Х.Бум-Эрдэнэ: Капитал дахь валютын хадгаламжийг төгрөгөөр тооцож олгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Х.Бум-Эрдэнэ: Капитал дахь валютын хадгаламжийг төгрөгөөр тооцож олгоно

Х.Бум-Эрдэнэ: Капитал дахь валютын хадгаламжийг төгрөгөөр тооцож олгоно

Монголбанк “Капитал” банкийг албан ёсоор албадан татан буулгасан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийг эргүүлэн олгох бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнээс дараахь асуултад хариулт авлаа.


-Капиталд гадаад валютын хадгаламжтай байсан иргэн нөхөн төлбөрөө хэрхэн авах вэ. Төгрөгөөр олголоо гэхэд жишээ нь ам.долларын ханшийг яаж тооцоолох вэ?

-Нөхөн төлбөрийг төгрөгөөр олгоно. Хэрэв тухайн харилцагч гадаад валютын данстай бол банк татан буугдсан энэ оны 4 сарын 8-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож, төгрөгт шилжүүлнэ. Ингэхдээ Капитал банкинд байгаа нийт харилцах, хадгаламжийн дүн, гэрээний дагуу бий болсон хуримтлагдсан хүүгийн орлогын дүнг нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн өдрөөр нэгтгэнэ гэсэн үг.

-Нөхөн төлбөр олгох ажил буюу 20 хүртэлх сая төгрөгийн харилцах, хадгаламжийн мөнгийг хэдий хугацаанд ХААН банкинд шилжүүлэх вэ?

-Нөхөн төлбөр олгох банкийг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр ХААН банкийг сонгосон. ХААН банкны хувьд олон давуу талтай. Тухайлбал, нийслэл болон орон нутагт хамгийн олон салбар нэгжтэйгээс гадна банк, санхүүгийн салбарын гол тоглогчдын нэг. Үүнээс гадна харилцах данс эзэмшигчдийн тоогоороо ч бусдыгаа тэргүүлдэг.  Үүнээс гадна Монголбанкнаас тавьдаг төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан. Энэ мэт үзүүлэлтийг үндэслэн бид ХААН банкийг сонгосон.

-Капитал банкинд нийт хичнээн харилцагчийн хэдэн данс байна вэ?

-Капитал банк 256 мянган данстай, 221 мянган харилцагч байна гэсэн тоо гарсан. Харилцагч бүрийн нөхөн төлбөр авах тооцооллыг нэг бүрчлэн хийнэ. Зарим нь таван сая, зарим нь 20 сая төгрөг тулгаад ч авах байх. Энэхүү тооцооллыг хийхийн тулд банкны эрх хүлээн авагчаас хамгийн сүүлийн үеийн дансны мэдээллийг авна. Одоо банкны эрх хүлээн авагч Капитал банкинд ажиллаж байна. Бидэнд банкны тайлан баланс, өмч хөрөнгийг тоолж, хүлээн авах ажил үргэлжилж байгаа гэсэн мэдээ ирүүлсэн. Магадгүй энэ ажил бэлэн болчихвол манайх руу мэдээллээ шууд илгээнэ. Ирсэн мэдээлэлд бид үндэслэн боловсруулалт хийгдэж, жагсаалт гаргана. Иргэн, хуулийн этгээдээр нь нэг бүрчлэн хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авахаар байгааг нь жагсааж, ХААН банк руу мэдээллээ өгнө. Эдгээрийн дараа жагсаалтад үндэслэн 20 хүртэлх сая төгрөгийн харилцах, хадгаламжийг буцаан олгох ажил хийгдэнэ. Одоогоор эрх хүлээн авагчаас бидэнд нарийн мэдээлэл ирүүлээгүй, жагсаалт эцэслэн хийгдээгүй байна. Тийм учраас шууд төдий хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж хэлэхэд хараахан эртэднэ.

Танайхаас жагсаалтаа ХААН банк руу илгээсэн цагт л иргэд тус банкинд хандах ёстой гэсэн үг үү?

-Тийм ээ. Бидний зүгээс эрх хүлээн авагчаас ирүүлсэн мэдээлэлд түшиглэн аль болох жагсаалтыг шуурхай гаргаж, ХААН банкинд хүргүүлэхээр ажиллаж байна. Тооцооллын ажил мэдээж их ажил болж хийгдэнэ. Үүний дараа жагсаалтыг ХААН банк руу илгээснээр харилцагч өөрийн иргэний үнэмлэхтэйгээ очоод мэдээллээ баталгаажуулж, мөнгөө авах боломжтой. Хэрэв хүсвэл үргэлжлүүлэн ХААН банкинд эсвэл өөр банкинд данстай бол мөнгөө шилжүүлж, хадгалуулж ч болно. Бэлнээр ч авах сонголт бий. Эдгээр эрх иргэдэд бүрэн нээлттэй.

-Гадаадад байгаа иргэд харилцах данс, хадгаламжаа хэрхэн баталгаажуулах вэ?

-Гадаадад байгаа иргэд ч мөнгөө авах, хохиролгүй үлдэх эрх зүйн боломж бий. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид өөрийн цахим хуудас http://www.dicom.mn/ болон 37 00 00 утсаар хүргэж эхэлсэн. Гадаадад байгаа тухайн иргэн бичгээр итгэмжлэл гаргах боломжтой. Ингэснээр ойрын хамаатан юм уу, хэн нэгэн хүнд өөрийн нэрийн өмнөөс нөхөн төлбөр хүлээн авах эрх үүснэ. Эдгээр бичиг баримтаа бүрдүүлсэн нөхцөлд харилцах, хадгаламжийн нөхөн төлбөр ямар ч саадгүй олгогдоно.

-Капитал банкны хадгаламж болон данс эзэмшигчид мөнгөө хэдий хугацаанд буцаан авч болох вэ?

-Нөхөн төлбөр олгох хугацааг гурав хүртэлх жилээр тогтоосон. Энэ хугацаанд хэдийд ч ирэхэд таны харилцах данс, хадгаламжийн мөнгө олгогдоно гэсэн үг. Тэгэхээр иргэд богино хугацаанд хадгаламжаа авах гэж яарах шаардлагагүй. Бас “Миний мөнгө эрсдэлд орчихлоо” гэж тэвдэх хэрэггүй гэдгийг дуулгая.

-Нөхөн олговор авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Хэрэв иргэн бол иргэний үнэмлэхтэй байх шаардлагатай. Гадаадын иргэн, харьяалалгүй иргэн бол гадаад паспорт, эсвэл Монгол Улсад оршин суух үнэмлэхний аль нэг нь заавал байх шаардлагатай. Хуулийн этгээд буюу компани, аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм, эцсийн өмчлөгчийн мэдээлэл, гэрчилгээний эх хувийг авчрах хэрэгтэй. Хуулийн этгээдийг төлөөлөх иргэний хүчин төгөлдөр үнэмлэх бас шаардлагатай. Гадаад иргэн, харьяалалгүй хүн бол гадаад паспорт, эсвэл Монгол Улсад орших суух үнэмлэх байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж