Засгийн газар өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас зарим шийдвэрийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Хуралдаанаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан байна. Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам барих шийдвэр гаргасан байна. Ингэхдээ 1800 орчим цэргийн албан хаагч, 451 техник шийдэгдсэний дараа буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:
-Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гаргалаа. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замыг дотоодын нөөц бололцоог ашиглан барих шийдвэр гаргалаа. Энэ жил “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг 800 гаруй тэрбум төгрөг бөгөөд 750 тэрбум төгрөгийг төмөр замын бондыг худалдаж авах чиглэлээр хөрөнгө оруулахаар боллоо. Энэ дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгож хөгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзлээ. Өмнө нь нэг км төмөр замыг 3,2 сая ам.доллараар барих санал “дорнын зам” компани ирүүлж байсан ч Засгийн газрын шийдвэр гарсны дараа саналаа татаж авсан. Монголчууд өөрсдөө төмөр зам барихад нэг км-ыг нь 1,2 сая ам.доллараар барих боломжтой. ЗХЖШ сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж, тооцоогоо гаргасан. Санхүүгийн асуудал шийдэгдсэний дараа тавдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Төмөр замаар 30 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой, авто замаар 30 сая гэж тооцвол Тавантолгойгоос нийтдээ 60 орчим сая тонн нүүрс зөөвөрлөх боломжтой болж байгаа юм.
Сануулахад, өмнө нь Засгийн газраас Гашуунсухайт-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарч байсан юм.
Холбоотой мэдээ