Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.

Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо 

Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.

Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болсон. Иргэдийн дийлэнх нь орон сууцаа өмчилж авах хүсэлтээ гаргасаар байна.

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.

Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд цэргүүдийн цалин, дотоодын худалдан авалт зэргийг тооцон  зардлаа төгрөгөөр гаргажээ. Шаардагдах техник хэрэгслийг түрээсэлж, эсвэл худалдаж авна. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тавих бөгөөд энэ нь дотоод, гадаадын компанийн өгч байсан саналаас  гурав дахин бага гэсэн үг юм.

Төмөр замтай болсноор Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хоёр дахь гарцтай болно гэж үзлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардлагатай санхүүжилт босгох зорилгоор нэг удаагийн, хүүгүй, урт хугацааны үнэт цаасыг 750 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд худалдахаар төлөвлөсөн байна.

Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани удахгүй тодруулж, 2021 оны эхний улиралд төмөр замыг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Гэхдээ цэгийн асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломж ч байна.

Дээрх чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар юм. Суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, эсвэл гадныхныг оролцуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлэхээр боллоо. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр Тавантолгойн уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна.


Товч мэдээ

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
  • Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
  • “Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.
  • Энэ онд 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсны дагуу  БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.
  • Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.
  • Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж