Гэр хорооллын нүхэн жорлон, угаадас газрын гүний усыг бохирлож, хорт хавдраар өвчлөх үндэс болж, урсгал чиглэлээсээ хамааран, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул голд нэвчиж орох өндөр магадлалтай гэж Америкийн эрдэмтэн ноён Марк Гольц анхааруулж байна. АНУ-ын Агаарын нисэх хүчний технологийн дээд сургуулийн хүндэт профессор Марк Гольц “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэдтэй уулзах үеэрээ эрдэмтний хувьд ингэж дүгнэж буйгаа илэрхийллээ. 1982 оноос эхлэн 36 жил хөрсний бохирдлыг судалж, хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай эрдэмтэн ШУТИС-д зочин профессороор ажиллахаар Монголд уригдан ирээд байгаа юм. АНУ-ын Засгийн газар хөрсний бохирдлыг судлах төслүүдийг 1970-аад оноос эхлэн санхүүжүүлж ирсэн бөгөөд хорт хавдрын үүсвэр болж буйг илрүүлэн тогтоожээ. Хөрсний бохирдлыг судлах талаар Америкийн Агаарын нисэх хүчний дээд сургууль олон улсад тэргүүлэгчдийн нэг юм.
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй хөтөлбөр гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцээр ханган, Нийслэлд зургаан шинэ дэд төв үүсгэн байгуулна. Зургаан шинэ дэд төв байгуулах байршлын нэг болсон Дэнжийн мянга дахь гүний худгаас ундны усанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их нитрат илэрчээ. Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратаар бохирдсоны эх үүсвэр нь нүхэн жорлонгууд. Газрын хөрсөнд ялгадсаа шууд хаяхаа зогсоож, нүхэн жорлонгоо өөрчлөх нь хорт хавдар үүсгэх бохирдлоос хамгаалах үндсэн ганц арга зам гэж Америкийн эрдэмтэн үзэж байна. Гэр хорооллын хөрсөнд ялгадсаас гадна угаадсаа шууд асгаж байгаа нь шинэ төрлийн органик бохирдол нэмж үүсгэх аюултайг тэрбээр онцлон сануулаад, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" зөв цагтаа зөв гарц олж ажиллаж байна гэж хэллээ. Төслийн зохицуулагч Д.Авирмэд “Агаар, хөрс, ус, хүрээлэн буй орчны бохирдол хотын иргэний хэн байх, аль хэсэгт хаана амьдардгаас үл хамааран бие, эрхтэнд нөлөөлөх болж, энэ нөхцөл байдлыг Монгол улс гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан. Гамшгаас гарах, уг шалтгааныг нь өөрчлөх урт хугацааны найдвартай арга бол шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэддээ илүү үр өгөөжтэй бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг өрнүүлэхэд оршино. Нүдэнд харагдахгүй, амьсгалд мэдрэгдэхгүй ч хүний эрүүл мэндэд агаарын бохирдлоос илүү хортой хөрс, усны бохирдлыг судлан, Нийслэлээ модон жорлонгоос чөлөөлөх их үйлсийг хамтран хийнэ гэдэгт найдаж байна. Энэ ажил үйлс үр дүнд хүрэхэд Таны судалгаа, туршлага ихээхэн тус нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэллээ.
Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл зургаан байршлыг инженер, нийгмийн дэд бүтцээр хангаж, Улаанбаатарт зургаан шинэ дэд төв үүсгэн байгуулна. Төслийн эхний шат Сэлбэ орчмын 156 га, Баянхошууны 162 га, нийтдээ 318 га газар нутгийг хамарч байна. Хоёр дахь шат нь Дэнжийн мянга, Дамбадаржаад цэвэр бохир, дулааны шугам сүлжээ, зам, үерийн далан, дэд станцууд болон цэцэрлэг, нэг цэгийн үйлчилгээ, бизнес инкубатор төв зэргийг барьж байгуулах юм.
Холбоотой мэдээ