Зарим сургууль нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлээ зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Зарим сургууль нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлээ зогсоожээ

Зарим сургууль нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлээ зогсоожээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орж буй зургаан настай хүүхдүүдээс бүртгэлийн хураамж, шалгалт авахгүйгээр элсүүлэх тушаал гаргасан. Энэ тушаал гарсантай холбоотойгоор зарим сургуулийн удирдлагуудын байр суурь болон БСШУЯ-ын Бага боловсролын агуулга, арга зүйн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Мягмараас мэдээлэл авлаа.


ИРЭХ НАМАР 75 МЯНГА ГАРУЙ ЗУРГААН НАСТАН СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛНЭ

Улсын хэмжээнд нийт 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Ирэх хичээлийн жилд ойролцоогоор 75 мянга гаруй зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно гэж салбар яамнаас тооцоолжээ. Энэ тоон дээр өнгөрсөн жилд нэгдүгээр ангид орж чадаагүй зургаан настай хүүхдүүд бас нэмэгдэх юм байна. Өнгөрсөн 2017-2018 хичээлийн жилд зургаан настай сурагчдын тоо 10 мянгаар нэмэгдсэн бол энэ хичээлийн жилд зургаан настай сурагчийн тоо 13 мянгаар нэмэгдэх урьдчилсан тоо гарсныг мэргэжилтнүүд хэллээ.

СУРГУУЛЬД 2013 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ТӨРСӨН ХҮҮХДҮҮДИЙГ ЭЛСҮҮЛНЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны А/200 тушаалд “Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд зургаан нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглосугай” гэж тусгажээ. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд зөвхөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ гэдгийг мэргэжилтэн онцоллоо.

Энэ талаар БСШУЯ-ын Бага боловсролын агуулга, арга зүйн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Мягмар тайлбарлахдаа “Зарим эцэг, эхчүүд “Манай хүүхэд 2014 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Бараг 12 цагийн зөрүү байна. Энэ жил хүүхдээ сургуульд элсүүлэх гэсэн юм” гэдэг.  Өнөөдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн бүлэг дүүргэлт их байгаа. Таны хүүхэд ядрана шүү. Сургуулийн ачааллаас гадна орчиндоо дасан зохицох гээд бага насны хүүхдүүд их ядардаг. Өнгөрсөн жилүүдэд таван насандаа нэгдүгээр ангид элссэн 4500 хүүхэд байсан. Энэ тохиолдлуудаас нэг хичээлийн жилд ойролцоогоор 2000 орчим хүүхэд сургуульд элсэж орсны дараа 60 орчим хувь нь эргээд сургуулиасаа гарсан байдаг. Тийм учраас хүүхдээ сургуульд элсэх насанд нь л оруулах хэрэгтэй” талаар ярилаа.

Ж.МЯГМАР: НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АВАХГҮЙГЭЭР  ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛНО

БСШУЯ-ын Бага боловсролын агуулга, арга зүйн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Мягмараас сайдын тушаалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Салбар яамны сайд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орж буй зургаан настай хүүхдүүдээс бүртгэлийн хураамж, шалгалт авахгүйгээр элсүүлэх тушаал гаргасан. Энэ тушаал гарсантай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиуд бүртгэлээ хэрхэн зохион байгуулах вэ?

-Зургаан настай хүүхдийн сурах эрх бизнес болж, боловсролын тэгш бус байдал үүсээд байна. Үндсэн хууль, боловсролын тухай хуульд зааснаар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломж олгох нэг хэлбэр нь сургуульд шалгалтгүй элсүүлэх юм. Бүх ерөнхий боловсролын сургуулиуд сурах хүсэлтэй хүүхдүүдийн өмнө үүд хаалгаа нээх ёстой. Зургаан настай хүүхдүүд өөрсдөдөө маш итгэлтэй байдаг. Гэтэл насанд нь итгэлийг нь мохоож, ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг хэрхэн хийх нь тухайн сургуулийн удирдлагын бүрэн эрх байдаг. Тийм учраас нэгдүгээр ангийн элсэгчдийн бүртгэлээ хэрхэн хийх талаар тухай сургууль өөрөө зохион байгуулах бүрэн боломжтой.

Ихэнх хувийн сургуулиуд бүртгэл, гэрээ хийж, төлбөрийн дарамт үүсгэхгүйн тулд хувааж төлбөрөө авах зэрэг боломжийг эцэг, эхчүүдэд олгох гэх мэт зөв жишгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Магадгүй хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэх эцэг, эхийн хүсэл байгаа ч түүний цаана зургаан настай хүүхдийг хөгжлийн онцлогоор ялгаварлан гадуурхахгүй байх Боловсролын хуулийн үндсэн зарчмыг аль ч сургууль зөрчих ёсгүй юм.

-Зарим хувийн сургуулиуд нэгдүгээр ангийн бүртгэлээ хийчихсэн, бүртгэлийн хураамж авсан тохиолдол байна. Эдгээр сургуулиуд бүртгэлийн хураамжаа нөхөн олгох уу?

-Нондин зарим хувийн сургуулиуд 33 мянган төгрөгөөр нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн бүртгэл хийж, 1000 гаруй хүүхдийг бүртгэсэн. Эдгээр хүүхдүүдээс зөвхөн 48-72 хүүхэд л элсүүлэн авсан байсан. Бусад хүүхдүүд шалгалтад нь тэнцээгүй. Энэ мэт зургаан настай хүүхдийг хөгжлийн онцлогоор ялгаварлах, олон эцэг, эхэд эдийн засгийн ачаалал нэмэгдэж байгаа, энэ өөрөө бизнес болох хандлагатай байгаа учраас шалгалтгүй элсүүлэх тушаал гарсан.

-Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй гэж тусгасан. Одоо цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт хамрагдаж буй хүүхдүүд зургаан нас хүрээгүй ч шууд нэгдүгээр ангид суралцдаг байсан. Эдгээр хүүхдүүд нэгдүгээр ангид суралцах уу?

-Салбар яамны зүгээс энэ тушаал гаргахаас өмнө судалгаа хийж, зохицуулах ямар боломж байна вэ гэдгийг сайтар судалсан. Ирэх хичээлийн жилийн хувьд Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газартай энэ асуудлаар ярилцсан. Энэ жил зургаан нас хүрээгүй хүүхдийг дахин цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт хамруулахаар ярилцсан байгаа.

“ШИНЭ МОНГОЛ”  СУРГУУЛЬ: НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН БҮРТГЭЛЭЭ ЗОГСООСОН 

-Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагч элсүүлэх шалгалтын бүртгэлээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/200 дугаар тушаалын дагуу зогсоосон. Манай сургууль нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлээ энэ сарын 8-ны өдөр хийж, 33 мянган төгрөгийн хураамж авсан байсан. Бид сайдын тушаалыг олж авмагцаа жил бүр зохион байгуулж ирсэн нэгдүгээр ангийн элсэлтийн шалгалтын бүртгэлээ зогсоож, элсэлтийн шалгалтын хураамжаа төлж бүртгүүлсэн эцэг, эхчүүдэд мөнгийг буцааж, бүртгэлийг хүчингүй болгосон. Одоо сургуулийнхаа нэгдүгээр ангийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулахаа мэдэхгүй байна” гэдийг тус сургуулийн ерөнхий захирал П.Наранбаяр хэлсэн юм.

“ХОББИ” СУРГУУЛЬ: МАНАЙ СУРГУУЛЬ БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ АВАХГҮЙГЭЭР БҮРТГЭЛЭЭ ХИЙГЭЭД ДУУССАН

-Манай сургууль 2019 он гараад л нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлээ хийгээд дуусчихсан. Бүртгэлээрээ нэгдүгээр ангийн таван бүлгийн 130 орчим хүүхдийг элсүүлж авсан. Манай сургууль эцэг, эхчүүдээс бүртгэлийн хураамж авдаггүй. Салбарын сайдын тушаалтай холбоотой асуудал гарвал Хувийн сургуулиудын холбоогоор дамжуулан саналаа хүргүүлэх болно” гэдгийг тус сургуулийн дотоод хяналтын мэргэжилтэн О.Одончимэг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж