Энэ оны эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албыг цэвэрлэхэд надтай санал нэгдэхгүй хүн байвал гараа өргө. Би албан тушаалаа авъя” гэж мэдэгдсэн удаатай. Гэвч төрийн албанд ах дүү амраг садан, найз нөхөд тойрсон томилгоо зогссонгүй үргэлжилсээр…
Жишээ татвал, Засгийн газар сарын өмнө “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоон, 49 хувийг эзэмшигч талынхны хаалга үүдийг лацадсаны цаад шалтгаан нь “шахаа”-ны хүмүүсээ дэд захирлуудаар томилоход чиглэжээ гэдэг нь өнгөрсөн долоо хоногоос ил боллоо. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлаар Д.Үүрийнтуяа томилогдсон нь ерөнхий захирал нь зөвлөхөө албан тушаал дэвшүүлсэн “хэрэг” болов. Мөн тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат томилогдсон нь УИХ-ын гишүүний цүнх барьж гүйснийхээ шанг хүртсэн, үсрэнгүй томилгоо болсон байна. Удахгүй Засгийн газар Элчин сайд нарын асуудлыг УИХ-д оруулах чимээ дуулдаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүү Н.Анхбаяраа Австри улсад Элчин сайдаар томилуулах тохироог хийсэн тухай “бор шувуу” нисэж эхэллээ.
МАН эрх барих бүрийд Н.Анхбаяр албан тушаалын бялуу хүртэж ирсэн байдаг. С.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд тэрбээр Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулаар томилогдсон юм. Уг албанаасаа 2014 онд татагдан ирсэн ч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялсны дараагаас Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын дарга болсон байдаг.
Аавын нөмөр нөөлгөөр төрийн аль өөдтэй өнгөтэй албанд томилогддог нэгэн байхад ахын хишгийг хүртдэг нэгэн ч байна. Үүний тод жишээ нь Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын төрсөн эгчийнх нь хүүхэд н.Баяр-Очир Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар 2017 онд томилогдсон явдал.
Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, шинэ танхим бүрдэн Н.Энхболд Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараагаар Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын дарга өөрчлөгджээ. Батлан хамгаалахын яаманд Зэвсэгт хүчний жанжин штаб харьяалагддаг. Иймээс сайд Н.Энхболд эрх мэдэл албан тушаалаараа өөрийнхөө удирдлагад захирагддаг Зэвсэгт хүчний жанжин штабын даргад нөлөөлж, хамаарал бүхий этгээдээ дээрх албанд томилуулсан юм биш байгаа гэх хардлага ч төрүүлж байна.
Төрийн алба дамнасан гэр бүлийн сүлжээ энэ хэдхэн жишээгээр дуусчихгүй, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын дарга бол хамаатан В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал гээд хөвөрнө. Үүнээс гадна төрийн өмчит компаниудад "Дууяа" нар олширсон. Компанийн захирлууд гадаад руу явахад л дагалдаж явна. Хийдэг ажил багатай ч авдаг цалин өндөр. Ийм тавиулууд агентлагуудад ч бий болжээ.
Ардчилсан нам Засгийн эрх барих үед хүргэнээсээ эхлээд хүүхдээ төрийн чухал албанд тавьсан асуудал шүүмжлэл дагуулж, зарим нэг нь ажлаасаа чөлөөлөгдсөн ч хууль зөрчсөн, хулгай хийсэн гэх хэргүүдтэй нэр холбогдож хуулийн байгууллагуудад шалгагдаж байв.
Төрийн албыг ах дүү хамаатан садан, найз нөхдийн хүрээллээр бүрдүүлэхийн сул тал нь ажил явдаггүй, авлига хээл хахууль цэцэглэж, худалдан авах ажиллагаан дээр "шахаа" гаарч, хууль зөрчигддөг.
Хуулийнхан шалгаад ирэхээр “Шударга бусын хонгил руу чирч орууллаа” гэж хашгирдаг. Эцэс сүүлд нь зарим нэг нь хуулийн цоорхой ашиглаад ял завших нь ч бий. Ядаж байхад УИХ-аас Эрүүгийн хуулийг батлахдаа хэрэг хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон бууруулсан нь албан тушаалтнуудын үйлдсэн хэргийг хүлээлгэхэд хуулийн байгууллагууд хүчин мөхөстөж байна.
Иймээс Засгийн газар төрийн албанд хийгдэж буй “шахаа”-г зогсоож, төрөл, танилынх нь албанаас салгах ажлыг хийхгүй бол эцэст нь татвар төлөгчдийн мөнгө л үргүйдэж, эцсийн төлөөсийг нь ард түмэн үүрдэг жишиг засагдахгүй үргэлжлэх нь ээ. Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, хамаарал бүхий этгээдүүдээ албан тушаалд томилдог, томилуулдаг явдлыг таслан зогсоогооч ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ