Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн барилгачид гүйцэтгэх засаглалын тэргүүнд хандаж уриалга гаргажээ.
Уриалгад,
“Гүйцэтгэх засаглалын тэргүүн Танд урин хаврын мэндийг дэвшүүлье. Засгийн газраас Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой үүрэгтэй, хүн амын аж амьдралыг сайжруулахад чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байгааг талархан хүлээж авч байгаагаа үүгээр илэрхийлье. Өмнөө тавьсан зорилт, бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа хөдөлгөх таатай улирал ирлээ. Багачуудынхаа сурч боловсрох эрхийг эн тэргүүнд тавьж сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амаа орон сууцаар хангах зэрэг бүтээн байгуулалтын ажлын тэргүүн эгнээнд барилгын салбарынхан туг болон манлайлан оролцсоор ирсэн билээ.
Нийслэл Улаанбаатар хотоос 1000-аас дээш км-ээр алслагдсан баруун таван аймгийн барилгын салбарынхныг тээврийн зардал, үнийн өсөлт туйлдуулж, өсөж дэвжих, ажлын байр нэмэгдүүлэх, техник технологио шинэчлэн сайжруулах боломжийг боомилсоор өнөөдөртэй золгож байна. Үнийн өсөлт буюу бүс нутгаасаа хамаарсан өндөр өртөг зардал ганц барилгын салбарын хөгжлийг чөдөрлөөд зогсохгүй баруун таван аймагт, тэр дундаа эх орныхоо хязгаар нутагтаа эзэн болон суугаа хүн бүрийн нуруун дээр хүнд болж дарамт үүсгэдэг. Улаанбаатараас тээвэр хийхэд чамгүй хугацаа алддаг нь ч бидэнд учирдаг том хохирлын нэг юм.
Барилгын хамгийн гол бүтээгдэхүүн болох цементийн үнэ баруун таван аймагт нийслэл Улаанбаатарынхаас хамгийн багадаа хоёр дахин өндөр байна. Засгийн газраас бүсчилсэн хөгжил болон үйлдвэржилтийн бодлогын хүрээнд баруун таван аймгийн хэрэгцээг хангах зорилгоор цементийн үйлдвэр барьж байгуулах шийдвэр гаргаад цөөн биш оныг үдэв. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэрийн бодит шаардлага нь бидний өдөр тутамд илүү төлдөг өндөр өртгөөр хэмжигдэж байдгийг Танд дуулгая.
Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор баруун бүс нутгийн цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэрээ шуурхайлаад барьчихвал 250-350 тогтмол ажлын байр шинээр бий болж, орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах, жил бүр татварт багагүй хөрөнгө мөнгө төвлөрүүлж, нийслэлээс татдаг тээврийн зардлаас 43 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Үүнээс гадна баруун таван аймаг сумдаа бетонон замаар холбох хөгжлийн шинэ боломжууд ч цэлийтэл нээгдэх учиртай. Шинэ үйлдвэрүүд хаалгаа нээгээд, жигд ажиллаад эхэлбэл бүс нутгийн ядуурлын төвшин ч тодорхой хэмжээгээр буурна.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын “21:100” хөтөлбөрт баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор жилд 220 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих шийдвэр нэгэнт гарчихсан. Одоо үйлдвэрээ шуурхай барьж эхлэхийг хүлээж байна.
Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танд хандаж бүтээн байгуулалтын ажлуудыг шуурхай явуулах, орон сууцны өртгийг бууруулах, бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавих энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, шийдэмгий алхам хийхийг баруун таван аймгийн барилгачид, бүтээн байгуулагчдын нэрийн өмнөөс уриалж байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын алслагдсан бүс нутагт амьдран суугаа иргэддээ хөгжих боломж олгосон, үйлдвэржилтийг бодитоор дэмжсэн, ажлын байр нэмэгдүүлсэн шийдвэр болгоныг талархан хүлээн авч хүч хавсран хамтран ажиллахдаа таатай байх болно” гэжээ.
Холбоотой мэдээ