Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан билээ. Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.
Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хамт боловсруулжээ. Хуулиудын төсөлд орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээлгэхээр тусгасан байна. Энэ нь газар доорх усны бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр заажээ. Мөн ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоож, тэргүүн ээлжид хүн амын унд, ахуйн хэрэглээг оруулж өгсөн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Ус бол чандмань эрдэнэ. Хуулийн төслийг дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд анхаарсан бодлого чиглэлийг нэлээд гаргасан. Эрүүгийн хуулийн ялын бодлогоор бүх асуудлыг хавтгайруулж шийднэ гэвэл энэ нь цаанаа сөрөг үр дагавар гарч мэднэ шүү. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд усны нөөцийг хомсдуулсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тусгажээ. Ингэхдээ 2-8 жил хүртэлх хорих ял оногдуулна гэсэн ялын бодлого чинь хэтэрхий чанга байна. Хүний эрхэд хэт халдсан заалт болно шүү. Усны хэрэглээтэй холбоотой эрэмбийг тогтоосон байна. Ингэхдээ "Хүнс" гэсэн үгийг орхигдуулж болохгүй шүү. Намайг газрын гадаргын усыг тогтоон барихын эсрэг байдаг мэтээр ойлгоод байгаа. Би бол томоохон гол мөрнөө менежмент талаас нь судалгаа хийгээч ээ гэж л хэлдэг хүн. Байгаль орчны тухай хуулиудад идэвхтэй ажилласны үр дүнд зарим асуудал нь шийдэгдсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД:
-Уг хуулийн төсөл нь газрын доорх болон гадаргын усны хэрэглээний менежментийг сайжруулъя гэсэн ийм л зорилготой хуулийн төсөл. Үерийн ус, шар ус, саарал усанд менежмент хийж шинэ технологи нэвтрүүлэн уул уурхай үйлдвэрлэлийн зориулалттайгаар ашиглах шаардлага бий болж байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм. Эрүүгийн хуультай холбоотой асуудлыг хаа хаанаа бодох ёстой. Эргэж харах боломж бий. Дэлхийн чиг хандлагаар газрын доорх усныхаа дөнгөж 20 орчим хувийг ашиглаж байхад манай улс 80 орчим хувийг ашиглаж байгаа нь өнөөдөр эмгэнэл болоод байна. Гэтэл Монгол Улсын нийт усны нөөцийн дөнгөж 1.9 хувь нь газрын доорх ус байгаа учраас хамгаалах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үгүй ядаж цэнгэг усаа хамгаалах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ:
-Усны асуудалд бид дорвитой арга хэмжээ авахгүй бол доройтолд орж байгаа. Өнөөдөр Туул голынхоо усыг яаж хэрэглэж байгаа билээ. Энэ талаар хэдэн тоон баримт хэлье. Улаанбаатар хотын ард иргэд хоногт 200 сая литр усыг дахин ашиглалгүйгээр Туул гол руу нийлүүлж байна. Гэтэл бусад улсад хоёр, гурван удаа хэрэглэдэг. Хэрэглэсэн усаа олигтой ч цэвэршүүлэхгүй 70 хувь орчмын бохирдолтойгоор Туул голд нийлүүлдэг. Туул голын загас, жараахай хүртэл бүгд охин сүвтэй болчихсон. Хээл хаядаггүй амьтан болох Алтанбулагийн тарваганууд хүртэл хээл хаяж байна. Малын гэдэс нь идэхийн аргагүй тас хар. Олон тариалангийн компаниуд Туул голоос ногоогоо усалж байгаа. Тэр бүхнийг худалдаж авч болохгүй шүү гэж бид хориглож чадаагүй. Хаа хаанаа хариуцлага ярих цаг нь болсон.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ:
-Маш чухал хуулийн төсөл учир анхаарах хэд хэдэн зүйл бий. Ялангуяа газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт усны хангамжийн асуудлыг анхаарах ёстой. Төлбөрийн асуудал нь тодорхойгүй байна. Газар тариалангаа усалгаатай болгож хөгжүүлснээр иргэдээ улаан буудайн гурилаар хангана. Төлбөрийн асуудалдаа анхаарах хэрэгтэй. Газар тариалангийн усалгааны төлбөр нь чөлөөлөгдөж байгаа. Үүгээрээ батлагдах байх харж байна. Бэлчээрийн усан хангамж, малын ундны усны асуудал зэрэг хөдөө орон нутагт худгийн хэрэгцээ маш их бий. Өнөөдөр дөрвөн мянга гаруй гүнийн худаг бэлчээрт шаардлагатай байгаа. Энэ бүхнээс төлбөр авч хэт чангалбал бэлчээрийн усан хангамж болон малын ундны усны асуудал хүнд байдалд орно шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР:
-Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр бид байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Гурван асуудалд хууль санаачлагчид анхаараасай гэж хүсч байна. Усны тухай хуулийг маш өргөн цар хүрээнд бусад хуулиудтай уялдуулж харахгүй бол 2012 онд хэрэгжих байсан Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хууль хэрэгжихгүй байснаас үүдэж 2016 онд хуулийн төслийг шинэ парламент хэлэлцсэн ч өнөөг хүртэл батлагдаагүй. Бөөн маргаан дагуулсан. Ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд асар их эсэргүүцэл үзүүлдэг. Энэ хуультайгаа уялдуулах талд анхаарах хэрэгтэй. Мөн олон талаас нь асуудлыг авч үзэхгүй бол уг хуулийн төсөлд Засгийн газар эсрэг санал өгчихсөн. Засгийн газар эсрэг санал өгчихсөн тул хуулийн төслүүдийг уялдуулах асуудлыг сайн бодохгүй бол цааш батлагдах эсэх нь тун эргэлзээтэй шүү. Ялын бодлогыг сайн бодолцож үзээрэй.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хуулийн үндэслэлүүд нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудтай зөрчилдсөн, давхацсан мөн бүрдэл дутуу гэж үзсэн учраас дэмжих боломжгүй гэж үзсэн. Л.Элдэв-Очир гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хууль мөрдөгдөхгүй байсаар өнөөг хүрсэн. Удахгүй эхний хэлэлцүүлгийг хийнэ. Өнөөдөр манай улсын усны бүх бодлого нь 3-4 яамдад хуваагдчихдаг. Яам бүр өөр өөрийнхөө байр суурийг хамгаалдаг. Тийм учаас Засгийн газар "Усны агентлаг" шинээр байгуулахаар ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн баригдана. Ингэснээр энэ салбар мэргэжлийн хүмүүстэй болж тэд салбарын асуудлаа авч явна.
Тус хуулийн төсөлд усны хомсдолоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгох заалтуудыг тусгаж, ус ашиглагч нь усны нөөцийг хомсдуулсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тусгажээ.
Холбоотой мэдээ