Улаанбаатарт үхсэн үхрийн 20 тонн махыг оруулж ирэхээр завдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ. Тухай махны гарал үүслийн бичигт тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, “Цансэнтианий” компани хүлээж авахаар бичигджээ. Хамгийн гол нь гарал үүслийн бичгийг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулсан талаар тэмдэглэж, тамга дарсан байгаа юм.
Уг зөрчилтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад нэлээд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар янз бүрийн хүмүүсийн гар дээрээс гарал үүслийн гэрчилгээгүйгээр хямд үнээр худалдан авсан байна. Түүнчлэн тухайн махыг Улаанбаатарын иргэн Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн байжээ. Мөн Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд буюу гарал үүслийн бичигт Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянаж баталгаажуулаагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон болох нь гэрч, холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Махыг шинжилгээнд хамруулж байгаа юм. Одоогоор зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх юм байна.
Онцлоход, үхсэн үхрийн 20 тонн махыг Улаанбаатарт оруулж ирэхийг завдсан иргэн М нь энэ оны хоёрдугаар сарын 26-нд мөн үхсэн малын мах бэлтгэн хадгалж байсныг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч, торгууль ногдуулж байжээ.
Холбоотой мэдээ