Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн

Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн

Эдийн засагч, судлаач Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та танхимын ерөнхийлөгчийн ажлаа өгөөд хоёр сар болж байна. Ажлаа өгөөд хэсэг амарч байна уу. Эсвэл компанийнхаа ажилд  оров уу?

-Эрдмийн ажил дээрээ сууж байна. "Бүртгэлд суурилсан татварын системийн өөрчлөлт" гэсэн сэдвээр эрдмийн ажил хийж байгаа.

-Таны байнгын ярьдаг  “уйтгартай” сэдэв байна?

-Татвар бол өөрийн онолтой, өөрийн гэсэн зарчмуудтай. Татварын есөн том онол байдаг юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагаад эдгээр онол хувьсан өөрчлөгдөж байдаг. Уг нь бүх хүний амьдралд хэрэглэгддэг онол.

-Танхимын ерөнхийлөгчийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болсон. Ний нуугүй хэлэхэд улс төр орчихов уу даа гэсэн хардлага төрсөн шүү?

-Танхимын ерөнхийлөгчийн суудал их гоё харагдсан байх. Өрсөлдөөн явагдсан, сонгууль болсон. Ерөнхийдөө цоохор морины наймаа болсон. Болоод өнгөрсөн зүйлийн араас нь элдэв зүйл ярих дэмий. Шинэ ерөнхийлөгчөө сонгочихлоо. Одоо тэр хүний хийх ажил үлдсэн.

-Ингэхэд, та танхимын ерөнхийлөгч болсон зорилгоо биелүүлсэн үү. Дөрвөн жилийн өмнө танхимын ерөнхийлөгч болохдоо  татварын системийг өөрчилнө гэж амалж байсан санагдана. Тэр амлалтаа хэр биелүүлж чадсан бэ?

-2014 оны арванхоёрдугаар сард намайг танхимын ерөнхийлөгчөөр сонгогдож байхад эдийн засаг уначихсан, хөрөнгө оруулалт таг зогсчихсон, маш хүнд байсан. Тухайн үеийн Ч.Сайханбилэгийн засаг дөнгөж байгуулагдаж байсан, би ч ажлаа дөнгөж авч байсан юм. Бид хоёр нэг зорилго дээр санал нэгдсэн нь бүртгэл дээр суурилсан татварын системийг бий болгох. Бүртгэгдээгүй байсан хөрөнгийг ил болгох, макро эдийн засгаа босгох явдал байсан. 2008 оноос би НӨАТ-ын 30 хувийг иргэдэд буцаан олгоё гэж ярьж ирсэн хүн. Мэдэх нэг нь мэдэж байгаа байх. МАН-д элсэх болсон шалтгаан ч үүнтэй холбоотой байсан. Гэхдээ, Сү.Батболдын Засгийн газар ч хийж чадаагүй, Н.Алтанхуягийн засаг ч чадаагүй. Ч.Сайханбилэгийн үед НӨАТ-ын хуулиа шинэчилж чадсан ч Татварын багц хуулиа өөрчилж чадаагүй сонгууль болсон. Ж.Эрдэнэбатын үед энэ ажил зогсоод У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн намрын чуулганаар Татварын багц хуулийг батлууллаа.

 Хуулийг дагаад журам батлагдах ёстой. Ойрын хугацаанд 43 журам батлагдах байх. Шинэ хуулийн үйлчлэл 2020 оноос эхэлнэ. Үүнээс өмнө татвар төлөгч, татвар авагч хоёрын хоорондын мэдлэг, мэдээлэл ойлголтын зөрүүг арилгах хэрэгтэй. 2019 онд энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа, танин мэдэхүйн ажил хийгдэх байх. Үр дүн нь 2021 оноос үзэгдэх юм.

-Татварын хууль таны бодож байсанчлан батлагдаж чадсан уу. Шинэ хуулийн зарим заалт багагүй шүүмжлэл дагуулсан болохоор сонирхож асууж байгаа юм шүү?

-1990 оноос хойш Татварын ерөнхий хуулийг дөрөв дэх удаагаа өөрчилж байна. Монгол Улс  27 жилийн хугацаанд Татварын ерөнхий хуулийг дөрөв солино гэдэг социалист системээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан тогтолцоо руу дөрвөн шатаар урагшилж байна гэсэн үг. Татварын реформд татварын хөнгөлөлтийн асуудал нэлээд тусгагдсан. Гэхдээ маш сайн хууль баталлаа ч журам нь муу бол гажуудаад явчихдаг. Тиймээс хуулийг дагасан журмууд дээрээ сайн ажиллах ёстой. Урд өмнөх хуулиуд муу байгаагүй, журам нь муу байсан юм. Журам нь асуудалтай болохоор хуулийн цоорхой үүсчихдэг. Ийм гажуудал гаргахгүйн тулд журам дээрээ Сангийн яам, танхим хоёр нэлээд ажиллах шаардлагатай болов уу.

-Мэдээж, та Татварын багц хуулийг батлуулах гэж нэлээд гүйсэн, хөөцөлдсөн. Журам дээр нь анхаарч байгаа биз дээ?

-Татвар төлөгчдийг хамгаалж явдгийн хувьд энэ журам дээр ажиллах нь миний үүрэг. Хууль албан ёсоор Төрийн мэдээллийн эмхэтгэл дээр хэвлэгдэх ёстой. Түүний дараагаас журмууд дээрээ ажиллаад эхэлнэ.

-Татварын багц хуулийн шинэчлэлтээр орлого олж байсан бүхэн татвар төлөхөөр болсон. Гэхдээ татвараас ангид бүлгүүд, тухайлбал, малчид, ченжүүд, захын наймаачид татвар төлөхгүй үлдэх нь хэвээрээ байна лээ. Асар их мөнгө эргэлдэг эдгээр бүлэг хүмүүсээс яагаад татвар авъя гэж боддоггүй юм бэ?

-Монголд 2006 онд их том татварын өөрчлөлт хийгдсэн юм. Дөрвөн 10-ын бодлогыг баталсан. 2007 онд Татварын ерөнхий хуулиа өөрчилсөн. 2008 оноос шинэ систем үйлчилсэн. Тэр шинэ системдээ зориулаад Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэл гэж эдийн засгийн өршөөлийн хуультай төстэй хууль гаргасан. Энэ хууль 2008 оны нэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 31 хүртэл хэрэгжсэн. Түүнээс гадна бас Өршөөлийн хуулийг гаргасан. Хоёр хууль гарсныг манайхан сайн мэддэггүй юм. Энэ хуулиудын үр дүнд 2009 оны хямралыг авч гарсан. Арваад жилийн дараа манай эдийн засаг 10 дахин өссөн. Энэ томорсон үед төгрөг бүрийг бүртгэж чадаж байна уу гэсэн таны наад асуулт чинь гарч ирсэн юм. Тиймээс  НӨАТ-ын хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Үр дүнд нь өнөөдөр 100 мянган кассын машин ажиллаж байна. 2016 онд  дөнгөж 1600 кассын машин байсан. Одоо нэмээд 50 мянган кассын машиныг хөдөө, орон нутагт  тавих гэж байна. Энэ кассын машинуудын үүрэг нь та бидний яриад байгаа төгрөг бүрийг тоолох асуудал явж байна гэсэн үг. Харамсалтай нь, Ж.Эрдэнэбатын засгийн үед НӨАТ-ын системийг унагаах гэж оролдсон л доо. Ч. Хүрэлбаатар сарын өмнө анхны код бичсэн залуусыг буцааж ажилд нь тавьсан байна лээ. Одоо НӨАТ-ын систем системээрээ хөгжөөд явах байх.

Малчдаас яагаад татвар авдаггүй юм бэ гэж та асууж байна. Асуудал нь мал, малчин хоёр орхигдсонд байгаа юм. Манай улстөрчид татвар авахгүй, халамж өгнө гэх нэрээр малчдыг цэвэр хорлочихсон. Өнөөдөр мянгат малчид над дээр ирээд хэлж байна, “Биднийг нийгмийн харилцаанд оруулаад, хөгжүүлээд өгөөч” гэж. Үнэндээ мал, мал аж ахуйн нэрээр амьдардаг яам, янз бүрийн олон холбоод байдаг ч тэд улс төрөө бодохоос малчдын ирээдүй, эдийн засгийг боддоггүй юм.

ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ, ТАНХИМ  ГУРАВ НАС БАРСАН

-Сүүлийн үед улс төрөөс гарч байгаа шийдвэрүүд эдийн засгийн том, том асуудалтай холбогдож байгаа болохоор танхимын экс ерөнхийлөгчийн хувьд ч, эдийн засагч, судлаач хүний хувьд ч танаас асуухаас өөр аргагүй. “Эрдэнэт”-ийн 49-ийг хурааж авсан, “Стандарт”-ын өрийг төлсөн, "Оюутолгой"-н гэрээг  цуцална гээд өдөр болгон л  улс орон маань дүүрэн “адал явдалтай” байна.  Энэ  бүхэн эдийн засагт, хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх бол гэх айдас хүйдэс олон хүнд байгаа?

-1990 оны ололт амжилт, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг хамгаалсан тогтолцооноос өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс бүрэн татгалзчихлаа шүү дээ. Танхимын ерөнхийлөгч болоогүйдээ ярьж байгаа юм биш шүү. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс ардчиллаас татгалзах маш олон үйл явдал боллоо. Тиймээс шударгаар хэлэхэд, Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гурав нас барсан. 49 хоног нь тохиож байна гэхэд буруудахгүй.

-Яагаад ингэж бодож байна?

-ХЭҮК, Үндсэн хуулийн Цэц, МХАҮТ гурвын үүрэг бол хүний  эрх, чөлөөт зах зээлийг хамгаалах. Хүний  эрх хэзээ хамгийн дээд цэгтээ хамгаалагддаг вэ гэвэл төрийн гурван институц буюу УИХ, Засгийн газар, шүүх засаглалын баланс хоорондоо тэнцүү байх үед. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн засаглал нь  шүүх засаглалаа, УИХ-тай нь залгичихлаа. Энэ гурван институц хоорондоо, ялангуяа туслах шахуу институцид залгигдах юм бол үүнээс цаашаа хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг яриад байх шаардлагагүй болж байна. Ерөнхийлөгч төрийн гурван институцийг залгиж байхад хамгийн их  тэмцэх  ёстой  байгууллага бол Танхим, ХЭҮК, Цэц гурав. Энэ надад маш харамсалтай байгаа. Хэрэв бизнесийнхэн чөлөөт зах зээлтэйгээ, эрх эрх чөлөөтэйгөө үлдье гэвэл энэ гурван байгууллагын тусгаар тогтнол, хараат бус байдлыг бий болгохын төлөө дуугарах, тэмцэх ёстой. Тиймээс айхтар улсууд Үндсэн хуульдаа бүр суулгаж өгсөн байдаг юм билээ. Тухайн улсын Ерөнхийлөгч засаглалын бусад хэлбэр рүү ямарваа хэлбэрээр өнгөлзөхийг хориглоно гэж. Манайд бол тийм юм алга..

-Улс төр өрнөж байгаа үйл явдлыг харахад Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын "хаан" болохыг оролдож байна. Шүүхийг, прокурорыг, УИХ-ыг муухай харагдуулах акц байнга хийгдэж байна. Энэ нь Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн далд сурталчилгаа явагдаад байх шиг. 

-Бидний нөгөө бэлгэ тэмдэг нь биежсэн нэг том диктатур болоод хувирчихсан. Тэр эрхийг нь бүгдээрээ өмнө сөгдөж суугаад бэлэглэж байна. Албан бусаар Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай болчихлоо шүү дээ. Хууль, шүүх, УИХ бүгдийг нь ҮАБЗ-ийн дарга хөшигний араас удирдаж байна.

-МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн УИХ хамаг эрхээ Ерөнхийлөгчид алдчихлаа?

-УИХ нь бүрэн эрхээ Ерөнхийлөгчид өөрөө бэлэглэчихлээ, шүүх нь өөрөө бэлэглэчихлээ, прокурор нь өөрөө бэлэглэчихлээ. Нэг хүн дээр бүх эрх мэдэл төвлөрөөд, төрийн институциуд нь хоорондоо тохироод байхад гадна талаас нь дуугарч  тэмцэх хүчтэй байгууллагууд нь миний нас барлаа гэж, эмгэнэл илэрхийлээд байгаа нөгөө гурван байгууллага.

Та хэд нэг хөнжилд орж болохгүй шүү, дэр нэгтгэж болохгүй цус ойртоно гэдгийг тэд сануулах үүрэгтэй. Гэтэл нөгөө “Ид сааль сүүний цагаар саалиа орхиод үхчихдэг хүнийг ямар эхнэр хүн гэх юм” гэгчээр тэмцэх, дуугарах үедээ таг болсон байгууллагуудыг хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалагчид, манаачид гэж хэлэх үү.

-Бүгд л барьцаалагдчихсан. УИХ-аас, Ерөнхийлөгчөөс санал оруулж томилогддог болохоор тэр байх?

-Энэ бүхэн манай Үндсэн хуулийн гажуудалтай холбоотой. Үндсэн хууль бол бүр эхнээсээ гажуудаад явчихсан. Төрийн эрх мэдэл УИХ-д хадгалагдана гэж  1992 оны Үндсэн хуульд заасан байдаг. Энэ нь 1960 оны Үндсэн хуульд байсан “Төрийн эрх мэдэл Ардын их хуралд хадгалагдана” гэсэн үгийг тэр чигээр нь хуулчихсан. Гэтэл УИХ, Засгийн газар, шүүх бие биеэсээ хараат бус харилцан эрх тэгш оршино гэдэг үгийг Үндсэн хуулийнхаа өмнө бичиж өгөөгүй байдаг юм. Тиймээс хууль санаачилж байгаад Ерөнхийлөгч нь УИХ-ын эрх мэдэл рүү гар дүрчихэж байна. Хууль санаачилж байгаад прокурор, шүүхийн хараат бус байдалд халдчихаж байна.

-Таны хэлдгээр Танхим, Цэц, ХЭҮК гурав мэдэгдэл ч гаргасангүй өнгөрсөн. Хууль нь Үндсэн хуулийн Цэц дээр унах болов уу гэсэн байдаггүй ?

-Төрийн гол институц нь бие даасан хараат бус байдлаа өөрсдөө хамгаалж чадахгүй, далбаан дор нь орсон нь цэвэр диктатур бий болгож байна гэж харагдаж байна.  Ихэнх ухаантай улсын ХЭҮК нь Үндсэн хууль дотроо байдаг юм. Манайх Үндсэн хуулиас нь гаргачихсан. Шүд, амгүй нэг гөлөг л тэр хойд байшинд “хуцаад” суудаг, тэрийг нь тоодог ч хүн байдаггүй. Гэтэл прокурорын байгууллага нь Үндсэн хуулиндаа орчихсон. Уг нь прокурорын байгууллага нь биш  ХЭК нь Үндсэн хуульд байх ёстой юм. Одоо хийх гээд байгаа өөрчлөлтийнхөө үеэр энэ бүхнээ засах байх л гэж харж сууна.

-Төслийг нь уншсан. Олигтой өөрчлөлт хийгдэхээргүй л байна лээ. Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүнд өөрчлөгдөхгүй гэдэг шиг өөрчлөлт Үндсэн хуульд хийгдэх бололтой?

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумих ёстой л доо. Тэгэхгүй бол өнөөдөр Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн бус аргаар Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гээд үзээд байна. Энэ үед л олонх Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн санаархлыг тас зогсоох ёстой юм. Харамсалтай нь бүгд ЖДҮ аваад урхинд орчихсон. УИХ нь бөлдөгдүүлчихээр Ерөнхийлөгчийн хий гэсэн бүхнийг хийхээс яах вэ?

ОЮУТОЛГОЙ Ч БАЙ, ЭРДЭНЭТ Ч БАЙ, БҮХ БИЗНЕСМЕН ӨНӨӨДӨР ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ОЧИЖ МӨРГӨДӨГ БОЛНО

-ЖДҮ гэснээс та бизнесмен хүн. Монголын бизнесменүүдийн том нэгдлийг толгойлж ирсний хувьд ЖДҮ-ийн асуудлыг юу гэж боддог вэ?

-Цэвэр хулгай. Г.Занданшатар барьцаанаас гаръя гэвэл өөрөө ЖДҮчидээ Цэцэд өгөх хэрэгтэй. Г.Занданшатарт тийм эрх байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр институц хоорондын эрх тэгш харилцааг сайн суулгаж өгөх ёстой байх. Дээр нь миний бас үргэлж ярьдаг төрийн нийтийн хамааралтай өмчийг Үндсэн хуулиар хамгаалах ёстой. Өнөөдөр нийт өмчийн 99.9 нь төрд байгаа. Газар, газрын хэвлий доорх баялаг, агаар ус бол төрийн нийтийн хамааралтай өмчид багтдаг. Энэ өмчийг Үндсэн хуулиараа ч, бусад хуулиар ч хамгаалж өгөөгүй. Тиймээс нийтийн хамааралтай өмчүүдийг эрх мэдэлтэй том дарга нар зохицуулж ирсэн. Жишээлбэл, “Эрдэнэт” байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдэж авсан төрийн ажиллагааг хэлж байна уу?

-"Эрдэнэт"-ийн 49 хувийг Оросоос очоод аваад ирсэн залуусын буруу биш шүү дээ. ОХУ-д байсан  өмчийг аваад ирсэн хүмүүс.  Ийм эрхийг нь төр  өгвөл манай залуучууд ямар ч том хэлэлцээр, бизнес хийж чадахаар болжээ гэдэг нь харагдаж байгаа. Энэ асуудал мэдээж, олон улсын арбитрын шүүх дээр очно. Шүүхийн шийдвэр тэртээ тэргүй тэр залуусын талд гарна. Тийшээ очлоо бол Засгийн газар унана, ойлгомжтой. Хамгийн гол нь ийм эрх өгвөл Монголын бизнесменүүд том наймаа хийж чадахаар болсон.

-Гадаадад байсан хувийг нь аваад ирсэн хүмүүсээ дээрэлхэж, дээрэмдээд, гадаадад аваачаад тавьсныг нь дэмжиж туслаад өрийг нь хүртэл Монголын төр төлж өглөө. Нэг кэйс дээр манай эх орончдын шударга ёс нэг иймэрхүү л үйлчилж байна?

– Ш.Батхүүгийн тавьсан 40 сая ам.долларыг төлчихлөө гэж манай эрх баригчид гоё, гоё юм яриад байгаа биз. Яг нарийндаа 10 жилийн өмнө "Жаст"-ын Батхүүд тавьсан өрөө л төлж байгаа юм шүү дээ.

-Сонирхолтой санагдчихлаа, яагаад Монгол Улс Ш.Батхүүд өртэй болсон гэж. Эсрэгээрээ Ш.Батхүү Монголын төрд өртэй үлдэж байгаа юм биш үү. Ө.Энхтүвшин сайд Ш.Батхүүгээр өрийг нь төлүүлнэ гэсэн шүү дээ?

-“Эрдэнэт”-ийн баяжмалын хэн зарах вэ гэдгийг улсын том эрх мэдэлтэн шийддэг байсан юм. Тэгээд нэг бизнесменд тэр эрхийг нь өгдөг. Тэр бизнесмен зөвхөн “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг зарах эрхээрээ тоймгүй баялгийн эзэн суудаг байсан. Тэр нь Ш.Батхүү л байсан хэрэг. Би тэр үеийн сонин дээр гарсан мэдээллийн дагуу л ярьж байна.

Зэсийн баяжмалыг зарахын тулд Ш.Батхүү төмөр замаар баяжмалаа тээвэрлэнэ шүү дээ. Гэтэл 2008 оны сонгуулиар С.Баярын Засгийн газар зэсийн баяжмалаа зарах мөнгөө урьдчилж аваад идчихсэн байсан. Зэсийн баяжмалын үнэ ч  хоёр дахин уначихсан. Тэр үед баяжмалаа 4000 мянгаар тооцож аваад мөнгийг нь үрчихсэн байдаг, баяжмалын үнэ нь 2000 болтол уруудсан. Зургаан сар “Эрдэнэт” баяжмалаа үнэгүй зөөсөн. Тэгээд төмөр зам, шатахуун гээд “Эрдэнэт” 51 сая ам.долларын өртэй болчихсон. Хямрал нүүрлээд, эдийн засаг нь мөнгөгүй болчихсон, 10 сая малаа зуднаар алдчихсан, улаан буудай олигтой хурааж чадаагүй.

Аргаа бараад С.Баярын Засгийн газар Ш.Батхүүд хандсан байдаг юм. Нөгөөх нь төрийн дэмжлэгээр том бизнесмен болчихсон байгаа ш тээ, тэр үедээ. Банкийг ч авдаг, шатахууны бизнесийг авдаг, махны бизнес ч эрхэлдэг. Ш.Батхүүг мөнгө олж ир гэсэн. Өнөөх нь “Стандарт” банкнаас 51 сая ам.доллар олоод ирсэн. Ийм л юм болсон, өнөөдөр Монголын төр Ш.Батхүүд өрөө төлж өгч байгаа юм. Сайрхаад байх баяр биш л дээ.

-Төр засгийн бодлогыг харахад бизнес эрхлэхэд улам хүндрэлтэй, дарамт шахалт ихтэй боллоо. Төр ердөө л булаана, дээрэмдэнэ, хориглоно, хязгаарлана гэдэг үгтэй болсон байна л даа?

-Бизнесийнхэн одоо бүгд төрийн гурван өндөрлөгт хадаг бариад мөргөдөг болно. Тэгсэн цагт бизнес нь явдаг ч юм уу. Харамсалтай нь, ийм зүйл рүү шууд яваад орчихлоо. Алтныхан өнөөдөр бүгд бөлдөгдүүлсэн. Өнгөрсөн онд 22 тонн алт төв банкинд тушаагдсан байдаг. Үүний 12 тонныг нь хувь хүмүүс тушаасан. Энэ нь 400 сая ам.доллар болж байгаа. Энэ 12 тонн алтыг 250 хүн тушаасан гэвэл 10 хувиа улсад өгсөн үү гэдэг асуудал гарч ирнэ. Компаниуд 25 хувийн татвар төлөхгүйн тулд бултаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл тэрийг нь төр нүдээ аниад хараад суусан. Өнөөдөр татвараас бултсан гээд алтныхан бүгд бөлдөгдүүлсэн, нэг бол асар их торгууль төлөх үгүй бол лицензээ булаалгах дээрээ сууж байгаа. Бизнесээ авч үлдэхийн тулд нөгөө том гурван дарга дээр чинь очиж сөгдөж байгаа л даа.

 Нефтийнхэн ч ялгаагүй хуурамч шатахуун үйлдвэрлэсэн гэсэн асуудлаараа бас барьцаанд орсон. Хуурамч шатахуун үйлдвэрлээд байна шүү гээд хэлээд анхааруулаад байхад Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нь зүгээр хараад л суугаад байдаг. Шатах, тослох материал хилээр орж байгаа хэмжээ улам л өсөөд байдаг. Сангийн сайд нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Энэ нь юу вэ гэвэл цаана нь  нөгөө л урхи явж байна. Төр урхи тавьж байгаад л нэг өдөх "хаб" гээд атгандаа оруулчихдаг. Яг ЖДҮчдэд тавьсан урхи шиг. Бөлдөгдүүлсэн бизнесийнхэн төрийн гурван томынхоо өмнө мөргөхөд хүрч байна. Одоо “Эрдэнэт”-ийг, араас нь “Оюутолгой”-г сөгдүүлэх гэж оролдож байна. Рио-Тинто удаан сөгдөхгүй. Гараад явчихвал Монгол Улс нурна.

Н.Алтанхуягийн Засгийн үед "Оюутолгой"-г хоёр жил гацаасан. Түүнээс болоод эдийн засаг хэвтэрт орсон шүү дээ. Тэгээд Ч.Сайханбилэг очиж тэр алдааг нь зассан юм. Дубайн гэрээ бол сайн модель. АН-ын үед хэсэгхэн хугацаанд МАН-тай хамтарч засаг барьж байхдаа тэр гэрээг хийж байсан. "Оюутолгой"-н анхны гэрээг ч хамтарсан засгийн үед хийж байсан. "Оюутолгой" бол УИХ-тай гэрээ хийсэн цорын ганц төсөл. Эрдэнэтийн 49 бол сайн модель. Гэтэл тэднийг ямар ч хамаагүй аргаар л өмнөө сөгдүүлэхийг хүсээд эхэллээ. Одоо сүүлдээ бүх бизнесийнхэн төрийн гурван өндөрлөгт хадаг бариад л сөгдөнө. Төрийн гурван том даргад авлига өгдөг болно. Сөгдөхгүйг нь шоронд хатаах ч юм уу, бизнесийг нь булаадаг механизм руу гулсаад орчлоо, үүнд л харамсаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж