Дэлхийн популизмын давалгаа Монголыг ч нөмөрсөн

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн популизмын давалгаа Монголыг ч нөмөрсөн

Дэлхийн популизмын давалгаа Монголыг ч нөмөрсөн

Жилийн өмнө популизмын давалгаа дэлхий даяар эрчимжих хандлага ажиглагдаж буйг олон улсын ажиглагчид онцолж байв. Бразил, Итали, Мексикийн сонгуульд популистууд ялсан талаар өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр “The World Politics Review” мэдээлсэн юм.

Филиппиний Родриго Дутерте тэргүүтэй популист удирдагчид маш их нэр хүндтэй хэвээр, дэлхийн улс орнуудад популизм хүрээгээ тэлсээр байгааг ажиглагчид онцолжээ. Тухайлбал, Европын улс орнуудын 60 хувь нь популист удирдагчийг сонгоод буй талаар Bloomberg мэдээлэв. Их Британийн сэтгүүлч Гидеон Ричман 2019 онд популизм "хамгийн харанхуй цаг" үедээ ирнэ гэсэн таамаглал дэвшүүлснээ "Financial Times"-т мэдээлсэн байна. Энэ жил “Дэлхийн эдийн засгийн форум 2019”-ийн үеэр Италийн Ерөнхий сайд асан Маттео Ренци “Өнөөдөр ямар ч тэнэг улстөрч худлаа ярьж, гайхалтай уран популизм хийх боломжтой. Харин амласнаа биелүүлнэ гэдэг нь том сорилт болсон. Өөрөөр хэлбэл, аварга болох амархан, харин аваргаа хамгаалах хэцүү. Популизм бол ердөө айдас. Шулуухан хэлэхэд популист улстөрчдийг сонгож толгой дээрээ залсан ард түмэн шинэ үеэс болон ирээдүйгээсээ айдаг хулчгарууд. Популистууд айдас дээр дөрөөлөн залуусын нүдийг сохолдог. Иймээс залуус аа, та нар ирээдүйгээсээ бүү айгаач, диктаторуудыг хэзээ ч бүү дэмжин, хүлээн зөвшөөрөөч хэмээн нэлээн бухимдангуй өгүүлжээ. Тэрбээр дэлхийн залуус ингэж чадахгүй байгаа учраас Трамп, Брексит, Итали, Австри гээд популизмын давалгаа яваад буйг учирласан нь энэ.

Популизм бол ердөө айдас. Шулуухан хэлэхэд популист улстөрчдийг сонгож толгой дээрээ залсан ард түмэн шинэ үеэс болон ирээдүйгээсээ айдаг хулчгарууд. Популистууд айдас дээр дөрөөлөн залуусын нүдийг сохолдог.

Судлаачид дэлхийн улс төрд сүүлийн жилүүдэд "популизмын эрин үе" эхэлснийг ч онцолж буй юм. Украины Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн туршлагагүй, хошин шогийн жүжигчин Владимир Зеленьский тэргүүлсэн бол Словакт байгаль орчны хөдөлгөөний идэвхтэн Зузана Чапутова ялалт байгуулаад байгаа билээ.

-МОНГОЛД ПОПУЛИСТУУД ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ МАШ ХУРДАН ТҮГЭЭДЭГ-

Монголын Улс төрийн сонгуулийн систем нь өөрөө популизмын үржил шимтэй хөрс болохыг ажиглагчид онцолж байна. Олонхийн санал авсан нь эрх мэдэл, эд хөрөнгөд хүрдэг учир сүүлийн жилүүдэд популистуудын тоо эрс нэмэгджээ. Манай улс төрд зөвхөн популизм хийж амьдардаг бүлэг бий болсон гэдэг.

Зарим улстөрч улс орны эрх ашгийн эсрэг, урт хугацааны эдийн засгийн зорилго, үр дүнг золиослох замаар, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхийг нь мэдсээр байж ард түмэндээ таалагдахын тулд богино хугацааны “ашиг” харан, зориудаар популист үйлдэл хийж, өрсөлдөгчөөсөө давуу талтай болдог хэмээн популизмыг дүгнэсэн нь бий.

Монголын популистууд нийгмийн сүлжээг ашиглан худал мэдээллийг маш богино хугацаанд түгээж чадаж байгаа юм. Улаанбаатар хотноо энэ сарын эхний долоо хоногт болсон "Peacebook forum 2019" дээр улс төр судлаач Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, сошиал медиа залуучуудыг идэвхжүүлж, хүмүүсийг улс төр сонирхоход уриалж буй ч сөрөг тал нь хуурамч мэдээ гаарч байна. Манайд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуурамч мэдээ маш их гарсан. Популистууд сошиал орчинд хараа хяналт багатайг далимдуулан худал мэдээллийг хурдан түгээж байна. Ерөөс сонгуульд нэр дэвшигчдэд бодлого ярих боломж олгохгүй байна. Сонгогчид элдэв бичлэг, хуурамч мэдээ үзсээр таарч байгаа хэрэг. Энэ байдалд зохицуулалт хийхгүйгээр дараагийн сонгуулийг явуулна гэдэг харалган хэрэг болно гэсэн юм.

Үнэндээ өдөр ирэх тусам алдарч буй олны итгэл дээр дөрөөлсөн популист түшээдийн тоо өсөн нэмэгдэж буй юм. Энд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан нараас эхлээд олон популистыг нэрлэж болно. Улс төрийн сонгууль ойртох тусам популистуудын дуу чангарч, тоо өснө. Улс нь ядуу, эдийн засаг нь эмзэг, иргэд нь орлого багатай, ажилгүй, ажлын байр бий болгох төслүүд нь хөрөнгө оруулагчгүй нөхцөлд популизм хүч түрдэг.

-ПОПУЛИЗМЫН УРШГААР-

Венесуэл, Украин, Зимбабве бүгд байгалийн баялаг түшсэн эдийн засагтай ч өнөөдөр популизмын хөлд үрэгдэж, улсаараа дампуурч байна. Латин Америкийн хүчирхэг эдийн засагтай орон Венесуэл 2013 онд улсынхаа Ерөнхийлөгчөөр автобусны жолооч, хожим үйлдвэрчний эвлэлийн дарга болсон Николас Мадурог сонгосон билээ. Мадуро төрийн эрхийг барьж эхлээд бүх бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, төрөөс үнийг хүчээр барьж, үнийн босго тогтоосон юм. Импортоор орж ирэх хямд бараа бүтээгдэхүүнийг хааж, Засгийн газраас татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс үйлдвэрлэгчдэд тэтгэмж өгч, алдагдлыг нь хаажээ. Үнийн тогтвортой байдлыг барих нэрийн дор хөдөө аж ахуйн томоохон компаниудыг төрийн мэдэлд авч, газрын тос олборлох эрхийг төрийн өмчит ганцхан компанид олгосноор 2004-2014 оны хооронд энэ компаниас 11 тэрбум ам.доллар ор сураггүй алга болсныг Үндэсний аудитын газар нь мэдээлсэн байна. Мадуро Венесуэлийг хамгийн том алдагдал хүлээсэн халамжийн бодлоготой улс болгосон. Тус улсад газрын тосны салбарт ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулагчдыг шууд хөөн гаргажээ.

Түүний популист бодлогын үр дүнд Венесуэл улс гадаадаас нэг ч бараа бүтээгдэхүүн импортолдоггүй. Дотоодын үйлдвэрүүд нь алдагдлаа дийлэхгүй олноороо хаагдаж, иргэд нь гурил, сүү, саван зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсээ авч чадахгүй хэдэн сарын нүүр үзэх тохиолдол гарсаар байна.

Мөнгөн тэмдэгтийнх нь ханш ам.долларын эсрэг 12 дахин унаж, инфляци нь жилд 400-500 хувьд хүрчээ. Аргаа барсан венесуэлчүүд гудамжиндаа тэмцэж эхэлсэн ч популист Ерөнхийлөгч Мадурог эргүүлэн татах бүх боломжийг хаасны улмаас ард түмнийхээ эсрэг цэргийн хүчээр тэмцэж буй. Арваадхан жилийн өмнө Латин Америкийн хамгийн баян улс гэгдэж явсан Венесуэл өөрсдөө бүхнийг хийнэ, талх тарианы үнийг Засгийн газар нь хяналтандаа байлгана, тэгш амьдралд хүргэнэ гэсэн төрийн тэргүүнийхээ амлалтын үр дагавраар өнөөдөр эрчим хүчээ ч хангаж чадахгүйд хүрч, долоо хоногийн хоёр өдөр л гэрэл цахилгааны бараа хардаг улс болж хувирав.

Популистуудын ялалтын үр дүн гэж нэрлэж болохоор сонгууль дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Грект болсон парламентын сонгуулиар уламжлалт хоёр том нам ялагдаж, гурав дахь хэмээх тодотголтой, зүүн үзэл баримтлалтай “Сириза” нам ялсан. Тэд сонгуульд орохдоо “Улсын төсвийг танахгүй. Европын холбоонд төлөх ёстой өр төлбөрийнхөө ихэнхийг төлөхгүй. Олон улсын зээлдэгчдийн тавьсан шаардлагыг хүлээж авахгүй” гэж мэдэгдсэн. Угаас орлогогүй ядуурч байсан ард түмнийхээ цөсийг ийнхүү хөөргөсний хүчинд тэд олонхийн саналыг авч чадсан юм. 300 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж сайхан амлаж байсан ч дөнгөж сонгуульд ялсны дараа буюу 2015 оны зургадугаар сард ОУВС-д төлөх ёстой байсан 1.7 тэрбум ам.долларыг эргэн төлж чадаагүй. Үүний улмаас дэлхийн санхүүгийн ямар ч байгууллагаас тусламж авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Тэдний хоосон популист амлалтын үр дүнд Грекийн валютын урсгал, импорт бүрэн зогссон. Ялангуяа эмийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортоор авдаг тус улсад гадаад шилжүүлэг хийхийг хориглосноос болж эмийн хангамж зогсч, байдлыг улам хүндрүүлжээ. Улмаар хөрөнгө оруулагчид дайжиж, олон улсын байгууллагууд итгэхээ болив.

Улсын төсвийг танахгүй, олон улсын байгууллагуудтай хамтрахгүй, хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэсэн популист амлалтын үр дүнд нэн ядуучуудын тоо хоёр дахин өсч, энэ улс бүхэлдээ хямарсан гашуун түүх бий. Ажилгүйдэл, ядуурал, уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн грекчүүд өдөр алгасалгүй гудамжинд гарч жагсан, эрх баригчид ард иргэдийн мөргөлдөөн эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж, энэ орны хөгжил хэдэн арван жилээр хойшилсон нь популистуудын хор уршиг байв.

Популист амлалттай улстөрчдийг төрийн эрхэнд гаргасны үр дүн энэ. Цаашид ч эрчимжих хандлагатай байгааг олон улсын судлаачид онцолж, анхааруулсаар байна.

Эх сурвалж: The World Politics Review, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж