УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн /2019.04.10/ хуралдаанаар Төмөр замын төрөөс баримтлах шинэ бодлогыг хэлэлцэв. Энэ үеэр Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барих асуудлыг 2020 онд барих зөвлөмжийг ҮАБЗ-өөс энэ оны хоёрдугаар сарын 27-нд гаргажээ. Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан нууц зөвлөмжийн тухай Байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат тайлбарлахдаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц зөвлөмж гарч Монголд хийгдэх бүтээн байгуулалтыг шийдвэрлэсэн” гэсэн нь анхаарал татаж байна.
Байнгын хорооны хуралдаан дээр багагүй шүүмжлэл дагуулсан уг нууц зөвлөмжийн араас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргасан талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж, бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчнийг дайчлахаар болсныг ч дуулгав. Цэргийн коммунизмын эхлэл ийнхүү тавигдаж байна.
Гуравдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ “Эрдэнэс-Тавантолгойн өнгөрсөн 2018 оны цэвэр ашиг болох 800 тэрбум төгрөгийн 85 хувийг нь төмөр зам барихад ашиглах ёстой” гэсэн тайлбар хийсэн нь ийм зорилго агуулж байсан нь өнөөдөр тодорхой болж байх шиг. Эндээс Монгол Улсын Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх үү эсвэл Х.Баттулга уу гэсэн асуулт ч тавигдаж буй. Учир нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гүйцэтгэх засаглалын ажил өрнөнө гэвэл аюулгүй байдлын дарга нь Х.Баттулга юм.
Товчхондоо, Монгол Улс аажим, аажмаар, сэм сэмхэнээр, нууц, нууцханаар Ерөнхийлөгчийн засаглал руу явсаар л. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ бол Монголын хууль болжээ. Учир нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагуудын бүх удирдлагыг Ерөнхийлөгч хүссэнээрээ сольж, хольж эхэлсэн.
Монгол Улс 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого баталж, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, 2019 онд У.Хүрэлсүхийн үед уг бодлогыг хоёронтаа өөрчилж байгаа нь энэ юм.
Бодлогын хүрээнд Шинэ төмөр зам төслийг эхлүүлж, Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлд шинээр төмөр зам барихаар болсноос хойш төмөр замын хэрүүл ер тасраагүй. Ямар сайндаа л хятад танкны тухай үлгэр хүртэл зохиогдох вэ!
Түмэн цэргээр төмөр зам тавих яриа анхных биш. З.Энхболдын бодож олсон аргаар төмөр зам барьж, цэрэгжсэн эдийн засагтай коммунист улс болох анхны шийдвэр ийнхүү У.Хүрэлсүхийн үед гарч байна. Утсан хүүхэлдэйнүүдэд улс орны эрх ашгаас илүү даргын үг хууль байдаг юм
Эдийн засгийн ач холбогдлоор нь авч үзвэл, Гашуунсухайтын төмөр зам Монголын экспортын гол зам. Нүүрсний гэж тодотгох нь бий. Уул уурхайн баялгаа гуравдагч зах зээлд хүргэж, нүүрсээ өрсөлдөх чадвартай болгохын тулд Гашуунсухайтын төмөр замыг эхэлж барих шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гаргасан бөгөөд харамсалтай нь, 280 сая ам.доллар овоолсон шороо болж, “эх орончдын” гарт үрэгдсэн мөнгөнд жилийн 55 тэрбум төгрөгийн хүү төлж буй.
Энэ мөнгө мэдээж, Ерөнхийлөгч Х.Баттулга, тэр үеийн Зам тээврийн сайд, одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй А.Гансүх, “Монголын төмөр зам”-ын дарга асан Б.Батзаяа, “Шинэ төмөр зам төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагч Ч.Ганбат нарын халааснаас гарахгүй. Энэ мөнгө татвар төлөгч та бидний халааснаас гарч байгаа.
Байнгын хорооны хуралдаан дээр Л.Элдэв-Очирын хэлсэн “Яасан далан барьж дуусдаггүй, идэж ууж ханадаггүй улсууд байдаг юм. Энийгээ болих хэрэгтэй. ҮАБЗ-ийн зөвлөмжид оролцож байгаа манай Ерөнхий сайд ч үүндээ анхаарах хэрэгтэй” гэсэн шүүмжлэл хатуухан ч гэсэн үнэн үг. Бас л нэг далантай үлдвэл нууц зөвлөмж өгсөн Ерөнхийлөгч хариуцлагыг нь хүлээх үү, зөвлөмжөөр шийдвэр гаргасан Ерөнхий сайд буруутан болох уу. Эдний аль нь ч биш бөгөөд эцсийн хохирогч нь эдийн засаг байх юм. ХХI дүгээр зуунд Монголыг хятад танкаар эзэлнэ гэдэг шоглоом, харин эдийн засгаар нь дамжаад хавханд оруулж болно. Энэ бол бидний болгоомжлох ёстой асуудал. Өөрөөр хэлбэл, төмөр замаа геополитик ч, эдийн засгийн баталгаа ч гэж харах ёстой юм.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг түрүүлж барих болсон шалтгааныг “Тавантолгойн коксжсон нүүрсийг зөвхөн урд хөрш рүү гэлтгүй, ОХУ руу гарах боломж нээгдэж байгаа” гэж гоёор тайлбарлаж буй ч энэ бол Ерөнхийлөгчийн төмөр замаар мөнгө угаах “Б” төлөвлөгөө гэж харагдаж байна, яг үнэнийг хэлэхэд. Энэ төмөр зам бас л баригдахгүй байх магадлалтай. Учир нь төмөр зам гэдэг авто зам тавихаас асар их ялгаатай, нарийн технологи, хөрөнгө мөнгө шаардсан ажил билээ.
Холбоотой мэдээ