ангит Солонгос кино үзэж байхдаа л хэлийг нь сурчихдаг хүмүүс байх юм. Харин миний хувьд  гадаад хэл сурах нь “амаргүй даваа” санагдсан. Ерөнхий боловсролын сургуульд англи хэлийг анхан, дунд шатны түвшинд үздэг ч сэтгэлд хүрэх хэмжээнд сурч чаддаггүйгээс болоод өөр бусад сургалт, дамжаанд суудаг байлаа. Түүнээс гадна англи хэлээр ном, сэтгүүл уншиж эхэлсэн нь англи хэлийг сурахад илүү түлхэц болж өгсөн. Жишээ нь, алдарт зохиолч Ж.Р.Р.Толкины  “Бөгжний эзэн” ном цувралууд болон “Английн зохиолч Ж. К. Роулингийн “Харри поттер” зохиолын долоон цувралыг  уншсан.  Англи хэлний ерөнхий мэдлэгийг шалгах,гаднын улс орнуудад тэр тусмаа АНУ болон Канадад бакалаврын зэргээр Их дээд сургуульд суралцахын тулд “SAT” шалгалт өгөхийн тулд англи хэлний өндөр түвшний мэдлэг шаарддаг. Энэ шаардлагыг хангаж шалгалтад өндөр оноо авахын тулд англи хэлийг сурахыг тэмүүлж, илүү их хичээсэн. Ялангуяа санхүүгийн чиглэлээр мэргэжлийн хэллэгүүдийг нь сурч, хөрөнгө оруулалтын компаниудад ажлын ярилцлагад орох нь хамгийн стресстэй үе байсан санагддаг. Энэ байдлаар өөрийгөө дайчилж, англи хэлийг эх хэл шигээ мэддэг болох гэж хичээсээр есөн жил өнгөрчээ. Одоо бол англи хэлний мэдлэг маань тодорхой түвшинд хүрсэн байх гэж найдаж байна.

-“Браун” их сургуульд суралцахын зэрэгцээ гурван жилийн хугацаанд гурван төрлийн хичээлийг 400-500 хүүхдэд заадаг байхдаа өөрийгөө хөгжүүлэх  цаг гардаг байсан уу?

-“Браун” их сургуульд суралцахын нэг давуу тал нь өөрийнхөө мэргэжил, дуртай хичээлийг сонгох боломжийг олгодог. Зарим Их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байдаг бол бид сургалтын хөтөлбөрөө өөрсдөө зохиож, сонгон суралцах боломжтой. Энэ нь надад их таалагдсан. Өөрийнхөө дуртай хичээлүүдийг үзэх нь заавал сурах ёстой гэж бодох бус хоббигоо хөгжүүлж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан. Жишээ нь би нэгдүгээр курст “Буддын гүн ухаан”, “Физик философийн огтлолцол”, “Бясалгал” гэх мэт хичээлийг үндсэн мэргэжлийнхээ хажуугаар авсан л даа. Хоёрдугаарт, манай сургууль шатрыг өндрөөр үнэлдэг байсан. Шатарт дуртай, шатраар хичээллэж байсан оюутнуудаа маш сайн дэмжинэ. Жил бүр “Ivy-League” Их сургуулиудын дунд зохиогддог шатрын тэмцээнд оролцоход бидний бэлтгэлийг хангаж, тусална. АНУ-д чансаагаараа эхний 10-т жагсч, 2650 рейтингтэй шатарчин багшийг “Браун” сургуулиас урьж, бидэнд хичээл заадаг байлаа. Энд нэг зүйлийг тодотгоход, би 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Испани улсад 10 настайтай Майкл гэх залуутай өрсөлдөж, хожигдсон байдаг юм. Тэрбээр тухайн үед АНУ-д хамгийн ирээдүйтэй хүүхдүүдийн нэгд тооцогдож байв. Хожим нь би би түүнтэй “Браун” Их сургуульд дахин тааралдсан нь хачирхалтай хэрэг. Тэр бас мэргэжлийн түвшин шатраар хичээллээд номын мөр хөөн “Браун”-д орсон байсан юм. Нэг жилийн дотор Майкл бид хоёр сургуулийнхаа шатрын багт элссэнээр “Браун”-ы “Ivy-League” тэмцээнд түрүүлэх шаанс эрс өссөн. Манай сургуулийн баг тус тэмцээнд анх удаа түрүүлж, ирэх жилд нь дахин аварга болоход их баярласан юм. Энэ бол  Энэ бол миний хичээлийнхээ хажуугаар хамгийн их цаг зарцуулсан өөрийгөө хөгжүүлэх том хөрөнгө оруулалт болсон гэж боддог.

Гэхдээ суралцахаас гадна найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх нь их чухал.  “Браун”-ы Их сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн маш чадварлаг хүүхдүүд суралцдаг учраас хүн бүр өөр өөрийн гэсэн түүхтэй. Өөрийн гэсэн давуу талтай. Тэдэнтэй хамт байх нь эргээд их туршлага хуримтлуулах үндэс болсон.

-Тантай адил олон мянган монгол залуу дэлхийн өнцөг булан бүрт суралцаж, өөр өөрийн гэсэн түүхийг бүтээж амжилт гаргаж яваа. Гаднын улс оронд суралцаж буй Монгол хүний оюуны чадамж, зан төрх бусад орны оюутан залуусаас юугаараа ялгарч онцгойрдог вэ. Үүнийг та хэрхэн үзэж байна?

-Монгол хүнээс авч болох давуу зан чанарууд бий. Бас хаях зүйлүүд ч байгаа. Монгол хүн тухайн орчинд дасан зохицох чадвартай. Энэ нь бидний нүүдлийн ахуй амьдрал, зан заншил, соёлтой холбоотой байх. Миний харснаар монгол хүн их гүргэр, практик чадвар сайтай. Академик орчинд шинжлэх ухааны зүгээс онолын тухайд судлаагүй байж болох ч амьдрал дээр ямарваа нэгэн зүйлийг хараад хурдан ойлгодог чадвартай. Гуравхан сая ам бүлтэй монголчуудын цөөн хэсэг нь л дэлхийн өнцөг булан бүрт ганц, хоёроороо л сурч, ажиллаж, амьдарч байгаа. Хүний  нутагт эх орноо санах, бэрхшээл саад тотгор зөндөө гарч байхад дэргэдүүр Хятад, Солонгос, Япончууд нийгэм үүсгэн ажиллаж амьдардаг. Бидний хувьд цөөхөн ч гэсэн тухайн орчинд дасан зохицох чадвар сайн байдаг шиг  оюуны потенциалаараа ч бас  бусдаас дутахгүй. Энэ нь манай улсын  боловсролын системийн түвшин өндөр байгаатай холбоотой гэж би хардаг. Англи хэлний түвшин дундаж байж болох ч тоо, физик, шинжлэх ухааны хичээлийг ахисан түвшинд заадаг гэж хувьдаа үнэлж байна. Энэ нэг жишээ дурдахад, дэлхийн томоохон нэр хүндтэй Их сургуулиудад элсэн суралцаж байгаа найзуудыгаа харахад шинжлэх ухааны хичээлдээ “толгой гудайлгаж” буйг нь  харж байгаагүй. Тэд бүгд л маш хүнд даалгаврыг амжилттай давдаг.

-Forbes жил бүр уламжлал болгон нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж буй “30 хүртэлх насны 30” залуугийн жагсаалтыг зарладаг. Энэ жагсаалтад багтсан гурван монгол хүний нэг нь та. Ази-Номхон далайн 23 орны 2000 гаруй залуусаас шигшигдсэн шалтгааныг хэрхэн дүгнэж байна?

-Энэ бол их гоё мэдээ байсан. Би хэзээ ч өөрийгөө Forbes сэтгүүлийн Азийн 30 шилдэг залуугийн жагсаалтад багтана гэж төсөөлж байгаагүй. Хэрэв намайг хэн нэгэн “Чи бол Азийн 30 шилдэг залуугийн нэгд багтах чадвартай хүн байна” гэж хэлбэл инээд алдах байсан байх. Гэхдээ тус сэтгүүлийнхэн миний оюуны чадамжийг үнэлж, “30 хүртэлх насны 30” жагсаалтад багтаасанд би талархаж байна. Жагсаалтыг гаргахад тухайн хүнийг хоёр талаас  хардаг байх. Тэр хүний өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйл мөн  ирээдүйд бүтээх үр нөлөө, мэдлэг чадвар. Тус сэтгүүлийнхэн миний өнөөдрийг хүртэл гаргасан ололт амжилтыг үнэлэхээс илүүтэй ирээдүйд хийж бүтээх потенциалыг харсанд их баяртай байлаа.

– “Морган Стэнли”-д ажиллах хугацаандаа өглөө 09.00 цагаас шөнийн 02.00, 03.00 цаг хүртэл ажиллах нь хэвийн үзэгдэл байсан. Монголд бол ажлын цаг нь өглөө 09.00-18.00 цаг хүртэл байдаг. Тэнд ажлын хэт их ачааллыг дааж сурсан уу.  Ачааллаас илүү ажлаа хийх хандлага их гэдгийг та онцолдог. Хандлагаас гадна тухайн ажил мэргэжилдээ дуртай байх нь чухал биш үү?

-Олон цагаар ажиллавал ажилдаа дуртай байсан ч дургүй болох үе байдаг. Гэхдээ миний хувьд зөв хандлагад илүү тулгуурласан. Дараагийн зорилгод хүрэхийн тулд энэ ажлыг заавал хийх ёстой гэсэн бодлоор л ажлаа хийдэг байлаа. Одоо бодоход хэдийгээр тэр үед чөлөөт цаг гэж байхгүй хэцүү байсан хэдий ч мэдлэг туршлага, хөрөнгө оруулалтын салбарт ойлгосон бүх контентуудаас их зүйлийг сурч, туршлага хуримтлуулсандаа “Морган Стэнли” компанид талархдаг. Бас компаниас их ажлыг өгөх тусам өөрийнхөө төсөөлснөөс хамаагүй их зүйлийг бүтээдэг нь хүний давуу тал юм болов уу.

Хүн өөрийгөө дайчилж чадвал бодож байснаасаа илүү зүйлийг бүтээж чадна. Их ажлын хажуугаар хамт амьдарч байсан гурван монгол найзын минь тус дэм үнэхээр их. Тэр хүмүүсийн дэмжлэг туслалцаагүйгээр хүний нутагт хоёр жил ганцаараа бүгдийг даван туулна гэдэг үнэхээр хүнд байх байсан. Хүний нутагт сэтгэлийн тус дэм болсон найзууддаа талархаж явдаг.

АНУ-д болон Монголдоо ажиллах хэр их ялгаатай байна вэ?

-Би эх орноосоо яваад есөн жил болсон. Эх орондоо ирээд их сайхан сэтгэгдэл төрж байсан. Гадаадад суралцаж, ажиллаж байх хугацаанд Монголынхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах тухай бодсоор ирсэн.  Монголд бизнесийн орчныг судалж, тодорхой хугацаанд ажлын туршлага хуримтлуулсандаа их баяртай байна. Ингээд эх орондоо ирээд ажиллаж үзтэл авах гээх зүйл их байна. АНУ-аас ялгаатай нь миний ажиллаж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн үнийн дүнгийн хэмжээ харьцангуй бага. Гэхдээ компани болон эдийн засагт харагдахуйц нөлөөлөл нь их, өргөн цар хүрээтэй учраас Монголд ажиллах нь сайхан санагддаг. Бас Монголд дэд ерөнхийлөгчөөр ажиллахад эдийн засгийг том зургаар харах боломжийг олгосон.  Бизнес санхүүгийн чиглэлээр ажиллаж буй хүмүүс санхүүгийн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Харвардын их сургуульд элсэн суралцахын тулд эртнээс бэлдсэн үү?

-Тийм. Ер нь бол хоёр талаас харж болно. Харвардын их сургуульд элсэх материалыг сүүлийн нэг жил бэлтгэсэн. Нөгөө талаас тухайн сургуульд тэнцэх хэмжээнд хүртэл өөрийгөө хөгжүүлж боловсруулах нь насан туршийн амьдралын үйл явц юм.  Тиймээс нийгэмд эзлэх байр суурь, эзэмшсэн мэдлэг боловсрол, нийгмийн идэвх оролцоотой байхын тулд хэтийн төлөвлөгөө байх хэрэгтэй. Миний хувьд Дэлхийн нэр хүндтэй Их дээд сургуулиудад суралцахын тулд дөрвөн жилийн ажлын туршлага хуримтлуулах шаардлагатай байсан. Үүнийг би дөрвөн жилийн өмнөөс бодож эхэлсэн учраас алсын харааны зураглал гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээний ажлын туршлагыг АНУ-аас бас Монголоос хуримтлуулъя гэж бодсон юм. Ингэснээр дэлхийн хоёр өөр улсын өөр хоорондоо ялгаатай ажлын туршлагыг бий болгохыг хичээсэн.

-Таны бодлоор амжилтад хүрсэн аз жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Амжилтад хүрнэ гэдэг бол нэг талаас нь харвал олон нийтэд танигдсан, ажилдаа нэр хүндтэй хүн байж болно. Нөгөө талаараа амжилтад хүрнэ гэдэг бол гэр бүл нь аз жаргалтай, үр хүүхдээ зөв төлөвшүүлэхийг хэлнэ. Миний бодлоор олон хүн энэ талыг  анзааралгүй орхидог санагддаг. Амжилттай хүний ард гэр бүлийн аз жаргал байдаг. Тэр хүнийг  эд хөрөнгө, нийгэмд эзлэх байр сууриар биш хоёр талаар нь дүгнээсэй гэж хүсдэг.  Миний хувьд Монголд хөрөнгө оруулах хамгийн том салбар бол ирээдүйн хүүхдүүд. Хүүхдийг өндөр боловсролтой, аз жаргалтай амьдруулах ёстой. Ингэснээр тэр хүүхэд ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүн болж төлөвшинө.

Хөгжиж буй орнуудад материаллаг сэтгэлгээ тогтох нь магадгүй нийгмийн шилжилтийн нэг хэлбэр байх. Гэхдээ монгол залуус хүмүүсийг  эд хөрөнгө, өнгө үзэмжээр нь  дүгнэхээс илүү хувь хүн талаас нь харж, дүгнээсэй гэж хэлмээр байна.

– Залуусын бие авч явах соёлыг хэрхэн ажиглаж дүгнэдэг вэ. Шүүмжлэлтэй ханддаг асуудал бий юу?

-Монголд ирээд ажиглагдсан хамгийн их зүйл нь хотын соёл гэхээс илүү хувь хүний соёл. Энд тухайн хүнийг хэмжиж байгаа хэмжүүр нь хөгжингүй орны соёлоос бага зэрэг өөр санагдсан. АНУ-д амьдарч байхад тухайн хүний өмссөн хувцас, унасан унаа, барьсан утас гэхээс илүү тэр хүний төгссөн сургууль, ажлын туршлага болон нийгэмд оруулсан хувь нэмэр, тухайн хүний амжилт ололтоор нь илүү дүгнэдэг. Харин Монгол Улсад залуусын дунд материаллаг үзэл тодорхой хэмжээнд газар авсан санагдлаа. Нийгмийн байр суурийг нь LX570, IphoneXS, 9911-тэй дугаараар үнэлэх тохиолдол цөөнгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж