Posted by News.mn on Tuesday, April 9, 2019
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр /2019.04.10/ 2019 оны эхний улирлын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө. Цагдаагийн газраас 2019 оны нэгдүгээр улиралд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ олон удаа авч хийсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад зөвхөн халаасны хулгай 25, гэмт хэрэг 49 хувиар буурсан байна. Халаасны хулгай зэрэг нь эмнэлгийн орчинд гарах нь нэмэгдэж байгаа учраас томоохон эмнэлгүүдэд камер байршуулах, иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж “НЦГ-ын мөрдөн шалгах газар нь хүнд гэмт хэрэг, хулгай, халаасны хулгайн гэмт хэрэг зэрэг гурван хэлтэст үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16.4 хувиар буурч илрүүлэлт тодорхой хувиар өссөн сайн дүн мэдээ гарсан байна.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь , дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь, хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурчээ. Үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийгээд үзэхэд хөдөө орон нутгаас нийслэл хотод ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо нэлээдгүй өсөх хандлагатай байна. Эдгээр хүмүүс хотод ирээд оршин суух тодорхой хаяггүй нийтийн байраар байр түрээслэх хэлбэрээр амьдардаг. Шөнө оройн цагаар гарч дээрмийн болон бусад гэмт хэргийг хийж байгаа байдлууд тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлд нийтийн байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг 649 байгууллагад шалгалт хийхэд зөвшөөрөлтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа 195, ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 454 аж ахуй нэгж байгууллагууд байна. Мөн нийтийн байрны шалгалтын ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг олж тогтоосон. Дээрэмдэх гэмт хэрэг нэгдүгээр сар болон дөрөвдүгээр улиралд голчлон ихсэх төлөвтэй байдаг. Бид хэрэг илрүүлээд зогссонгүй дээрэмдэх гэмт хэрэг үйлдээд гадуур батлан даалтад шалгагдаж байгаа 17-35 насны 43 иргэнд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг авсан. Дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа нийслэлийн Баянгол дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шөнө оройн цагаар эргүүл шалгалтын ажлыг хамтран зохион байгууллаа. Ингэснээр хоёр бүлэг зургаан этгээдийг барьж шалгасан. Эдгээр хүмүүс бага насны хүүхэд болон шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг дээрэмддэг болох нь тогтоогдсон” гэв.
НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Э.Бат-Эрдэнэ “Эхний улиралд нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгай ихсэх хандлагатай байсан учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага Улаанбаатар смарт компани нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтарч зургадугаар сарын 1-ний дотор бүх нийтийн тээврийг бүрэн камержуулах асуудлыг шийдвэрлүүлсэн. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй 53 этгээдийг цуглуулж хууль сурталчлан гэмт санаа бодлоос нь татгалзуулах чиглэлээр үйл ажиллагаануудыг явуулсан. Арга хэмжээний хүрээнд зохион байгуулалтай гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчлан шалгасан. Хууль бусаар гар утас эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр ченжүүдээс нийт 70 гаруй гар утсыг хууль бусаар олж авсан эх сурвалжууд нь тодорхойгүй гар утсыг олж хохирогч тогтоох ажиллагаа явагдаж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг дулаарахаар нэмэгддэг. Одоо гудамж талбайд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа учраас иргэд өөрсдийнхөө эд зүйлд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж хэлмээр байна” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өчигдөр хууль зүйн байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүн өөрийг нь эрүүгийн цагдаагийн ажилчид тойргийн гишүүдтэйгээ уулзаж байхад нь тагнаж чагнасан гэсэн асуудал яригдсан. Үүнийг шалгасан уу?
-2019 оны гуравдугаар сарын 24-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн сонгогдсон тойрог болох Эрдэнэт хотод иргэд сонгогчидтой уулзах уулзалтыг аймгийн хүүхдийн ордонд 15.00 цагийн үед зохион байгуулсан. Үүнд цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу олон нийт цугласан газар эргүүл гаргаж ажилласан. Эргүүлийн чиглэлд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч эргүүлд гарч байхдаа өөрийн жудогийн секцэд хамт бэлтгэл хийдэг байсан танил дүүтэйгээ тааралдсан. Тааралдаад энгийн яриа өрнүүлээд салсан байдаг. Гэтэл жудогийн секцэд хамт бэлтгэл хийж байсан дүү нь УИХ-ын О.Баасанхүүгийн орон тооны бус зөвлөх болж таарсан. Тус зөвлөх нь гишүүнд “Таньдаг ахтайгаа сая тааралдсан гэж ярьтал О.Баасанхүү гишүүн ЦЕГ-ын даргад танай цагдаагийн ажилчид намайг хэзээ явах буцахыг тагнаж чагнаад байгаа юм биш үү гэдэг аман байдлаар гомдол гаргасан. Үүний дагуу дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс энэ асуудлыг шалгасан. Шалгалтаар эрүүгийн чиглэлд ажиллаж байсан алба хаагч танил дүүтэйгээ таараад энгийн яриа өрнүүлсэн асуудал болсон гэдэг нь тогтоогдсон. Энэ талаар ЦЕГ-аас О.Баасанхүүд албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг тагнаж чагнасан асуудал байхгүй.
-Сүхбаатар дүүргийн ахлах прокурор А.Цэрэнсодномтой холбоотой хэрэг танайд шалгагдаж байгаа юу?
-Мөрдөн шалгах хэлтэс дээр дөнгөж шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.
–Монгол Улсын хилээр химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр, зориулалтын бус саванд савлан нэвтрүүлж байгаа хэргийг гуравдугаар сарын 26-ны өдөр гарсан.Энэ хэргийн шалгалт ямар шатанд явна вэ?
– Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас уг хэргийг илрүүлэн шалгаж байгаа. Химийн хортой бодисыг ямар нэгэн зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсэн болзошгүй мөн зохих зөвшөөрөл аваагүй аюулгүй байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж нийслэлд оруулж ирсэн асуудлыг шалгаж байна. Шалгалтын явцад иргэн Б гэгч нь 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошигтой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна. Уг хорт бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, гаалийн байгууллагатай хамтран ямар төрлийн бодис байсныг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна. Ер нь химийн хортой бодисыг тээвэрлэх тусгай журам байдаг. Үүнд зориулалтын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх байтал зүгээр хувиараа ачаа тээш зөөдөг портер машин дээр ачаад оруулаад ирсэн. Манай ачаа тээш эрхэлж байгаа жолооч нар ямар ачааг тээвэрлэж байгаа вэ гэдгээ мэдэх ёстой. Тухайн жолооч нь шалгалтын явцад юу тээвэрлэж байгаагаа ч мэдэхгүй байсан. Хэрэв зам тээврийн осол аваар гараад химийн бодис задарсан тохиолдолд ямар хохирол учрахыг урьдчилан тооцоолох боломжгүй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ