Ё.Баатарбилэгийн бодлогууд

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэгийн бодлогууд

Ё.Баатарбилэгийн бодлогууд

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна. 


Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд томилох томилсон билээ.  Өнгөрсөн хугацаанд тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд тус  яамны сайдаар томилогдсон даруйдаа чухал чухал шийдвэрийг  хэдэнтээ гаргалаа. Тэрбээр тус ажлаа авсныхаа даруйд  “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг би та бүхнээс хүсэх болно. Салбар бүхэнд асуудал бий. Энэ бүхнийг харж чиглүүлж ажиллах болно. Би нээлттэй, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Амжилтаа ахиулж салбараа амжилттай хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллана” хэмээн хэлсэн тэрбээр хоёр сарын хугацаанд юу юу амжуулсныг тоймлон хүргэж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анхны аппаратын хурлаа зохион байгуулж, зарчмаа танилцуулав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гахайн жилийн ажлын эхний өдөр яамны болон харьяа байгууллагын нийт албан хаагчдыг оролцуулсан анхны шуурхай хурлаа хийж, цаашид сайдын зүгээс баримтлах зарчмаа танилцууллаа. Сайд яамны бүх газар хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал цөөнгүй байгааг нэг бүрчлэн дурдаж, ахин ийм алдаа гаргахгүйгээр, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төлөвлөлтөө сайн хийхийг санууллаа. Үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллахыг мөн үүрэг болголоо.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  ажил эрчимжүүлэх, хариуцлага өндөржүүлэх  талаар тушаал гаргалаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг яамны албан хаагчдыг мэргэшүүлэх, хариуцлагатай ёс зүйтэй байлгахад чиглэсэн тушаал гаргав.  УИХ аас баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэл, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, тухай” 258 дугаар тогтоол, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр батлагдсан албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 12 төрлийн арга хэмжээ авахыг тушаалд тусгасан байна.  Тухайлбал, Яамны албан хаагчдын мэргэшсэн, ажлын өндөр ур чадвартай, ёс зүй, харилцааны соёлтой, эрх зүйн мэдлэгтэй, салбартаа манлайлагч байдлыг дэмжсэн сургалтыг үе шаттай зохион байгуулах.  Сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас баталсан албан даалгавар, тогтоол, чиглэлийг хэрэгжүүлэх талаар яамны гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заалт оруулж, биелэлтийг чанаржуулах арга хэмжээ авах тухай дээрх тушаалд тусгажээ.

Багш нарын нийгмийн асуудлыг ингэж шийдвэрлэнэ

-Багш нарын илүү цагийн хөлс, ялангуяа цэцэрлэгийн болон бага ангийн багш нарын илүү цагийн асуудлыг шийдвэрлэнэ ээ. Угаасаа төсөвт мөнгө нь суусан байгаа. Харин Засгийн газрын тогтоол гаргахдаа жаахан дутуу харсан зүйл байсан юм байна. Үүнийг засна. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орох учраас одоогоор хууль журмын дагуу холбогдох яамдаас санал авах төсөл нь явж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулна.
Мөн багш нараа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж үзлээ. Судалгааны дүнгээс харахад нийт багш нарын 41.9 хувь нь орон сууцанд, дийлэнх нь орчин үеийн тохилог орон сууцгүй байна. Улсын дунджаар нийт багш нарын шүү дээ. Ингээд харахаар манай багш нарын орон сууцны нөхцөл тийм ч сайн биш байгаа биз. Тэгэхээр яамны зүгээс орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ болон Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны байнгын хорооноос бодлогын дэмжлэг авч ажиллахаар төлөвлөж байна. Мөн Монголын Ипотекийн корпораци, банкуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байна.

Төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглолоо

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа. Тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Түүнээс гадна багш нар давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ. Зөвхөн тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ гээд эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байна.

Багш нарын илүү цагийн хөлсийг шийдвэрлэлээ

Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Багш нарын нэмэлт хөлсийг 2019 оны Улсын төсөвт суулгасан боловч 2018 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолд тодорхой зохицуулалт, агуулга орхигдсоноос болж, ялангуяа цэцэрлэгийн багшийн илүү цагийн хөлс олгох боломж хууль, эрх зүйн хүрээнд хаагдаад байсныг залруулж, зассан байна.  Ингэснээр багш нар долоо хоногт дунджаар 40 орчим цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжтой болов.  2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг БСШУС-ын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцжээ.

Багш нарт ачаалал үүсгэдэг нэмэлт ажлуудыг хязгаарлах шийдвэр гаргана

Багш сурагчдын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд хийсэн судалгааны үр дүнд багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах зэрэг элдэв бичиг цаасны ажлаа жагсаахад 419 төрлийн ажлын жагсаалт гарчээ. Өөрөөр хэлбэл, багш нарын өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг ажлуудыг жагсааж эрэмбэлж үзэхэд үндсэн ажилд 37 хувийг  нэмэлт ажилд 63 хувийг зарцуулдаг гэсэн дүн гарч байна. Багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадахгүй, бие даалт, гэрийн даалгавар байдлаар олгож сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлтийг Үндэсний багт ажилласан багш нар гаргажээ. Тиймээс бага ангийн багшийн хичээл заах нормт цагийг 17 цаг болгох (2 цагийг хүүхдийн хөгжилд зарцуулах), мөн тусгай сургуулийн багшийн ачааллыг бага ангийн багшийн ачаалалтай адил болгох, Багшийг төлөвлөгөөт бус, элдэв ажилд хүчээр татан оролцуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байгаагаа сайд танилцуулсан.

Он дамжин хэрэгжиж, гүйцэтгэл нь удаашралтай байгаа сургуулийн барилгын ажлыг яаравчлууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэстэй хамтарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай 126 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцаж, гадна фасад, хөөсөн дулаалгын чанар, гүйцэтгэлд  хяналт тавьж, хугацаатай үүрэг, чиглэл өглөө. 126 дугаар сургуулийн барилгын ажил 2011 онд эхэлжээ. Энэ хугацаанд газрын маргаан, зураг, төсвийн өөрчлөлт, зарим жил төсөвт санхүүжилт суугаагүй зэрэг шалтгаанаар хойшилсоор өдий хүрчээ.

Cоёл, шинжлэх ухааны салбарт хамаарах гурван асуудлыг шийдвэрлэлээ

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсны дагуу  БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.  Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов

1996 оноос хойш 23 жилийн дараа Монголын багш нар чуулах гэж байна

Монголын багш нарын VII их хурал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох юм. Гэгээрлийн яамны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээнд дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцуулахаар төлөвлөжээ. Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, нийт багш нарынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал, зөвлөмжийг ажил хэрэгтээ тусгаж, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого шийдвэр, ажлуудаа танилцуулахаар БСШУСЯ бэлтгэж байна. Тиймээс багш нарын саналыг гурван хэлбэрээр хүлээн авч эхэлжээ.  Салбарын хувьд өндөр ач холбогдол өгч байгаа энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж