Тоглолтын өмнө: Аякс-Ювентус

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Аякс-Ювентус

Тоглолтын өмнө: Аякс-Ювентус

Энэ жилийн аваргуудын лигийн шөвгийн 16-д гайхалтай тоглолт үзүүлж дунд шөвөгт шалгарсан хоёр баг хоорондоо тарсан. Хоёр хоёулаа шөвгийн 16-д эхний тоглолтондоо хүнд байдалтай байсан ч хариу тоглолтондоо гайхалтай эргэн ирэлт хийж чадсан бөгөөд хоёулаа Испаний Мадрид хотын багуудыг гэрт нь буцаасан. Харин одоо хэн нь Мадрид руу явах шийдвэрлэх чухал мөчийн өмнө ирж байна. Итали болон Нидерландын хүчирхэг багууд өмнө нь хэд хэдэн удаа Европын дэвжээнд таарч тоглоход ерөнхийдөө Ювентус клуб илүүрхэж байсан. Аваргуудын лигийн шигшээд 2 удаа таарч тоглоход харилцан нэг нэг хожил байгуулж байжээ. XXI зуун гарсаар дөрвөн удаа таарч тоглоход Ювентус гурван хожсон бол нэг удаа тэнцэж байсан.

Эхний тоглолт өнөө шөнө Аякс клубын талбайд болно. Энэ улирал Аякс клубээс Д.Тадич, Х.Зийех, Ф.де Йонг, М.де Лигт нарын залуус үнэхээр гялалзаж байгааг онцлох ёстой. Ялангуяа 21 настай хагас хамгаалагч Ф.де Йонг үзүүлж буй тоглолтоороо хэдий нь том багуудын хараанд өртөөд байна. Дотоодын лигтээ ПСВ Эйндховен клубын хамтаар лигээ тэргүүлж буй Аякс клуб 5 жилийн дараа Нидерландын аварга болохын төлөө, ПСВ Эйндховен клубын норёхлыг зогсоохын төлөө өрсөлдөж байна. Аваргуудын лигийн 4 удаагийн аварга Аякс клуб энэ улирал яалт ч үгүй форм сайн байгаа бөгөөд дотооддоо 2 цом өргөх боломжтой. Тэдний Европын дэвжээн дээрх аялал ч тун боломжийн явагдаж байгааг хэсгийн тоглолт болон шөвгийн 16-д Реал Мадрид клубыг буулгаж авснаар харж болно.

Тэдний өрсөлдөгч Ювентус клуб К.Роналдо гэсэн шилдэг тоглогчийг авчирснаар дотооддоо төдийгүй Европын дэвжээнээ тун аюултай баг болоод байгаа. Хамгаалалтаараа шилдэгт тооцогдох Атлетико Мадрид багийн эсрэг тоглолтыг эргүүлэн хожил авч дунд шөвөгт шалгараад байна. Дотооддоо Женоад хожигдсоныг эс тооцвол урьдны адилаар өөрсдийн ноёрхлоо үргэлжлүүлсээр байгаа. Энэ жил аваргуудын лигт хамгийн өндөр магадлалтай багаар Ювентус клуб нэрлэгдэж байгаа бөгөөд К.Роналдо 3 өөр клубт аваргуудын лигийн цомыг өргөсөн К.Зийдорфоос хойш 2 дахь тоглолт болох хүсэл дүүрэн байгаа болов уу.

Хоёр багийн эхний тоглолт Аякс клубын талбайд болох бөгөөд талбай эзэд бэртэл, гэмтлийн асуудал харьцангуй гайгүй байна. Харин эсрэгээрээ Ювентус клубээс гол гол тоглогчдоос өнөө шөнийн тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Хамгаалагч М.Касерес, Э.Жан нар бэртэлтэй гэсэн мэдээлэл байгаа бол А.Барзальй, К.Роналдо, Д.Коста нар тоглолтонд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Магадгүй бэртэл гэмтлийн асуудалтай байгаа Ювентус клубын хувьд эхлээд тэнцээ аваад хариу тоглолтондоо талбай дэээрээ хожил авах зорилготой байж ч болох юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Ювентус клубын дасгалжуулагч М.Аллегри өнөө шөнийн тоглолтонд К.Роналдо бэлэн гэдгийг мэдэгджээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж