Тавдугаар сургуулийн хүүхдүүд айдастай хичээллэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Тавдугаар сургуулийн хүүхдүүд айдастай хичээллэж байна

Тавдугаар сургуулийн хүүхдүүд айдастай хичээллэж байна

1957 онд барьсан, нийслэлийн  Ататуркийн нэрэмжит  тавдугаар сургуулийн хичээлийн  байр “хөгширч”, газар хөдлөлтөд тэсвэргүй тул үйл ажиллагаа явуулах, ялангуяа хүүхдүүд хичээллүүлэх хориотой гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  /НМХГ/ гаргажээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-ээс тус сургуулийг актлах шийдвэрийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тавдугаар сургуульд 3500 хүүхэд суралцаж байгаа бөгөөд сурагч,  багш нар ойролцоох сургуулийн хаяа бараадан “тэнэж” явах уу зэрэг олон асуулт хариулт нэхэж буй.

Тус сургууль дээр өчигдөр /2019.04.09/ 15.00 цагийн үед очиход хэвийн хичээллэж байсан юм. Сургуулийг гаднаас нь харахад шинэхэн сургууль мэт харагдавч сургуулийн дотор болон ард хэсэгт цууралт үүссэн гэдгийг албаныхан хэлж байлаа. Одоогоос хоёр жилийн  өмнө Турк улсын хөрөнгө оруулалтаар сургуулийн гаднах  өнгөлгөөний фасатын засварын ажлыг хийснээр 62 жилийн настай сургууль  гэхээргүй болтол  өөг нь далдалжээ.

Бид сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн   болон албаны хүмүүстэй уулзах гэсэн боловч хуралд явсан  учир  хоосон хаалга мөргөж орхив. Харин сургуулийн багш ажилчдын хэлж байгаагаар “Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Энэ үед сурагчид ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөнө. Ядаж  энэ хичээлийн жилийг дуусгачих юмсан”  гэж байлаа. НМХГ-аас сургуулийг  аль болох  хурдан хугацаанд актлахыг шаардаж байгаа боловч Нийслэлийн боловсролын газраас“Өнөөдрийн нөхцөлд тус  сургуулийг  хаагаад хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх боломж алга” хэмээх хариуг өгсөн учир тус сургууль хэвийн хичээллэж байна.

НМХГ-аас 2006 оноос эхлэн  нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа төрийн өмчит сургууль цэцэрлэгүүдийн ашиглалтын төлөв байдлыг шалгажээ. Ингэхэд ихэвчлэн 1956-1957 онд баригдсан сургууль, цэцэрлэгүүд шалгалтад бүдэрсэн байна.Тус газраас 2010 онд нэгдсэн шалгалт хийхэд тавдугаар сургуулийн барилга үндсэндээ газар хөдлөлтөд тэсвэргүй цаашдаа болзошгүй газар хөдлөлтөд нурах аюултай гэсэн  дүгнэлт гарчээ.

Ерөнхийдөө тавдугаар сургууль нь модон хучилттай, тоосгон ханатай учир  газар хөдлөлтийн  нормыг даахгүй гэж үзэж байгаа  бөгөөд хана дээрээс ус алдан материалын хийц муудсанаас ашиглалтын  шаардлага хангахгүй гэж үзжээ.

БАРИЛГЫГ НУРААЛАА ГЭХЭД ФАСАТЫГ  НЬ  ХАДГАЛЖ БАЙГААД ДАРААГИЙН БАРИЛГЫН ГАДНА ТАЛЫН ӨНГӨЛГӨӨНД  АШИГЛАЖ БОЛНО

 

Энэ талаар НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндонгоос тодруулахад “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрчим нэг баллаар нэмэгдсэн үүнийгээ дагаад газар хөдлөлтийн давтамж нь ойртоод тоо нь олширч байна. Ийм нөхцөл байдалд болзошгүй газар хөдлөлт болох магадлал тун өндөр. Тиймээс ниргэсэн  хойно нь хашгирах биш ниргэхээс нь өмнө сэргийлж ажиллах ёстой.  Манай байгууллагаас тавдугаар сургуулийн үйл ажиллагааг зогсоох хоёр удаагийн дүгнэлтийг 2006, 2010 онд  гаргаж байсан. Бид 2010 онд  29 сургуулийн барилгыг шалгасан. Одоо бол ихэнх сургууль  нь буюу 70 гаруй хувийг  улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар шинэчлэн, барьсан байна. Өнгөрсөн хугацаанд  тавдугаар сургуулийн барилга дээр ямар ч ажил хийгдээгүй. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд Туркийн хөрөнгө оруулалтаар сургуулийн  гадна  өнгөлгөөний фасатын засварын ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, тавдугаар сургуулийн барилгыг нураалаа гэхэд фасатыг  нь  хадгалж байгаад дараагийн барилгын гадна талын өнгөлгөөнд ашиглаж болох юм" гэлээ.

 

Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй сургууль дан ганц  тавдугаар сургуулиар дууссангүй. Тус сургуулиас гадна нийслэлийн арав гаруй сургууль бий.  Ямартай ч тавдугаар сургууль энэ хичээлийн жилийг дуустал үйл ажиллагаагаа явуулах бөгөөд энэ ондоо багтаад шинэ сургуулийн  зураг төслийг баталчих юм бол шинэчлэх хөрөнгийг ирэх 2020 оноос төсөвт суулгахаар ярьж байгаа аж. Гэсэн ч сурагчдын аюулгүй тайван, эрүүл орчинд сурч боловсрох эрх нь ноцтой зөрчигдөж байгааг эндээс харж болохоор байгаа юм.  БСШУСЯ-ны шинэ сайд энэ  асуудлыг  анхааралдаа авч шинэ сургууль,  барих асуудлыг хэлэлцэх цаг  болжээ. Эс бөгөөс 3500 гаруй хүүхдийн ирээдүй тун бүрхэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ХарамсалтайХарамсалтай
25
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж